“Г.Оюунгэрэлийн сүйрэл” эхлэхэд гуравхан хоног үлдэв

Хятадын цагдаагийнхан дэлхий сөнөх тухай цуурхал тараасан дөрвөн иргэнээ баривчлан түр хугацаагаар хорьжээ. Тэдний хоёр нь Хятадын баруун өмнөд эрэгт орших 28 сая хүн амтай Чонкин хотын гудамжинд чанга яригчаар дэл­хийн төгсгөлийн тухай аман сурталчилгаа хийж, хоёр нь ухуулах бичиг тараасан аж. “Ройтерс” агентлагийн мэдээлснээс үзвэл дэлхий дээрх долоон хүн тутмын нэг нь “Дэлхий сөнөнө” гэдэгт итгэж байгаа гэнэ. Харин Хятадын хэвлэлүүд “Дэлхийн төгсгөлийн тухай ярианд хам­гийн их итгэж байгаа нь хятадууд байна. Тиймээс ч цаа­шид олон нийтийн сэтгэл санааг үймүүлэх цуурхал тараах ажиллагаатай тэмцэх нь зүйтэй” хэмээжээ.

Нэг жишээ дурьдахад Жэжянг мужийн нэгэн эмэгтэй “Дэлхий сөнөхөөс өмнө хүүхдүүд минь хэсэгхэн  хугацаанд ч гэсэн аз жаргалтай амьдраг” гээд байшингаа барьцаалж мөнгө зээлсэн байх юм. Бүр үлдсэн мөнгөө асрамжийн газарт хандивлах гэж байсныг нөхөр нь арайхийн бо-лиулсан гэнэ. Мөн Хятадын олон хотод арванхоёрдугаар сарын 21-нд хуримаа товлосон хотууд олон байгаа аж. Манай улсын хувьд гурван сая хүрэхгүй хүн амтай. Гэтэл зөвхөн “Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэл гэдэг нэг эмэгтэй сонгуульд өвдөг шороодсоныхоо дараахан дэлхий ертөнцийн тайлагдашгүй нууцын эрэлд гарч “сонирхолтой баримт” гэгчийг цуглуулж зугаагаа гаргасных нь төлөө Монголын ард түмэн бүтэн гурван сар лаа, шүдэнз цуглуулж гэр авч “хөдөөлж” бужигналаа. Яагаад Г.Оюунгэрэлтэй хариуцлага тооцож болохгүй гэж.

Тэрбээр маяачуудын тухай гүн гүнзгий судалсан тухайгаа лекц уншиж, телевизийн нэвтрүүлгээр “Би монголчууддаа дэлхий ертөн­цийн мөхлийн талаар сүүлчийн удаа сануулж байна” хэмээн хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Энэ бол хоёр сая гаруйхан хүн амтай улс даяар хийсэн мэдэгдэл. Юун Хятадын нэг гудамжинд хоёр хүн орилох, цаас наах. Г.Оюунгэрэл судлаач биш, эрдэмтэн ч биш. Маяачуудтай нүүр тулж уулзаад, үүх түүхийг нь яриулаагүй. Харин гадны орнуудын “Оюунгэрэлүүд” бол өөр. Тэр ч бай­тугай маяачуудын өлгий нутаг, тэдний үр удмын амьдарч буй нутаг орноор хэрэн тэнүүчилж, тоо баримт цуглуулан , холбогдох эх сурвалжийг судлаад мэдээлээд байгаа юм. Үүнээс нь болж тус бүс нутагт жуулчдын тоо хүртэл өсөж байх жишээтэй.

Хэдийгээр монголчууд өөртөө итгэлтэй, биширдэг сүсэглэдэг үнэт зүйлтэй хэдий ч “Дэлхий сөнөнө” гэсэн таамаглалаас сэжиглэж бай­на. Одоо мэдэгдэж буй хамгийн үнэм­шиж болохуйц таамаглал гэвэл түр зуур нарыг халхлах бололтой юм. Ямар хугацаанд халхлахыг то-дорхойлоогүй ч хамгийн ихдээ нэг хоног, багадаа хэдэн хором гэсэн таамаглалууд бий. Нарыг халхалсан тэр үед маш их хүйтэрнэ, байгалийн гэрэл үгүй болох учраас харанхуй болох нь бас итгэж болохуйц. Хэрэв гэр гэртээ лаагаа эсвэл гэрлээ асаагаад хэвийн амьдарч байвал яах ч үгүй. Харин онгоцны нислэг, замын хөдөлгөөнд оролцох тухайд бол нэгэнт байгалийн гэнэтийн үзэгдэл учраас тэрсэлж эрсдэлтэй үйлдэл хийх хэрэггүй гэсэн мэдээллүүд хамгийн үндэслэлтэй гэж үзэж болохоор байгаа юм.

Гэтэл “дэлхий сөнөнө” гэсэн мэдэгдэл хийхийн хор хохирлыг гоо сайхны бүтээгдэхүүн сурталчлахын дайтай бодож, үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй байх нь Монгол шиг хүн ам цөөнтэй орны хувьд буруу жишиг. Бизнесээ амжилттай эрхэлж, дэлхийн олон орноор зугаалж янз бүрийн нөхцөл байдалд амарч зугаалж үзсэн тэрбээр монгол хүнийхээ хувьд монгол гэрээ санасан байж болох. Харин өөрийнх нь хэлснээр М.Ломоносовын их сургуулийг химич мэргэжлээр төгссөн, физик, байгалийн шинжлэх ухааныг гүнзгий судалсан хүний хувьд “Монгол гэрт толгой хорогдоогүй нь амьд үлдэхгүй” гэсэн мэдэгдэл хийх нь арай л хатуудсан болов уу. Тэрбээр “Намайг шизотой авгай гэж бодоод байх шиг байна. Тэр өдөр хэн нь үнэн, худал хэлснийг тунгаагаад өгөх биз” хэмээн өнгөрсөн аравдугаар сарын 10-ны хэлсэн байх юм.

Одоо гуравхан хоногийн дараа тэрхүү “тунгаагаад өгөх” өдөр нь болох нь. Ард түмэн айж байна. Түүний яриаг худал гэж бодсон ч, арванхоёрдугаар сарын 21-ний талаарх онигоо татарч өөрөөсөө хүртэл нуусан эмзэглэл, энэ өдөр яах бол гэсэн сонирхол төрж буй нь гарцаагүй. Монголчууд дэлхийн эзэн болно гэх түүний үг гоё сонсогдож байна л даа. Гэхдээ 80 өдөр нар гарахгүй байна гэдэг наргиан биш шүү. Арай ч тийм хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй. Айсан хүн амиа хорлочихвол яах вэ. Хятадын тэр эмэгтэй шиг хамаг байдгаа барьцаанд тавьчихсан байвал “сүйрэл товлосон өдөр”-ийн маргааш нь Г.Оюунгэрэл төлөх үү. Монголын төр түүнтэй ямар нэг хариуцлага тооцсонгүй. Энэ нь монголчуудын сэтгэл санаагаар яаж ч тоглож болно гэхтэй адил санагдана. Мөн Монголын эрдэмтэд ард түмний оюун санааг ариусгаж гэгээрүүлж хүч хүрсэнгүй. Харин одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөл амгалан тайван байхыг ард түмэндээ сануулах л үлдлээ.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих