“ДҮНЖИНГАРАВ” ХХК ХУРААЛГАХ ГАЗРЫН ХЭМЖЭЭГЭЭР ТОЛГОЙ ЦОХИВ

Монгол Улсын иргэн бүрт газар эзэмшүүлнэ гэчихсэн. Гэсэн атлаа өнөөдөр нийслэлийн нэг ч дүүрэгт газар эзэмших өргөдөл хүлээн авахгүй байгаа. Гэтэл арав, хорин төгрөгтэй, арын хаалгатай нэгэн нь хотын төвд юун 0.7 га түүнээс хэд дахин том газрыг хүссэн дүүрэгтээ сонгон авчихдаг байж.
Орон сууцны дунд, явган хүний зам, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн барилга байгууламж дотор хүртэл авчихдаг байсан нь судалгаанаас харж болохоор. Нийслэлийн газрын албанаас 12969 иргэний 14066.8 га газарт хийсэн шалгалтын дүнг сонирхуулъя.
-Улсын чанартай авто зам дагуу 5586.5 га газрыг 1282 иргэн аж ахуй нэгж байгууллага эзэшмдэг
-СӨХ-ын эзэмшил талбайд давхардсан болон маргаантай байгаа 4.43 га газрыг 47 иргэн, байгууллага
-Нийтийн эзэмшлийн зам талбай дээр газар эзэмшиж, ашиглаж буй 20.2 га газрыг 132 иргэн, байгууллага
-Сургуулийн эзэмшлийн талбайгаас 7.41 га газрыг шилжүүлсэн 54 иргэн, байгууллага
-Цэцэрлэгийн эзэмшлийн талбайгаас 2.2 га газрыг шилжүүлсэн 15 иргэн, байгууллага
-Эмнэлэгийн эзэмшлийн талбайгаас 9.72 га газрыг шилжүүслэн 46 иргэн, байгууллага
-Хоёр жилээс дээш хугацаанд газраа ашиглаагүй 760.7 га газрыг 713 иргэн, байгууллага
-Ундны эх үүсвэрийн дотор талбайд 3314.78 га газрыг 1710 иргэн, байгууллага
-Инженерийн шугам, сүлжээний хамгаалалтын бүсэд 4360.82 га газрыг 8870 иргэн, байгууллага
Судалгаанаас харахад цөөн тооны компани, хувь хүн газар авсан байсан гэдгийг Нийслэлийн газрын албаны дарга М.Батсайхан онцолсон. Хаана, ямар нүх гарц байдгийг тун ч айхтар судлаж газар эзэмшсэн байгааг харахад кадастрын албаныхантай ойр хамтарч ажилладаг нь харагдаж байлаа.

Хуучнаар Хангай зочид буудлын хойд талын явган хүний зам

Төв Шуудангийн замын урд талын нийтийн эзэмшлийн талбай

Цамбагарав үйлчилгээний төвийн урд талбай

Монгол цахилгаан холбоо компанийн зүүн талд Макс-Импэксийн авсан

TEDY төвөөс гарах гарцыг иргэн Н.Саруулбаатар эзэмшдэг

Гэхдээ ихэнх нь улайм цаймдаа гарчихсан байгааг өгөгдсөн фото зурагнуудаас харж болно. Хуучнаар Хангай зочид буудлын хойд талын явган хүний замыг Г.Мөнхбаяр Засаг дарга байхдаа энэ оны хоёрдугаар сард захирамж гарган “Эс Ай Би Би” ХХК-нд 414 ам.метр олгожээ. Үүнээс гадна Нацагдоржийн нэрэмжит номын сан, “Саппоро”, “Пирамид” үйлчилгээний төвийн урд талбай,  157 дугаар цэцэрлэгийн талбайд тус тус газар олгосон байх юм.  Түүнчлэн Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн хашаан дотор 2008 онд Т.Билэгт “Баярс констракшн”-д орон сууцны зориулалтаар 414 ам.метр газар олгосон бол 2010 онд Г.Мөнхбаяр сургалтын чиглэлээр гэх 18022 ам.метр газрын захирамж гаргажээ. Гэтэл Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн хашаанд мөн л “Баярс констракшн”-д Т.Билэгт 800 ам.метр Г.Мөнхбаяр 9273 ам.метр талбайд захирамж гаргачихаж. Цуцлуулж буй 40 гаруй газрын зөвшөөрлийн тал хувийг Г.Мөнхбаяр дарга Засаг дарга байхдаа олгосон бол 2002 онд М.Энхболд,  2004-2008 Т.Билэгт гэсэн албан тушаалтнуудын нэр ч цохиж явна. Бусад нь дүүргүүдийн Засаг дарга нарын шийдвэр ч байх жишээтэй.  Хураалгаж буй газрын хэмжээгээр “Дүнжингарав” ХХК толгой цохилоо. Хотын Экс мээр Г.Мөнхбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд захирамж гарган тус компанид 1.550.369 ам,метр газар олгосныг төр мэдэлдээ авахаар боллоо.  Иргэдэд 0.7 га газар олдохгүй байхад хэдэн зуун мянган ам.метр талбайг албан тушаалтнууд олгосоор өдий хүрчээ.
М.Батсайхан: Холбоотой албан тушаалтнуудыг шалгуулна

Нийслэлийн газрын албаны дарга М.Батсайханаас дараахь зүйлийг тодрууллаа.

-Хууль бусаар газар эзэмшиж буй 40 гаруй иргэн, байгууллагын газрын зөвшөөрлийг цуцалж төр мэдэлдээ авахаар боллоо. Үүнтэй холбогдуулан газар эзэмшигч байгууллага, иргэдээс танайд албан ёсоор хандсан болов уу?
-Одоогоор нэг ч иргэн, аж ахуйн нэгж хандаагүй байна.
-Эдгээр газрын ихэнх нь барилга бариагүй юм аа?
-Тийм ээ. “Дүнжингарав”, “Буянт цэцэрлэг” гэх хоёр компаниас бусад нь барилгын ажил эхлүүлээгүй.
-Газар эзэмшиж буй иргэдийн хувьд хууль бус ч гэлээ өчнөөн төчнөөн хөрөнгө мөнгөө гаргасан л байх. Шүүх, цагдаагаар яваад асуудал сунжрахгүй гэх баталгаа бий юу?
-Асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж байгаа учраас хүндрэл гарахгүй байх. Тухайн хүмүүсийн хувьд ч холбогдох хууль хяналтын байгууллагад хандах эрхтэй.

- Энэхүү хууль бус газар өмчлөхтэй холбоотой захирамж шийдвэрийг анхааралтай судлаж байгаа. Хамгийн гол нийтийн эзэмшлийн талбайд ингэж газар олгосон нь хууль бус учраас цаанаа авлига хээл хахуултай холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхыг үгүйсгэхгүй. Иймээс эдгээр асуудалд холбоотой албан тушаалтнуудыг харъяаллын дагуу холбогдох байгууллагуудад шалгуулна.

У.Бадамцэцэг

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих