Цаг хүндэрч, зуд айсуй…
Өнгөрсөн зун нийт нутгаар хур бороо элбэгтэй, газрын гарц сайн байсан. Үүнийгээ дагаад мал сүрэг өсч үржин, 50 саяд /өнгөрсөн жил 37 сая орчим мал тоологдсон/ хүрэх боломж бий болсон. Гэхдээ монголчууд хур ихтэй жилийн өвөл цас их орж, хүйтэрдэг хэмээн ярилцдаг нь ортой болж таарлаа. Цаг хүндэрч, зуд болох шинж ажиглагдаж эхлэв.
Улсын онцгой байдлын комиссоос хамгийн сүүлд мэдээлснээр энэ өвөл манай улсад 2009-2010 онд тохиосон их зудын байдал давтагдаж болзошгүй байгаа аж. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд нь цастай, өвөлжилт хүндэрчээ.
Тухайлбал, Увс аймгийн Малчин, Хяргас, Наранбулаг, Баруунтуруун, Өндөрхангай, Сагил, Хөвсгөл аймгийн Ханх, Цагаан-Үүр, Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бүрд, Уянга, Нарийнтээл, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Зүйл, Баян-Өндөр, Завхан аймгийн Сонгино, Тэлмэн, Яруу, Цэцэн-Уул, Цагаанхайрхан, Баянхонгорын Шаргалжуут, Архангайн Хотонт, Хашаат, Булганы Гурванбулаг, Сэлэнгийн Бугант, Алтанбулаг, Хэнтийн Гурванбаян, Дундговийн Адаацаг сумын нутагт цасны зузаан 20-60 см, хунгарлаж шуурсан газраа 60-130 см-т хүрч, эдгээр 10 аймгийн 32 суманд мал бэлчээрлэх боломжгүй болсон байна.
Дээр нь ихэнх нутгаар цас ойр ойрхон нэмэгдэн орж, нийт нутгаар хүйтэн байгаа нь цаашид наанадаж 15 аймгийн 70 суманд хүндрэл үүсгэхээр нөхцөл байдлыг бий болгожээ.
Мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг агаарын урьдчилсан төлвөөс харахад одоогийн цас ихтэй байгаа аймаг, сумдын нутгаар энэ 12 дугаар сар, ирэх нэгдүгээр сард олон жилийн дунджаас ахиу цас орж, агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байж, өөрөөр хэлбэл, 2009-2010 оны зудтай байсан үеийн нөхцөл байдал давтагдаж болзошгүй байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл, өвлийн эхэн сар дөнгөж дуусч, идэр есийн хүйтэн ч эхлээгүй байхад нийт нутгийн ихэнх нь зудын байдалд оржээ. Цаашлаад өвөл дуусч, хаврын адгийг үзтэл чилийсэн 5-6 сарын хугацаа байна. Айсуй зудын сургаар Засгийн газар малчдыг зарим малаа нядлан мөнгө болгохыг зөвлөж, нөөцийн мах бэлтгэх ажлыг компаниудад даалган аймаг, сумдаар өрнүүллээ.
Малчид цөөнгүй малаа мөнгө болгож, үлдсэнийг нь аваад аль таатай гэсэн нутаг руугаа отор нүүдэл хийж, ойр зуурын бэлтгэлээ базаасан ч түрүүчээсээ зудтай тэмцэж эхэллээ. Одоогоор улсын хэмжээнд хамгийн их цастай байгаа аймаг нь Өвөрхангай юм. Тиймээс тус аймгийн мал бүхий 907 өрхийг Булган, Баянхонгор зэрэг аймгийн нутагт нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах зардал 42 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргуулахаар болоод байна.
Түүнчлэн нэгэнт зудын нөхцөл байдал улс орон даяар үүсч эхэлсэн тул аймаг, нийслэлийн Засаг дарга, онцгой комиссоос хүн хүч, туулах чадвар сайтай тээврийн хэрэгслийн тусламж хүссэн үед эхний ээлжинд гарч ажиллах бүлэг, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж ажиллах, улсын хилийн бүсэд отроор өвөлжилж, хаваржиж байгаа малчдын эрүүл мэнд, мал сүргийн аюулгүй байдалд дэмжлэг үзүүлж ажиллахыг Батлан хамгаалах яам болон Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагад Засгийн газраас үүрэг болгоод байна.
Нөгөөтэйгүүр үргэлжлэн орсон цасанд улсын болон орон нутгийн шинж чанартай зам даваа хаагдсаны улмаар иргэд, малчид холбоо тасарч, түлээ түлшгүй болох, малын бэлчээр цасанд дарагдаж хүндрэл үүссэн үед дэмжлэг туслалцааг хугацаа алдахгүй шуурхай шийдвэрлэж байхыг холбогдох хүмүүст даалгажээ. Хамгийн гол нь зуд боллоо гэхэд мал гэж давхицгаагаад хүнээ мартаж болохгүй, малчдад тохиож болох бүхий л эрсдлийг тооцож ажиллахаа бүх түвшний удирдлагууд анхаараасай билээ.
2009-2010 оны зуднаар ямар хохирол амссан бэ?
Судалгаанаас харахад Монголд зуд ихэвчлэн 8-12 жилд тохиолддог ажээ. Ингэхдээ мал сүргийн тоог хязгаарлаагүй тохиолдолд ихэнх газар нийт мал сүргийн 20-30 хувь, зарим газарт 75 хувь хүртэлхийг хамарч устгаж, цаг агаарын хүндрэл бэрхшээлтэй давхцан мал, амьтны халдварт, гоц халдварт өвчин гарах, малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэл үүсч, энэ хэрээрээ зөвхөн өрхийн төдийгүй орон нутаг, улс үндэстний эдийн засагт мэдэгдэхүйцээр сөргөөр нөлөөлж иржээ.
Өөрөөр хэлбэл, зуд нь богино хугацаанд хүмүүсийн амьдралд маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлж, малчдын гэр бүлийнхэнд хүний амь хохирооxoос өгсүүлээд, аж амьдралын маш их хохирлыг зудын явцад болон зудын дараа ч үзүүлдэг манай нүүдлийн мал аж ахуйд хамгийн их эрсдэл бий болгодог хүчин зүйл болчихоод байгаа юм.
2009-2010 оны өвөл Монголын ихэнх нутгаар удаан хугацаанд хүйтэрч, их хэмжээний цас орон, зарим газруудад малчид зуднаас зугтан нүүдэллэж хөршүүдийхээ бэлчээрийг талхлан даацыг нь хэтрүүлж “Туурайн зуд” үүсгэcэн байна. Энэ утгаараа 2009-2010 оны өвлийн зуд нь монголчуудын хувьд 1999-2002 оны хооронд тохиолдсон зуднаас хойш хамгийн хатуу ширүүн нь байжээ.
Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар 2009-2010 оны зуданд 8.5 сая толгой мал буюу тус улсын нийт малын 20 хувь нь хорогдож 769.000 хүн буюу нийт хүн амын 28 хувийн амьдралд нөлөөгөө үзүүлжээ.
Улаан Загалмайн байгууллагын гаргасан мэдээллээс үзэхэд 220.000 малчин өрх зуданд нэрвэгдсэнээс 44.000 нь бүх малаа, 164.000 нь малынхаа тал хувийг алджээ.
Дашрамд дурдахад монголчууд сүүлийн 60 жилийн хугацааны цаг уурын өөрчлөлтийг тодорхойлж гаргасан бөгөөд цаашид цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор зуд болон бусад ноцтой үйл явцын хамрах хүрээ, давтамж улам нэмэгдэж болзошгүй гэсэн таамаг байдаг юм байна.
Ш.Батболд
Эх сурвалж: “Монцамэ”
URL: