Хотын дарга хорин тэрбумыг халааслаад сонгуульд мордлоо
Саяхан маш том томилгоо чимээгүйхэн хийгдлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт Нийслэлийн МАН-ын дарга гэсэн хүнд ачаа (ялыг) давхар үүрүүлэв. Г.Мөнхбаяр одоо “бүхнийг фронтод” гэгчээр бүхнийг намын ялалтын үйл хэргийн төлөө зориулна. Орон нутгийн сонгуульд 20 жил ялагдаж үзээгүй түүхийг хадгалж чадах юм бол мань эр Монгол Улсын Ерөнхий сайдын дараагийн албан тушаалд очиж ямбыг нь эдэлнэ.
Хэрвээ ялагдах юм бол “ял”-ыг нь үүрнэ. Нийслэлд МАН эртнээс бодлогоо хэрэгжүүлж, сонгуульд орох хүч хөрөнгийг нь хангалттай базаажээ. Бас нийслэлийн сонгуулийн бэл бэнчингээр хойтон явагдах сонгуулийн мөнгө угаалт, мөнгө босголтын дүнг тооцож болно. МАН-ын дарга Сү.Батболдын тойрог буюу Сүхбаатар дүүрэгт гол анхаарлаа хандууллаа. Энэ нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөр юм.
40, 100 мянган айлын орон сууц, Шинэ Улаанбаатар, Сайншанд-Владивостокийн чиглэлээр далайд гарах төмөр зам, Монгол Улсын хөндлөн чиглэлд тавих хурдны зам зэрэг аварга бүтээн байгуулалтын төслийн санаачлагч нь уг нь Ардчилсан нам байсан юм. Ам ихт ангайхад буян ихт булаана гэдэг үг байдаг даа. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг МАН ийнхүү булаагаад авчихлаа. Уг нь энэ аварга, төсөл хөтөлбөрүүдийн удирдагчаар Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга ажиглаж, хөрөнгө нь ч гэсэн түүний хяналт дор зарцуулагдах ёстой. Иргэд орон сууцтай болж л байвал аль нам санаачилсан, хэн хэрэгжүүлэх нь ямар хамаатай. Гэвч үүнд тэвчиж болшгүй нэг зүйл байдаг. 40 мянган айлын орон сууц хөтөлбөр үнэндээ нийслэлийн удирдлагуудаас болж дампуурсан юм. Юмны үнэ хямд үед барилга бариад орхиё гэхэд нийслэлийнхэн газар өгөөгүй яаран хувьчилж Ардчилсан намынхныг хорлосон. Гэтэл зөвхөн Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны орон сууц барих талбайг иргэдийн хашаанаас чөлөөлөхийн тулд нийслэлийн төсвөөс хорин тэрбум төгрөг тавьжээ. Нийслэлийн бүх аж ахуйн нэгж нийлээд жилд 60-70 тэрбум төгрөг цуглуулдаг гэж бодвол бүх хөрөнгийнхөө гуравны нэгээр газраа худалдан авах юм гэнэ дээ. Энэ их мөнгө бол зөвхөн сонгуулийн шоунд зарцуулагдана. Мөнгөний сураг дуулсан хашааны эзэд сургаар нь үнээ нэмж хэдэн амбаар жорлонгоо 100 саяас дээш өгнө гэнэ. Ингээд л дуусна. Хэрвээ мөнгө угаахыг урьтал болголгүй 100 мянган айлын орон сууц барих газраа чөлөөлж авъя гэвэл Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулинд ч юм уу, жорлонгийн тухай хуулинд ч юм уу ганцхан заалт оруулж шийдэж болно. Нийслэлийн төвд гадаа жорлонг хориглоно. Яндангаас утаа гаргахыг хориглоно. Яг адилхан хэмжээний газрыг хотын захын дүүрэгт олгоно” гээд л болоо. Ер нь XXI зуунд нийслэлийнхээ төвд Сүхбаатарын талбайд шахуу хашаа, амбаар хатгачихаад гадаа бие засаад бусдыгаа хордуулаад сууна, үгүй бол мөнгө өг гэх хүний үгэнд орох арчаагүй төр гэж хаашаа харсан юм байдаг юм бэ. Гэвч яах аргагүй хорин тэрбумыг төлөвлөөд хотын мэр намын ажил хийж эхэллээ. Нийслэлийн МАН-ын сонгуулийн энэ санхүүжилтийг нийслэлийн ИТХ-ын туршлагатай залуу төлөөлөгч, МАН-ын залуучуудын “Догсом” бүлгийн зүтгэлтэн “по Ганбаа” гэдэг сэргэлэн залуу барихаар болж байна. Нийслэлд МАН ялахын тулд нэг дүүрэгт 20 тэрбумаас цааш хөрөнгө шаардагдах нь байна. Тэгэхээр ийм бэлтэй, ийм албан тушаалтай нам, өрсөлдөгчид хэд билээ дээ. Дээр нь аж ахуйн нэгж дэмжигчдийн хандив. Нийслэлийн сонгууль болон УИХ-ын сонгуулийн уламжлалт хандивлагч, нийслэлийн зам барилга, засварын дарга Данжингийн Бат-Эрдэнийн өглөг гээд толгой эргэм мөнгөөр Г.Мөнхбаяр дарга нийслэлд намаа ялуулах хэрэг болжээ. Харин сонгуулийн сурталчилгааны 1000 менежер ажилдаа томилогдоод сонгуулийг тэсч ядан хүлээж байна. Эд бол улс төрийн албан тушаалтны хамгийн анхан шатны алба буюу хэсгийн ахлагч нэртэй 1000 орчим хүн сарын 100 гаруй мянган төгрөгийн цалинтайгаар томилогдчихоод сонгуулиа хүлээн тэсч ядан сууна. Уг нь Монгол Улсын Үндсэн хууль ёсоор хууль бус төрийн байгууллага байгуулж цалинжуулж болохгүй л дээ. Гэхдээ ямар хууль хэрэгждэг биш. Бүүр товчлоод дүгнэх юм бол Нийслэлийн МАН-ын дарга, нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр “Төсвийн 20 тэрбум төгрөгөөр, төрийн цалинтай 1000 менежертэйгээр сонгуулийн ажлаа эхэллээ” гэж хэлж болно. Уг нь үүнийг нийслэлийн иргэд итгэл хүлээлгэж гаргасан нийслэлийн хурал дахь Ардчилсан намын цөөнх “мануухайнууд” хянаж байх ёстой юм. Ядахдаа 20 тэрбумын зарцуулалтын нарийн бичгийн дарга дээр ч болсон өөрсдийн хүнээ ганц нэг хэвлэл, иргэний хөдөлгөөнийхөнтэй хяналт тавьж болдоггүй л юм байх даа. Энэ 20,30,40 тэрбумаар нь сонгуульд үрэгдэх их мөнгө бидний төсөвт тушаасан мөнгө юмсан.
Г.Дашрэнцэн
URL: