Д.Урианхай: Би Монголын төрд болзол тавьсан юм

Яруу найрагч, “Болор цом”- ын эзэн, “Дэлхийн урлаг соёлын академи”-ийн байнгын гишүүн, Утга зохиолын доктор, Монголын    философичдын холбоо”-ны тэргүүлэгч гишүүн Дамдинсүрэнгийн Урианхайн “Инээд шиг хуучин хүний амьдралд… “Дэлхийн нэг шүлгийн ном”-ын баяр боллоо.

 

Энэ үеэр эрдэм шинжилгээний бага хурал болж Д.Урианхайн жүжгүүд дэх сэтгэлгээний онцлог” сэдвээр ШУ-ны доктор, МУ-ын гавъяат багш Д.Галбаатар, “Хүн төвт утга зохиол ба Д.Урианхай” сэдвээр Хэл бичгийн доктор, МЗЭ- ийн шагналт П.Батхуяг, “Нэг шүлгийн ном-Нэг шүлгийн үнэ цэнэ” сэдвээр МЗЭ-ийн шагналт, зохиолч, яруу найрагч, нийтлэлч Ц.Буянзаяа нар илтгэл тавилаа.

 
Францын “Изере” хотод байрладаг “G Saint-Laurent- du-Pont” урлангаас эртний гар урлалын аргаар 50 ширхэг хэвлэж зөвхөн Европын хаад вангийн номын санд өгдөг. “Times New Roman” corps цувралын 22 дугаарт Д.Урианхайн “Инээд шиг хуучин хүний амьдралд…” хэмээх шүлэг хэвлэгдсэн нь Булган аймаг, Монгол улс, тэр дундаа Азид анхдагч нь болж байна.

 

Уясан агт болгон нь айраг түрүү авдаг нутаг байхад авьяас билэгтэй анхдагчид, алдартнууд төрдөг нугаг бас байх юм. Анхдагчдын өлгий нутгаас ахин нэг анхдагч төрлөө. Хүн төрөлхтний оюун санааны охь болсон бүтээлүүдийг нэг дотор цуглуулна гэдэг гайхамшиг. Энгийн бөгөөд агуу их гүн бишрэнгүй энэ хүн нялх багын дуугаа хадааж төрсөн нутаг, уул усандаа ирж нутгийн зон олондоо номын цагаан үүх түүх хүүрнэн суух энэ агшиныг хүндэтгэн хэвлүүлсэн юм.

 
Д.Урианхай 30 гаруй бүтээл туурвисан. “Халуун усны сүүдэр” тууж, “Учрахуй хагацахуй” роман, “Нялх голын түүх” шүлгийн түүвэр, “Цээжний нөмөр” яруу найргийн түүвэр гэх зэрэг олон бүтээлүүдийг нэрлэж болох юм.

 

Номын баяр тэмдэглэж байна. “Дэлхийн нэг шүлгийн ном” гэдгийг Францын дөрөв таван эрдэм номтой, яруу найрагч сонирхдог хүн дэлхийн яруу найргаас зөвхөн өөрсдийнхөө үзэмжээр өөрсдөдөө таалагдсан тэр шүлгийг сонгож түүнийгээ тавьхан ширхэг хэвлээд зөвхөн европын хаад вангуудад бэлэглэдэг. Энэ номоо гар аргаар хийдэг аж.

 
Яруу найрагч Д.Урианхайд аймгийн дээд шагнал болох Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит шангалыг аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат гардуулаа. Тэрээр дэлхийд 50 ширхэг хэвлэгддэг номноос аймгийнхаа Музейд бэлэглэлээ.

 

Ийнхүү Булган нутгийн хүү яруу найрагч Д.Урианхайн шүлэг Европын хаад ноёдын өргөөнд Монгол эмээлийн мөнгөн дөрөө жингэнүүлэн буулаа. Баатар Вангийн шагнал гардуулахад найрагчийн царай үүр хаяаарах шиг гэрэлтээд ирнэ лээ. Энэ нь оюун ухааныг нь үнэлсэн үнэлэмж юм даа.

Сайн байна уу та. Өнөөдрийн номын баярын талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Нүүр учраад амар мэндийг нь мэддэг Монгол ёс бий. Нутгийнхныхаа амрыг ирье. Бид номын баяр тэмдэглэж байна. Урианхай хэмээх сэгсгэр, нэлмийсэн нөхрийг баярлуулах магтуулах гэсэн уулзалт биш юм.  “Зоригтой алхамын шүлэг” гэдгийг Францын дөрөв таван эрдэм номтой хүн нийлж дэлхийн яруу найргаас зөвхөн өөрсдийнхөө үзэмжээр өөрсдөдөө таалагдсан шүлгийг авч 50 ширхэг хэвлээд зөвхөн европын хаад вангийн номын сангуудад бэлэглэдэг юм байна.

 

Энэ номонд миний шүлэг хэвлэгдсэн учраас миний нэр энэ номтой холбогдоод байгаа юм. Бугат сумын нутгийн зөвлөлийн тэргүүн Н.Пүрэвсүрэнгийн даалгавараар, миний их Ван Хатан баатар С.Магсаржав буюу МУГЖ Л.Эрдэнэбулганы шууд захиргаадалтаар ирчихээд та бүхнийхээ үнэтэй цагийг үрээд л сууж байна.

- Таны төрийн шагнал авахгүй гэдгийн учир юунд байна?

-Монголын төрд би болзол тавьсан юм. Ард түмний амьдрал ядуу байна. Бүгдийг нь баян болго. Ядуу зүдүү иргэдтэй, тэнэмэл хүүхдүүдтэй, хүн алдаг алчуурчинтай төрөөс би шагнал авахгүй. Төрийн удирдлагууд миний бүтээлээс дор байна. Би бүтээлээ үнэлж байна. Би ард түмнээ ядуу байлгаж буй, гуйлгачинтай төрөөс ямарваа нэгэн шагнал авахгүй л гэсэн. Энэ бол үзэл бодлын зүйл байгаа юм л даа.

-Энэ баяр дээр таны шавь нар ирсэн байна?

-Монголчуудыг дорно дахины номт гурван орны нэг гэдэг. Шавь нараас маань хамт ирсэн. Шавь нарын маань өнөөдөр үзүүлж байгаа үзүүлбэрүүдийг хотод очоод үзье гэвэл дор хаяад 50000 төгрөгөөр үзнэ. Дээрээс нь өнөөдөр тоглогдож байгаа үзүүлбэрүүдийг нэг дор олж үзэх боломж бас хомс байна байх. Ингээд шавь нартаа баярлалаа гэж хэлээд багшийн халуун энгэртээ тэвэрье.

-Өөрийн шавь нарын чинь дунд Бугат сумын хүн байгаа юу?

-Энэ асуултанд ч би таг суулаа л даа. Би Бугат сумын хүн байгаа юмаа. Шүлэг яруу найраг бичдэг. Миний шүлгийг уншаад заавар зөвлөгөө өгөөч гэсэн хүн одоогоор алга байна. Зөндөө л хүүхэд залуучууд ирдэг. Их том алдаа хийснээ сая л мэдэж байна. Чи аль нутгийн хүүхэд үү гэж ерөөсөө асууж байгаагүй алдаа хийжээ.

-Баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: “Булганы Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих