Алдартнуудын нэрээр шоудсаар байх уу
Сонссон хүн бүрийн чих дэлдийж, нүд нь сортойхоор гойд шинэ уран бүтээл хийхгүй хэрнээ бүгдийг зоосны нүхээр харж, нүцгэн бие, нялуун хөдөлгөөнөөс өөр зүйл үзүүлэхээ больсон хэдэн “од”-оосоо залхсандаа ч тэр үү. Эсвэл байгаагаасаа илүүг үзэж харахсан гэж цаг ямагт хүсэмжилж байдаг монгол хүний аархуу зангийнх ч юм уу. Монголчууд барууны, тэр дундаа дэлхийн хэмжээний гэгддэг оддыг дэргэдээс нь харж, дуу хоолойг нь сонсох хүсэлд автах болжээ.
Шоу бизнесмэнүүд ч энэ хүслийг нь овжин ашиглаж, бараг л Монгол руу хөвөрсөн оддын цуваа үүсгэх дөхөв. Миний санаж байгаагаар энэхүү цуваа солонгос “одонцорууд”-аас эхлэлтэй. “Анхны хайр” олон ангит киноны гол дүрийн баатар Чань Ву Монголд ирж бужигнуулснаас хойш Солонгосын нэлээд хэдэн жүжигчин манай оронд зочилсон.
Тэдний тоглолтоор олигтой мөнгө олж чадахгүйгээ мэдэрсэн шоу бизнесмэнүүд хойд хөршөөс жинхэнэ оддыг урьж авч ирэн, халаасаа түнтийлгэмэгцээ ёстой л “маханд дурласан чоно” мэт авирлах болсон гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Гэвч баруунд төдийгүй дэлхийд алдартай оддыг монголчууд олж уулзаад, тэр ч байтугай эх орондоо урьж авч ирэн, шоу тоглолт хийгээд байх нь санасны зоргоор бүтэх ажил биш.
“Pussycat dolls” хамтлагийн гоцлол дуучин Николь Шерзингер, Солонгосын “Виг Ванг” хамтлаг, хамгийн сүүлд Францын дуучин Ализе Жакоте, Америкийн алдарт Питбулл нар Монголд ирнэ хэмээн шуугисан. Гэвч товлосон хугацаа ойртмогц зохион байгуулагчид ямар нэгэн шалтгаанаар тоглолтын цагаа хойшлуулж, бүр тасалбарыг нь буцаан, энэ бүхэн зөвхөн сенсааци л байсан гэдгийг нотолсон юм.
Энэ бүхэн хэнд, ямар ашигтайг бүү мэд. Үзэж сонирхох зүйлээр ангаж цангасан хэдэн монголчуудынхаа сэтгэл зүйгээр байсхийгээд л тоглож, дэлхийн хэмжээний оддыг баруун, солгойгүй цувруулдаг “алтан загас” мэт загнах шоу бизнесмэнүүдийн үгэнд итгэх хүн ч яваандаа цөөрч байгаа бололтой. Шинэ жил, арванхоёрдугаар сарын 21 гэсэн хоёр зүйл хүн бүрийн санааг зовоож байгаа энэ үед зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” киноны нээлтэд Холливудын “загалмайлсан эцэг” гэгддэг, алдарт кино найруулагч Стивен Спилберг ирнэ гэсэн яриа гарч, хэрэгт дуртай нэгнийх нь өдрийн хоолны хачир болон яригдаж байна.
Өнөөх “Юрийн галавын цэцэрлэг”, “Цэрэг Райныг аварсан нь” зэрэг киног найруулсан, Оскарын шагналт кино найруулагч шүү дээ. Хэдийгээр Б.Шүүдэрцэцэг мундаг, нөхөр нь сайн пи-арч, мөнгө төгрөгтэй байлаа ч тэр алдарт найруулагч “Ану хатан” киноны нээлтэд оролцохын төлөө Монголыг зорин ирнэ гэж үү гэсэн эргэлзээ олон хүнд төржээ. Түүнчлэн гэнэн нэг нь үүнд бүрэн итгэчихээд, “Ану хатан”-ы нээлтийг тэсэн ядан хүлээж байгаа юм байх. Ердөө л Стивен Спилбергтэй уулзах гэж шүү дээ.
Өвөрмонголчууд Чингис хааны тухай кино хийхээр зориглож, Стивен Спилбергт хамтран ажиллах санал тавьж, зөвшөөрсөн хариу авсан талаар өнгөрсөн хавар хэвлэл, мэдээллийн зарим хэрэгсэл мэдээлж байсан. Магадгүй, хэн нэгэн будилуу нөхөр нь түүнийг “Ану хатан” киноны нээлттэй холбон, “бантан хутгасан” байж мэдэх л юм.
Сүүлийн үед зөвхөн дэлхийн хэмжээний одод ч гэлтгүй, Монголын урлагийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа бий болгосон алдартнуудын нэрээр шоудах үзэгдэл ч ихэсчээ. Энд тэнд зохион байгуулагддаг төрөл бүрийн хандивын тоглолт, шоу үзүүлбэрүүдэд сор болсон дуучид, хамтлагуудын нэр зоолттой байдаг ч тэдгээр уран бүтээлчид уг тоглолтод оролцох болсноо өөрсдөө ч мэдээгүй явж байдаг нь нууц биш.
Харин зохион байгуулагчид “Тэр дуучин “Урьдчилан мэдэгдээгүй байж, цаг нь тулсны дараа “Би ажилтай болчихлоо” гээд ирээгүй” хэмээн гүтгэдэг. Алс холын Америк, Англи, Францад байгаа одод ч яах вэ, тэднийг Азийн жижигхэн Монголд хэрхэн гүтгэж, нэр хүндийг нь унагааж байгаа талаар төсөөлөө ч үгүй яваа. Гэтэл гурав алхаад уулзах элэг нэгт уран бүтээлчдийнхээ алдраар шоудаж, тэднийхээ нэр хүндийг унагах нь хэнд ашигтай байдаг юм бол доо.
Хэзээ нэгэн цагт нэгэн аавын азтай хүү нь жинхэнэ одыг Монголдоо урьж авч ирээд тоглуулах гэтэл хэн ч очиж үзэхгүй, булай болох вий дээ.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: