Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын дундуур болно
УИХ-аар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Нэр бүхий гишүүдийн өргөн барьсан уг хуулийн төслийг боловсронгуй болгохоор парламентад суудалтай намуудын төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулагдсан юм. Зургаа дахь удаагаа Төрийн тэргүүнээ сонгох монголчуудын сонгуулийн боловсролд нэмэр болохоор парламентын түвшинд хэлэлцэж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хүргэж байна. Энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслөөс Сонгуулийг товлон зарлахтай холбоотой заалтуудыг хүргэе.
8.1. Сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.
8.2.Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна.
8.3. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд /цаашид “гадаад улсад байгаа иргэд” гэх/-ээс санал авах өдрийг Улсын Их Хурал тогтооно.
8.4. Санал авах өдөр дараах зүйлийг хориглоно:
8.4.1. Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
8.4.2. Соёл урлаг, үзвэр, спортын аливаа арга хэмжээ;
8.4.3. Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв.
8.5. Энэ хуулийн 8.4 дэх хэсгийн хэрэгжилтэд аймаг, нийслэлийн Засаг дарга хяналт тавьж ажиллана.
8.6. Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал зэрэг онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулна.
8.7. Хэрэв энэ хуулийн 8.6-д заасан онцгой нөхцөл Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэр батлан гаргасны дараа бий болсон бол Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэрээ хүчингүй болгож, ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсооно.
8.8. Улсын Их Хурал энэ хуулийн 8.6-д заасны дагуу сонгуулийг хойшлуулсан, эсхүл энэ хуулийн 8.7-д заасны дагуу сонгууль товлон зарласан шийдвэрээ хүчингүй болгож, ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсоосон бол ийнхүү зогсоосон онцгой нөхцөл арилсны дараа Улсын Их Хурал ажлын долоо өдөрт багтаан ээлжит сонгууль товлон зарлана.
8.9. Энэ хуулийн 8.8-д заасан хугацаанд Улсын Их Хурал ээлжит сонгуулийг товлон зарлаагүй бол энэ хуулийн 8.8-д заасан ажлын долоон өдрийн дараагийн өдрийг ээлжит сонгууль товлон зарласан өдөрт тооцож, Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийг зохион байгуулна.
8.10. Сонгогчдыг сонгуульд идэвхитэй оролцуулах тодорхой арга хэмжээг Сонгуулийн Ерөнхий Хороо авч хэрэгжүүлнэ.
8.11. Энэ хуулийн 8.4-т заасныг зөрчсөн этгээдийг аймаг, нийслэлийн Засаг дарга, орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран үйл ажиллагааг нь зогсоож, холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Өдрийн шуудан
URL: