Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг нэг л хүнд зориулжээ

Засгийн эрх баригч намын гишүүдийн оролцоотой өргөн баригдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл хууль санаачлагчдын хүссэнээр батлагдвал Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 21 аймаг, 200 гаруй сумынхантай 35 хоногийн дотор амжиж уулзах гэж үйлээ үзэх бололтой.

    Хоногийн газрыг цагт, цагийн газрыг хэдэн минутад туулах хурдан “хүлэг”- ээр зорчихгүй бол сонгогч олонтойгоо биечлэн уулзаж, мөрийн хөтөлбөр, санал бодлоо хүргэнэ гэдэг жинхэнэ асуудал болох нь байна. Нэр дэвшигч болгонд сумаас сум уруу онгоцоор дүүлэх санхүүгийн боломж тэр бүр олдохгүй.
    Сурталчилгааны хугацааг 10 хоногоор багасгасан учир 35 хоногт багтааж бүхнийг амжуулах хэрэг гарнаа гэсэн үг. Монголын ард түмэн нийтээрээ сонгох учир яаж ийгээд багт байг гэхэд ядаж сум бүхэнд хүрч очоод өөрийгөө болон мөрийн хөтөлбөрөө таниулчихмаар байдаг.
    Гэвч АН нэр дэвшигч нөхрийг сум бүхэнд очих хэрэггүй ухааны юм ярьж сууна. Үүний учрыг ухахад ч хялбар мэт. Учир нь ирэх сонгуульд намаасаа нэр дэвших одоогийн Ерөнхийлөгчийн хувьд сурталчилгаа хийхгүй ч байсан болох юм чинь…
    Сонгуулиас өмнө төрийн тэргүүний хувиар сардаа хоёроос доошгүй аймгаар зочлоход л бусад нэр дэвшигчээс хавьгүй илүү боломж, давуу эрхийг эдлэх нь. Тэгээд ч тэр дөрвөн жил Ерөнхийлөгчийн албыг хашсан учир монголчууд нийтээрээ ядаж л түүнийг танина.
    Энэ жилүүдэд юу хийсэн, ирэх жилүүдэд юу хийхийг нь ч гадарлана. Харин бусад нэр дэвшигчдэд бодлого, хөтөлбөрөө ч таниулах боломж олгохгүйгээр сонгууль хийх гэж байгаа нь эрх баригчдын ичгүүргүй бөгөөд увайгүй бодлого ажээ.
    Түүнчлэн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчид анх удаа нэр дэвшигчдийн гэрэл зурагтай саналын хуудсыг дугуйлах аж. Бичиг үсэг мэдэхгүй хүмүүст зориулж саналын хуудасны шинэ загвар оруулж ирж байгаа гэлцэх ч цаанаа бас л давхар санаа агуулжээ.
    Ц.Элбэгдорж гэдэг улаан нүүрийг хүн бүр таних учраас л тэр. Уг нь бол нэр дэвшигчийн нэр нь саналын хуудсан дээр дурайж байхад заавал гэрэл зураг байх албагүй л санагдах юм. Тэр байтугай олон нэр дэвшигчтэй УИХ, орон нутгийн сонгуулиар санал дугуйлахдаа төөрч будилдаггүй хүмүүст нүүр дүүрэн инээмсэглэсэн гэрэл зураг харуулах шаардлага байна уу.
    Энэ мэтчилэн өмнөх сонгуулиудаар уламжлагдан ирсэн олон зүйлийг Ерөнхийлөгчийн сонгуулиар эвдэх хүсэлтэй байгаагаа эрх баригчид илэрхийлсээр байна. Ер нь хуулийн шинэ төслийн зүйл, заалт бүр эрх баригчдад, тэр тусмаа Ц.Элбэгдорж гэдэг ганцхан хүнд зориулагджээ.
    Улстөрийн намууд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа саналын хуудсан дээр бичигддэг хуультай. Гэтэл парламентад авсан суудлынхаа тоогоор саналын хуудсанд намууд эрэмбэлэгдэх заалтыг төсөлд оруулж ирэв.
    Өөрөөр хэлбэл, ирэх сонгуульд засгийн эрх баригч АН-аас нэр дэвшигч саналын хуудасны эхэнд нэрээ бичүүлнэ гэсэн үг. Бас л нэг давуу боломж олж авах гэсэн улайрал биш гэж үү. Тогтсон дэг жаягийг ийнхүү хуулиар бамбай хийн халах замаар тус намынхан өөрсдөдөө ашигтай байдлыг бий болгохоор улайрч байна.
    Тиймдээ ч уг хуулийн төслийг боловсруулахдаа сөрөг хүчний оролцоогүй, тэдний санал бодлыг тусгалгүйгээр өргөн барьсан юм. Ер нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хуульчилсан ямар ч хуулийн төслийг цөөнхөөс гадуур өргөн барих, цаашлаад батлах нь парламентын ардчилал, ардчиллын мөн чанарыг уландаа гишгэж буйн баталгаа юм.
    Анхандаа ажлын хэсэгт сөрөг хүчний төлөөллийг ёс төдий багтаасан л даа. Гэтэл зарчмын зөрүүтэй асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэх дээрээ тулангуут замын дундаас мурьчихсан байна. Аргагүй л АН-ын араншин үнэртэнэ.
    Төсөл санаачилсан гишүүдэд АН-аас Р.Бурмаа, МҮАНаас Н.Батцэрэг, МАХН-аас Л.Цог, бие даагч Ц.Даваасүрэнг оруулаад л парламент дахь намуудын төлөөлөл хангагдсан гэж үзэв. УИХ-ын сонгуулиар сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авсан МАН-ыг парламентын нам биш мэтээр үзнэ гэдэг тэднийг сонгосон сонгогчдыг үгүйд тооцсонтой л адил хэрэг.
    Хууль боловсруулах төлөөллийн хувьд асуудал дагуулсан энэхүү төсөлд учир дутагдалтай, зөвхөн эрх баригчдад үйлчилсэн заалтыг нэрлээд баршгүй. Сонгуулийн товыг өмнөх жишгээс өөрчилж, сараар хойшлуулсан нь маргаан үүсгэж эхлэв.
    Сонгогчид тавдугаар сарын сүүлийн долоон хоногийн ням гаригт саналаа өгдөг байсан бол шинэ хуулийн төсөлд тусгаснаар зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байх гэнэ. Ингэхдээ УИХ сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын дундуур товлон зарлах аж.
    Хуучин хуультай харьцуулбал товыг нийтэд зарлах хугацааг таван хоногоор хойшлуулсан байна. Хэрвээ товд өөрчлөлт орохгүй батлагдвал сонгогчдын ирц хүрэх үү гэсэн асуулт ч гарч байна. Орон нутгийн сонгуулиар сонгогчдын ирц бүрдээгүй, түүхэндээ анх удаа олон хэсэгт дахин сонгууль явагдаж төсвийн хөрөнгө урсгасны хариуцлагыг дүн өвлийн хүйтнээр тов зарласан эрх баригчид хүлээх учиртай.
    Гэтэл тэд өнгөрөгч сонгуулиас сургамж авах нь бүү хэл сурагчдын амралт, малчид сааль сүүний цагаар сонгуульдахыг чухалчилж байна. Найр наадам, ард иргэдийн амралт зугаалгын идэвхтэй үеийг давхцуулсан нь бас л сэжигтэй. Угаасаа ийм үеийг тааруулж байгаад эвтэйхэн араар тавьдаг улс шүү дээ.
    Улстөрийн намуудын нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш 10 хоногийн дараа эхлүүлж, 10 хоногийн хугацаанд дуусгах заалт шигтгэжээ. Ерөнхийдөө тав, зургадугаар сар бүхэлдээ сонгуульд зориулагдах нь.
    Сонгогчдын олонхийн санал авч төрийн тэргүүнээр сонгогдсон нэр дэвшигч сарын дараа тангараг өргөнө. Төрийн ажил ирэх хавар, зун тэр чигтээ сонгуулийн уур амьсгалд дарагдан цалгардана л гэсэн үг. Алдар нэр нь сайнаар бус саараар ихэвчлэн дуудуулах болсон автомат машинд санал тооллогыг хариуцуулах чин хүслээ ч энэ удаад эрх баригчид гүйцэлдүүлэх гэж байна.
    УИХ-ын сонгуулийн дараа уг автомат машинтай холбоотой үүссэн эргэлзээ, маргаан, будилаан, луйврыг эцэслээгүй байхдаа орон нутгийн сонгуулийг хүчээр энэ машинд даатгасан. Ерөнхийлөгчийн сонгуулиар ч эргэлзээ төрүүлсэн автомат машин гол үүрэг гүйцэтгэх нь тодорхой боллоо.
    Сөрөг хүчний зүгээс санал хураалтыг гараар тоолох саналтай байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн. Харин эрх баригчид орон нутгийн сонгуулийн хуулийг эрх мэдлээр далайлган баталсан аргаа энэ удаад ч хэрэглэхээр сэтгэл шулууджээ. Цөөн нэр дэвшигчтэй учраас саналыг гараар тоолоход нэг их хугацаа шаардахгүй.
    Тэгээд ч орон нутгийн сонгуулиар автомат машины ид шидийг хүртээгүй шүү дээ. Санал хураалт болсноос хойш бүр долоо хоногийн дараа СЕХ дүнгээ тайлагнасан болохоор нүд ирмэхийн зуур санал тоолдог гэх автомат машиныг өндөр зардлаар ашигласны үр дүн гараагүй.
    Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөлд анхаарал татсан нэг асуудал бол хандивын хэмжээ. 2009 оны сонгуулиар төрийн тэргүүнд нэр дэвшигчдэд өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс 10 сая, иргэдээс таван сая төгрөгөөр хязгаарлагдаж байв.
    Гэтэл шинэ хуулийн төсөлд хандивын хэмжээнд огцом үсрэлт хийжээ. Хуулийн этгээд 100 сая, иргэд 10 сая төгрөг хандивлах эрхтэй. Энэ бол асар өндөр тоо. Ерөнхийлөгчийн сонгуулийг төрийн зардлаар зохион байгуулдаг.
    Харин нэр дэвшигчийг талархан дэмждэг 10 компани тус бүр 100 сая төгрөг түүнд өгөхөд л тэрбум төгрөгтэй болно. 20 иргэн тус бүр 10 сая төгрөг хандивлахад 200 сая төгрөгийг тэр дорхноо л халаасална. Чухам юунд зарцуулах шаардлага гараад ийм огцом нэмэгдлийг нэр дэвшигчид олгох гээд байгаа юм бол, бүү мэд.
    Сурталчилгааны хоног багассан гээд зардлын хэмжээг нэмээд байгаа юм уу, инфляцийн хэмжээ өссөн гэж үзээд байгаа хэрэг үү. Сонгуулиар далимдуулж мөнгө босгох арга уу. 100 сая төгрөг хандивласан компани, 10 сая төгрөг бэлэглэсэн хувь хүнд Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн ямар хариу барих вэ.
    Нэг удаагийн сонгуульд ийм их хэмжээний мөнгө төвлөрүүлэх нь ямар зорилготой вэ гэхчилэн хардлага төрж байна. Ер нь эрх баригчид л сайн дураар хандивын хэмжээг нэмж, сонгуулийн инфляцийг огцом өсгөөд байгаа юм биш үү. Хандивын хэмжээг хэт өсгөхдөө судалгаа, үндэслэлд тулгуурлах учиртай. Хууль санаачлагчдын өргөн барьсан төслийн үзэл баримтлал, танилцуулгад энэ тухай огт дурсаагүй байна.
    Энэ нь эрх баригчид амандаа орсон тоогоо л хэлснийх. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өгөх хандивын дээд хэмжээ хувь хүнээс нэг сая, хуулийн этгээдээс гурван сая төгрөг байдаг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид 10-100 саяар нь хандивлах учир шалтгаан үнэндээ алга. Нөгөө талаар уг хуулийн төслийг МАН-ын бүлгийг албан ёсоор зарлан мэдээлээгүй үед батлах гэж байна.
    Тийм болохоор шинэ жилийн оргилуун дарс, сүлд модны наадам, түмэн олны баяр хөөртэй давхцуулан Төрийн ордонд энэ хуулийг хэлэлцэж батлахад гайхах зүйлгүй. Зөвхөн ганц хүнд зориулсан хууль…Энд улсын болоод олон нийтийн эрх ашиг огт падгүй. Ордонд найрагдах онцгүй хор бүрээс олны анхаарал холдох тусам эрх баригчдад л ашигтай шүү дээ.
Н.ЦЭЦЭРЛЭГ

URL:

Сэтгэгдэл бичих