Бидний үр хүүхдээс холуур гэж битгий тайвшир
Бөмбөрцөг уудам юм болохоороо монгол хүний төсөөлөлд ч буумгүй явдал ертөнцийн хаа нэгтээ болж л байх юм. Дэлхий нийтээрээ шинэ жилээр амьсгалж, хүн бүрийн сэтгэл зүрхэнд айсуй баярын хур чимээгүйхэн асгарч байгаа энэ үед АНУ-д харин дөрвөн өдрийн үндэсний гашуудал зарлаад байна. Баасан гаригийн өглөө АНУ-ын Коннектикутын бага сургуулийн багш эмэгтэйн хүү сургууль дээрээ буутай ирж, аллага үйлдэн 27 хүний амийг хөнөөсөн мэдээ дэлхий нийтийг цочирдуулав. Хүү ч юу байхав, 20 настай эрийн цээнд хүрсэн залуу. Амь үрэгдсэн 20 хүүхдийн ихэнх нь 5-10 насныхан байжээ. Хөөрхий минь, нялх амьтад, Барак Обама ч энэ тухай мэдэгдэхдээ нулимсаа барьж дийлсэнгүй. Энэ мэдээтэй зэрэгцэн урд хөршид маань бас нэг иймэрхүү явдал боллоо.
БНХАУ-ын төв хэсгийн Хэнань мужийн Ченпенг тосгонд хутгаар зэвсэглэсэн этгээд дунд сургуульд нэвтрэн 22 сурагч, нэг хүнийг хутгалан гэмтээсэн хэрэг гарчээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр тус тосгоны оршин суугч 36 орчим насны эр энэ хэргийг үйлдсэн гэжээ. Энэ хоёр тохиолдлын аль аль нь анхных биш.
2009 онд Америкийн Виргиниа мужид иймэрхүү хэрэг гарч 32 хүн амиа алдаж байсан бол 2010 онд мөн тус улсад хутгаар зэвсэглэсэн этгээд цэцэрлэгийн 28 хүүхдийг багштай нь хамт хутгалж гэмтээсэн хэрэг гарч байсан.
Иймэрхүү юм сонсохоор олон хүн нойроо хугаслаж, сэтгэлээ чилээдэг биз ээ. Бас Монголоос минь холуур гэж тайвширдаг байж мэднэ. Гэвч дэлхий даяарчлагдаж, улам бүр хавтгай болсоор байгаа болохоор сайн муу ялгаагүй хил хязгааргүй болж байна. Монголын нийгмийн өнөөгийн дүр төрхийг “зэрлэг кампитализм”-тай жишдэг. Ардчилал, зах зээл гэх энэ тогтолцоо сайн зүйл байж болно. Гэхдээ монголчууд үүнийг авч нутагшуулахдаа ямар ч чиг зүг, баримжаа, шалгуургүй хар зөнгөөр нь орхичихсон билээ. Энэ үйл явц олон зүйлийг орхиж гээсний нэг нь монгол хүний ноён нуруу, мөн чанар. Хүний мөс чанар муудсан тухай дээр доргүй л ярьж байна. Хэн хүнгүй л ингэж ярьж байгаа болохоор үнэн болоод л тэр биз. Мөс чанар гэдэг бол ёс зүй.
Ах захаа алдаад айж эмээх юм нь багадаад, дээр нь архи, сэтгэл зүйн бухимдал нэмэрлэхээр хүний мөн чанар алдагдаж, араатан шинж нь давамгайлаад ирдэг бололтой юм. Монголд гарч байгаа гэмт хэргүүд улам бүр харгис хэрцгий, санаатайгаар хийгдэх болсон нь үүний жишээ. Ядуурал цөхрөл хүний сэтгэл зүйд хамгаас хүчтэй нөлөөлж яасан ч яахав гэсэн зэрлэг сэтгэхүй суулгаж байна. Тэд гэрэл гэгээтэй зүйл, өөрөөсөө илүү бүхнийг үзэж ядаж, өөрийнх нь ядуурал цөхрөл энэ бүхнээс шалтгаалаад байгаа мэт өширхөлд хөтлөгддөг. Нэг үгээр хэлбэл ядуурлаас бусад зүйлтэй эвлэрч чадахгүй болоод ч байгаа юм шиг. Нийгмээс хариугаа авах гэсэн мөчөөрхөл нь тэднийг гэмт хэрэгт хөтөлдөг.
Өөр нэг айдас төрүүлдэг зүйл нь сэтгэцийн эрүүл бус байдал. Сэтгэцийн эрүүл мэнд бол нийгмийн аюулгүй байдлын салшгүй хэсэг мөн. Нийгмийн бухимдлаас үүдэлтэй сэтгэцийн эмгэг манай улсад сүүлийн жилүүдэд илт нэмэгдсэн гэж мэргэжлийнхэн хэлдэг. Бүр гурван хүн тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай гэсэн судалгаа гарсан гэх. Асуудал гэдгийг эмгэг гэж ойлгох нь ч хаашаа юм. Гэхдээ энэ бол зугуухан дээшилж буй галт уулын халуун хайлмагтай адил юм. Монголд синдром гэх үг бараг моод болох нь холгүй байгаа. Энэ бол сэтгэцийн эрүүл бус байдлыг илэрхийлдэг үг хэллэг. Синдромыг сэтгэл зүйчид “удаан ажиллагаатай тэсрэх бөмбөг”-тэй зүйрлэдэг гэсэн. Америкт дээрх хэргийг үйлдсэн этгээдийг Аспергерийн синдромоор өвчилсөн байсан гэжээ. Аспергерийн синдром гэгч нь аутизмын хөнгөн хэлбэр бөгөөд ийм өвчтэй хүмүүс нийгмийн харилцаандаа асуудалтай байдаг хэмээн тодорхойлсон байна. Аспергерийн синдром гэдэг нь сэтгэцийн өвчин, тэр нь тэгээд хүнийг өвчлүүлдэг юм бол энэ өвчин Монголд бас байж л таарна.
Хамгийн аймшигтай нь өшөө хорслоо өсвөр нялхсаар тайлах гэсэн оролдлого. Арчаагаа алдагсад хэзээ ч эр зоригтныг сонгож байгаагүй. Эмс охид, нялх балчируудыг л онилдог аж.
Хэдийгээр Монгол маань энэ мэт аймшгаас хол амар тайван байдаг ч, ийм гээд сургууль цэцэрлэгийнх нь хаалга сул байж болмооргүй байна. Хэн дуртай нь чөлөөтэй орж гарч болдог байгууллага гэвэл сургууль цэцэрлэг. Жижүүр гээд ширээ дэрлэсэн авгайчууд үүдэнд нь зүүрмэглээд суухаас нэг их хэтрэхгүй. Ядахад бичиг баримт ч үзэж шалгаад байхгүй, нэгэн бодлын амар. Гэвч эсрэгээрээ жинхэнэ харуул хамгаалалттай байх ёстой газар бол энэ сургууль цэцэрлэг баймаар санагдаад байгаа юм. Бөмбөрцгийн энд тэнд болж байгаа дээрх мэтийн ийм бэлэн зэлэн сануулга байна шүү дээ, цаана чинь. Муу амалж байгаа юм биш, биднээс холуур гэж санаа тайвширмааргүй байна.
Төрийн үйлчилгээний байгууллагууд гэж дүрэмт хувцастай цэрэгжсэн харуулаар хаалга үүдээ сахиулаад сүрийг үзүүлсэн газар байх юм билээ. Түүнийхээ оронд харин сургууль хүүхдийнхээ байгууллагын нээлттэй хаалгыг “хаалттай” болгож хамгаалалтад авсан нь дээр биш гэж үү.
П.Булган
ӨДРИЙН ШУУДАН
URL: