Улс төрийн уналт, сэргэлт ба 2012 он
- 2012 оны Улс төрийн ЗӨНӨГЛӨЛ- Уралдааны морь шиг гэгэлзэж, өөрийгөө хөгшин боллоо гэж гололгүй уяа, сойлгоо чадан ядан тааруулж яваа Хууль зүйн сайд Ц.НЯМДОРЖ улс төрөөс холдож чадахгүйдээ Увсын фракцыг толгойлон бусдыг хорлохоор ажиллана. Улс төр байтугай амьдралаас явах цаг нь болчихоод байгаа түүнийг мэргэжлийн өвчин нь мэдрэлд нь нөлөөлж дээ гээд 2012 оны шилдэг улстөрийн Зөнөглөлөөр тодруулав.
- 2012 оны Улс төрийн ТЭМЦЭЛ- Улс төрийн дээд албан тушаалуудыг ээлж дараалан хашисан, хуурамч зүтгэлтэн авлигачдыг ил гаргасан хэргээр няцаагдаж байгаа МАХН-ын дарга Н.ЭНХБАЯР 2012 оны дуулиан шуугиантай тэмцэгчээр тодров. Зохиомол хэрэг тулгасанч , хууль зөрчиж байгаа этгээдүүдтэй зоригтойгоор тэмцэж байгаа түүний үйлдлийг 2012 оны шилдэг Улс төрийн ТЭМЦЭЛ хэмээе.
- 2012 оны Улс төрийн ЛУЙВАР- Хаана ч хэрэглэгдэхээ байсан хар хайрцгийг Ардчилсан намынхан анх сэдэн оруулж ирэв. Иргэдийн саналыг эсрэг намынхандаа луйвардуулчихлаа гэж сонгууль бүрээр гомдоллодог тэд энэ удаад санал тоолох машиныг оруулж ирснээрээ өөрсдөө шилдэг луйврыг бүтээв. Дуулиан шуугиантай өнгөрсөн 2012 оны парламентын сонгуулийн санал тоолох хар машин энэ жилийн шилдэг ЛУЙВРААР шалгарлаа.
- 2012 оны Улс төрийн ХҮЧИРХИЙЛЭЛ- Олон арван жилээр төрийг атгах намын Генсек У.ХҮРЭЛСҮХ аавдаа эрхэлсэн хүүхэд шиг Ерөнхийлөгчөөр дулдуйдсан Г.БАЯРСАЙХАНД нударганы амт үзүүлээд орхив. Гадны улстөрчдийн балмад үйлдлийг гайхан суудаг монголчууд өөрийн улстөрчдийн зодооныг нүдээр үзээд 2012 оны улс төрийн шилдэг Хүчирхийллээр тодруулав.
- 2012 оны Улс төрийн БУДЛИАН- Хэн л төрийн эрхийг гартаа авна түүний төлөө хичээнгүйлэн зүтгэгч байгууллага бол Сонгуулийн Ерөнхий Хороо. Энэ байгууллагын дарга нь улс төрийн томилгоогоор сонгогдон ажиллаж тэднийхээ төлөө сонгуулийн дүнг жинхэнэ будлиантуулах үндсэн үүрэгтэй. Хаанаас хэн, хэнд хэдэн санал өгсөн нь ямар ч хамаагүй. Хамгийн гол нь эрх барих намын талд сонгуулиын дүнг танилцуулах нь СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ажил. Тиймдээ ч тэднийг 2012 оны улс төрийн шилдэг БУДЛИАНТУУЛАГЧДААР тодруулж байна.
- 2012 оны Улс төрийн ХҮЛЭЭЛТ- Уяны морь шиг гэгэлзэж УИХ-ын сонгуулийг өнгөрөөсөн. Нэр нь тодорч шалгарсан ч хагас жил тэвчээртэй хүлээх хүнийг Ц.ОЮУНБААТАР гэдэг. Уг нь бол тэрээр хуулийн дагуу УИХ-ын гишүүн болчихсон. Харамсалтай нь МАХН-МҮАН Шударга ёс эвслээс жагсаалтаар гарсан болохоор эвслийн дарга Н.Энхбаярыг суллагдах үгүйг хүлээж суугаа. Хэрэв түүний хувьд сайн ёр болвол Н.Энхбаяр суллагдаж гишүүнийх нь суудлыг авна. Суллагдахгүй бол УИХ-ын гишүүн ч биш гэхдээ болчих ч юм шиг их ХҮЛЭЭЛТ үргэлжлэх болно.
- 2012 оны Улс төрийн ХУУРАЛТ- Шударга л байцгаая л даа гэж гараа алдлан доргиох Монгол Улсын дөрөв дөх Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ. 2008 оны сонгуулиар хонхны дуу тавьж иргэдийг хөөргөсөн. Цөс ихтэй монголчуудаар жагсаал хийлгэж үймүүлчихээд өөрөө ард нь нуугдсан. Хүний амь үрэгдэх сэдлийг төрүүлсэн хэрэгт буруутгагдахын даваан дээр гишүүнийхээ тангаргыг өргөж аврагдсан. Тохиролцоон дээр дөрөөлөн Ерөнхийлөгч болчихоод долдугаар сарын 1-ний гэх хэрэгтнүүдэд өршөөл үзүүлж жүжиглэсэн. Таван сайхан залуугийн амины нэхэлд Цагдаа нарыг буруутган өөрөө бултсан. Анхнаасаа ард түмнээ хуурсан Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖИД Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж сануулья.
- 2012 оны Улс төрийн УРВАЛТ- Намынхаа нөхдөд шаарлагдан гишүүний сэнтийгээс мултрах дөхсөн. Хэн чадалтай руу нь хэвийх сонирхолтой эрхэм хатагтай Д.АРВИН үхсэн ч үндсэн намдаа үлдэхгүй гэж байгаа. Уг нь байгаа МАХН-д уу, төр атгах Ардчилсан намд уу гэдгээ шийдэж чадаагүй түүнийг 2012 оны шилдэг урвалтаар тодруулья.
- 2012 оны Улс төрийн ТЭНЭГЛЭЛ- Хар багаасаа УИХ-ын гишүүн болвол ах дүү амраг саднаа өөд нь татах туйлын мөрөөдөлтэй эрхэм гишүүн Б.БАТЗАНДАН. Гудамжинд жагсаж дуулиан тарихдаа Улсын мэргэжлийн хяналтын даргыг өрөөнөөс нь хөөж жүжиг тавьсан. Тавьсан жүжиг нь амжилт дагуулахад оронд нь төрсөн ахыгаа томилуулж мөрөөдлөө биелүүлж асан сэргэлэн эр. Энэ режимээрээ төрд гарч УИХ-ын гишүүн болохдоо өмнө нь хэрэглэсэн тактикаа Шадар сайд Д.Тэрбишдагвад хэрэглэх гээд жинхэнэ ТЭНЭГТЭВ. Бодвол мөн л өөрийн танилаа төрд гаргах гээд бүтэлгүйтсэн нь энэ байх.
- 2012 оны Улс төрийн ЭЛИЙРЭЛ- Улс төрд ганцаараа цагаан толгойтой баатар “ван” Э.БАТ-ҮҮЛ. Нийслэлийг эзэгнэхдээ хүчирхэгээ харуулах гэж түүхээ устгав. Эцэг эх, эмээ өвөөгөө үгүйсгэсэн түүний үйлдлийг улс төрийн ЭЛИЙРЭЛ гэхээс өөр юу гэхэв. Бид өнгөрсөн рүүгээ гар буугаар буудвал ирээдүй бидэн рүү их буугаар буудна. Өнгөрснөө мартвал………
- 2012 оны Улс төрийн ХУДАЛЧ УЛСТӨРЧ- Муу нуухаар сайн илчилчихгүй дээ гэж монголчууд ярьдаг. Дэлхийд дээгүүрт орох Оюутолгойн ордын гэрээг байгуулсан “баатар”-уудын нэг нь яах аргагүй тухайн үеийн сангийн сайд С.Баярцогт. Булавч бултайна, даравч далдайна гэдэг шиг ард түмнийг басамжилж байгуулсан тус гэрээний зэс нь цухуйж, эл сэдвээр ард түмний өмнө нээлттэй мэтгэлцээнийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нар хийсэн. Харамсалтай нь эрхэм сайд асан, УИХ-ын гишүүн Баярцогтын яриа өөрийн гардан байгуулсан Оюутолгойн гэрээг ямар ч үнээр хамаагүй хамгаалахад чиглэж олон ч хүний эгдүүг хүргээд авсан. Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уучихсан олон эрдэмтэн судлаачид муу гэрээ гэдэг дүгнэлтийг дуу нэгтээ өгсөөр байтал ганцаараа “Хамгийн гайхамшигтай гэрээ” гэж нүүрээ улайлгаж, нүдээ цавчлахгүй ярьж зогссон түүнийг нэг он битгий хэл нэгэн зуунаар ХУДАЛЧ гэх нь даамжиггүй биз.
- 2012 оны Улс төрийн ХАМГИЙН ҮНЭНЧ УЛСТӨРЧ- Хэзээнээс монголчууд бид хуучин ондоо муу бүхнээ үлдээж, шинэ ондоо сайн бүхнээ тээн орохыг эрмэлздэг бэлгэ ухаантай ард түмэн. Улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлуудад хэн нь хэрхэн хандаж, басчхүү ямар дүр зураг үлдээснийг уншигч та бүхэн тунгааж суугаа нь лавтай. Харин хэн нь монголын төлөө үнэнч байж чадсан бэ гэдгийг дангаар шүүн хэлэхийг завдсангүй. Үндэсний эрх ашгийн төлөө тууштай байж чадсан тэр нэгэн хэлсэн хэлээгүй аяндаа ард түмний өмнө ил байдаг жамтай тул энэ хэсгийг уншигч таны мэргэн шүүлтэд үлдээе. Төр түвшин байж, түмэн олон амгалан байх болтугай. Ирж буй 2013 онд муугаар бус сайнаар онцлох улстөрчид олон байна гэж найдъя.
WWW.FACT.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
унэн бодит дүгнэлт болжээ энэ дүгнэлтийг АН МАН-ын гишүүд дэмжигчид үзэж удирдлагадаа хариуцлага тооцох эсвэл тэр бүлэглэлийг орхиж бие даан нэо дэвшигчдийг дэмжээд үзье эхний ээлжинд ашиг сонирхолын бүлэглэлээс төрөө салгая.