Д.Арвин аман тохироогоор “явав”

Парламентын тогоонд хэлтэй, амтайхан бүл нэмсэн Д.Арвин гишүүн тангараг өргөх үеэрээ “Хувийн шинжтэй асуудлаар ярих болоогүй” хэмээн ганц үг ган хийхгүй байсан нь учир жанцантай байж. Тэрбээр уугуул намаасаа урвах өргөх бичгээ өөрийн харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн I хорооны МАН- ын үүрт гаргасан тухай мэдээлэл өчигдрийн гол синсаац байлаа.

 

Гэвч эрхэм хатагтай энэхүү мэдээллийг нэг мөр болгож, албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Гэхдээ баттай эх сурвалжийн тодотгосноор түүний энэхүү сонголт хэдийнэ шийдвэрлэгдсэн гэдгийг торохгүй хэлж байгаа юм. Тэр ч бүү хэл, АН-ынхан шинэхэн гишүүнийхээ инж юуг бэлдсэн сурагтай. Зүй нь эксийн толгойлсон эвслийнхэн Н.Алтанхуягийн танхимыг орхисон тохиолдолд гурван сайдын суудал сугарч үлдэнэ.

 

Харин энэ зуур Д.Арвин гишүүний чин зориг, сонголтыг мялааж “бяцхан” олонхичуудын зүгээс хэн хүний цурхираад ч олддоггүй их хувь заяаг түүнд атгуулах аман тохироо хийсэн гэх мэдээлэл ч чих дэлсэв. Тэгэхээр Д.Арвин гишүүний тухайд, МАН-д сул гишүүний үүрэг гүйцэтгэж, парламентын буланд шигдсэнээс сайдын сэнтий “мөрөөдөж” суух нь сэтгэлд өег гэж.

 

Тэгээд ч урьд өмнөх хэрэг явдлаа бодсон ч тэр. Тэрбээр өнгөрөгч зуны их сунгаанаар намынхаа нөхдөд шахагдаж, горилох тойроггүй шахам хоцрох дөхсөнийг хэн бүхэн мэднэ. Зүй нь түүнийг дөрөв дэх удаагаа нийслэлийн Баянзүрх буюу УИХ-ын 22 дугаар танихгүй тойрогт “цөлж” орхисныг олон хүн гайхаж байсан. Энэ нь сонгуулийн үеэр урвагч хэмээх цолыг дагуулсан бол одоо харин дахин санал хураалтаар Засаг даргыг нь дүүрэгт нь тонгоргон унагаснаар гишүүн боллоо.

 

Хамгийн гол нь тойргоо сольсон гишүүд тэр бүр сонгогдоод байдаггүй жишиг бий. Тухайлбал, тойргоо Д.Арвин гишүүнд өгсөн Б.Батбаяр. Тэрбээр өмнө нь Баянзүрхээс сонгогдож байсан ч өнгөрөгч сунгаанаар хуучин тойрогтоо бус Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн нь ямар үр дүн гарав. Харин Д.Арвины тухайд, парламентад бүл нэмж чадлаа.

 

Цаашлаад, жижиг асуудал гэлтэй зарим зүйлийг тодруулахад, тэрбээр бөөн адал явдалтай тулгарч сая нэг гишүүний тангараг өргөхөд намынхан нь дэндүү хүндэтгэлгүй хандах шиг болсон. Учир нь эрхэм бүсгүйн гурван парламент илээсэн суудлыг доошлуулж, “шинэковууд”-ын хажууд суулгасанд тэрбээр үнэхээр гомдох шиг болсон.

 

Ямар сайндаа л хамт тангараг өргөсөн АН-ын Г.Батхүүгийн хажууд очоод суухав дээ. Харин Д.Бямбацогт гишүүн залуу хүн гэсэндээ Д.Арвин гишүүний энэ байдлыг ойлгон түр эзгүй байсан М.Энхболд гишүүний суудалд урьж суулган түүнийг түр ч атугай тайвшруулах шиг болсон. Түүнээс өнгөрөгч хугацаанд парламентад гурван удаа сонгогдохдоо ямар ч асуудал дээр шуугиан дэгдээж, эрчүүдийг үг дуугарч чадахгүй болтол нь загначихдаг “зангарагтай” улстөрч.

 
Тиймдээ ч асуудал шийдэгдэх хүртэл олон үг хэлж, элдэв авир гаргаад байдаггүй нь түүний төрөлх зан бололтой. Харин түүний улс төрд замнасан мөр тийм ч дардан байгаагүй. Түүний энэхүү хатуу дэвжээнд өрсөлдөж, шат ахисан түүх бүхэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай салшгүй холбоотой байдгийг эл хүрээнийхзн ам уралдуулан ярих юм билээ.

 

Гэвч Н.Энхбаярыг ганцаардан эрээвэр хураавар фракцаар хань хийж суухад ч, тэрбээр сураггүй байж, амаа үдүүлсэн мэт чимээгүй байсныг журмын нөхөд нь ч шүүмжлэх нь бий. Гэхдээ энэ бол тэдний л амьдрал, том улстөрчдийн л харилцаа. Тэгээд ч улс төр бол өгөө авааны бизнес юм.
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих