Т.Ядамсүрэн: Гурилдаж баталсан хуулиар сонгууль явуулбал сонгогдсон ерөнхийлөгч ч нэр хүндгүй болно
АИХ-ын депутат Т.Ядамсүрэнтэй Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.
-УИХ-ын зарим гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай шинэ хуулийн төслийг өргөн барьсан. Та төсөлтэй танилцав уу?
-Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн хуулийн төсөлтэй зах зухаас нь танилцсан. Бидний сэтгэлд нийцэхгүй зүйл, заалт олон байна лээ. Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон хүн. Дөрвөн жилд нэг удаа ард түмнийхээ саналыг авч сонгогддог төрийн тэргүүнээ хэрхэн яаж шалгаруулж гаргаж ирэх вэ гэдгийг хуулиар сайн зохицуулах хэрэгтэй.
Ингэхдээ ард түмнийхээ саналыг авч хуулийн төслийг боловсруулах нь чухал. Гэтэл одоо ард түмнээр хэлэлцүүлээгүй, ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараагүй хуулийн төслийг батлах гэж байна. Цөөн хэдэн хүний захиалгаар боловсруулсан хуулийн төсөл бүх ард түмнээс сонгогддог төрийн тэргүүнийг сонгож гаргаж ирэхэд учир дутагдалтай л гэж үзэж байна.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг автомат машинаар тоолох ер нь зөв үү?
-Бид өмнөх үеийнхээ туршлагаас суралцах хэрэгтэй байгаа юм. Угаасаа саналыг автомат машинаар тоолохыг эсэргүүцэж байгаа. Зарим хүн шинэ техник, технологи хэрэглэж байгаа нь дэвшил л гэж ярьж байна. Энэ нь нэг талаар ажил хөнгөлж байгаа боловч цаагуураа муу үр дагавартай.
Машинаар дүнг хэрхэн гаргаж байгаа, ямар программ суулгасан зэрэг нь олон нийтэд огт ойлгомжгүй байгаа. Монголд сонгууль явуулах машины программыг монгол хүн биш, гаднын хүн зохиосон шүү дээ. Гадаад хүний тархиар хийсэн зүйл яаж ойлгомжтой байхав дээ. Энэ машин бол будилааны үүр.
УИХ-ын сонгуулиар ямар будилаан, луйвар гарсан нь тодорхой баримттайгаа байгаа биз дээ. Өмнөх сонгуулийн будилааныг нягтлаагүй хэрнээ дараагийн сонгуульд дахиад л ийм машин хэрэглэхээр улайрч байгаа нь цаанаа учиртай л байж таарна.
Олон түмэн өнөө хэр автомат машинд итгэхгүй байна. Ерөнхийлөгчийн сонгуульд 3-4 хүн л нэр дэвшинэ шүү дээ. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг гараар тоолох хэрэгтэй. Гараар тоолох аргыг 1951 оноос хойш удаа дараагийн сонгуульд хэрэглэж ирсэн.
-Гэхдээ АН олонхиороо хүч түрэн хуулиа батлах гэж байна шүү дээ?
- АН УИХ-д хэдийгээр арай олон суудалтай, засгийн эрхийг барьж байгаа ч өмнөхөөсөө суралцах хэрэгтэй. Өмнөх УИХ-ын үед МАН олонхи байсан ч хэзээ ч асуудлыг дангаараа шийдэж байгаагүй. Улстөрийн намуудтай зөвшилцдөг, ярилцдаг, саналыг нь байнга харгалзаж үздэг байсан.
Гэтэл одоо АН- ынхан бүх зүйл бидний гарт байна гэж муйхарлаж байна. Энэ бол ардчиллын зам биш ээ. Энэ бол түрэмгийлэл. Ерөөс ийм байдлаар цааш явах юм бол Монгол ардчилсан биш, тоталитор дэглэмтэй орон болж хувирна.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүнийг саналын хуудаст бичихдээ УИХ-д олон суудал авснаар нь дараалан бичнэ гэсэн. Энэ хэр шударга санагдаж байна?
-Нэр дэвшиж, өрсөлдөж байгаа хүмүүсийг нэг гараанаас байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Тодруулбал, нам намаар нь ээлжилж нэгдүгээрт бичвэл шударга болно. Түүнээс саналын хуудас болгоны эхэнд АН-аас нэр дэвшиж байгаа хүний нэр яваад байвал утгагүй биз дээ.
-Сонгууль явуулах хугацааг зургадугаар сард болгосон нь бас л маргаан дагуулж байгаа. Өмнө явуулж ирсэн жишгээр тавдугаар сарын сүүлч л хамгийн тохиромжтой хугацаа гэж олон хүн үзэж байна?
-Ерөнхийлөгчийг сонгодог сонгуулийг бид 1993 оноос эхлээд л явуулсан. Ингэхдээ дандаа тавдугаар сард хийдэг байсан. Энэ үед сонгууль явуулахад боломжийн, ажил нь нэлээд цэгцэрсэн цаг хугацаа. Зургадугаар сарын сүүлч гэдэг баяр наадмын уур амьсгал орсон, ажил төрөл ч ихтэй үе шүү дээ.
Хандивт 100 сая төгрөг авах асуудалд миний адил олон хүн шүүмжлэлтэй хандаж байна. Энэ мөнгийг нэлээд нөлөөтэй нөхөр л авна шүү дээ. Түүнээс хэнд ч танигдаагүй хүнд 100 сая төгрөгийн хандив өгөх нь юу л бол. Тиймээс нэр дэвшигчийн гараанаас гарах адил тэгш эрх гэдгийг яриад байгаа хэрэг.
Нөгөө талаар ямар ч сонгуулийн хуулийг зургаан сарын өмнө баталж, тэр хугацаанд сонгогчид танилцаад явдаг зарчимтай. Гэтэл сүүлийн үед сонгууль дөхүүлж байгаад яаруу сандруу баталдаг зуршилтай боллоо. Орон нутгийн сонгууль ч ялгаагүй, шөнө дөлөөр л баталсан.
Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг бас л гурилдах гээд байх шиг байна. Ийм хуулиар сонгогдсон Ерөнхийлөгч ч нэр хүндгүй болно биз дээ. Ард түмнийхээ итгэлийг авахад ч хүнд болно.
-Ер нь Ерөнхийлөгчийн сонгуулийг хуучин хуулиар явуулж бас болно гэсэн байр суурьтай хүмүүс байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Хууль гэдэг чинь ард түмэнд танигдаад, үйлчлээд ирэхдээ аль болох тогтвортой мөрдөгдөж байх гол зарчимтай. Түүнээс бус өнөөдөр нэг хууль баталчихаад хэдэн сарын дараа дахин нэмэлт өөрчлөлт оруулаад байвал аюултай. Сүүлийн гурван сонгуулийн хуулийг өөрчлөөд явууллаа.
Сүүлдээ ард түмэн хуульд итгэхээ болиод байна. Үүнийг цаашид анхаарч, болгоомжтой хандах хэрэгтэй. Бидний хамгийн их үлгэр дууриал авдаг Америк гэхэд л Үндсэн хуулиа батлаад 200 гаруй жил болохдоо 40-хөн нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.
Гэтэл манайд нэг нь гарч ирээд л өөрсдийн таалалд нийцүүлж, үндсээр нь өөрчлөөд байгаа нь гажуудал юм. Үнэхээр өөрчлөх шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулж болно шүү дээ. Би Монгол Улс ардчилсан нийгэмд шилжих үед шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан хүн.
Тиймээс ард түмнийхээ саналыг авахгүй хүч түрэн хууль баталж байгаа явдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Надтай олон хүн уулзаж санал бодлоо хэлдэг. Тэр хүмүүс бүгд ийм бодолтой. Би өөрийнхөө бодлыг бус олон хүний саналыг хэлж байгаа юм.
Д.МЯГМАРСҮРЭН
URL: