Стандартлаг дэлхий
Стандарт бол хүн төрөлхтний үйлдвэржилтийн гурван том хувьсгалын нэгд зүй ёсоор ордог. Бараа, бүтээгдэхүүнийг бөөнөөр үйлдвэрлэх боломж олгосон анхны алхам нь стандартжуулах явдал байсан гэдэг. Үүний дараа механикжуулах систем үйлдвэрлэлд нэвтэрсэн байна. Харин Хенри Фордын нэвтрүүлсэн угсрах шугам гэж нэрлэдэг, орчин үеийн автомат үйлдвэрлэлийн суурь болох хөдөлмөрийн хуваарийн зарчим нь гуравдугаар том ололт болжээ. Энэ гурван зүйл нэгдсэнээр өдгөө бараа, бүтээгдэхүүнийг олноор нь үйлдвэрлэх, дэлхийн зах зээлд гаргах гээд олон давуу тал бий болжээ. Харин Монгол улсын хувьд стандартын талаарх мэдлэг тааруухан. Бараа бүтээгдэхүүн нь ч тодорхой стандартын дагуу үйлдвэрлэгдэх нь ховор.
Тэгвэл стандарт гэж юу вэ?
Стандарт гэх ойлголт нь бууны гол төмрийг нэг хэмжээтэй хийх дархан хүний бурхан ухаанаас эхтэй. Харин стандарт гэх ойлголт өнөөдрийг хүртэл хөгжих явцдаа нэг талаас бүтээгдэхүүн, үйлчилгээ өргөжин, олноор үйлдвэрлэх үе шат эхэлж, технологи цаашлаад чанарт нөлөөлөх асуудалд дэлхий нийт анхаарал хандуулах болжээ. Нөгөө талаас бөөнөөр үйлдвэрлэх, үйлчлэх үйл явц нь хүрээлэн буй орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж эхэлсэн нь тухайн бүтээгдэхүүнийг аюулгүй гэдгийг зайлшгүй тодорхойлох нөхцөлийг бүрдүүлсэн аж. Иймд тодорхой шалгуур үзүүлэлтийг тогтоох, баримтжуулах, мөрдөх явдал хамгийн чухал болсон байна. Түүнчлэн ямар ч бизнесийг борлуулалтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Харин борлуулалтыг дэмждэг гол хүчин зүйл бол стандарт болон чанар юм. Монголын Стандартчилал хэмжил зүйн газрын тодорхойлсоноор “Стандарт бол эдийн засгийн болоод зах зээлийн харилцаанд чанд мөрддөг нэг ёсны хууль юм. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах бодлого, худалдан авах үйл явцад хэрэглэгчийн байр суурийг бизнес эрхлэгчидтэй харьцуулахад хүчгүй, сул дорой байдлыг тэнцүүлэх үүднээс тэднийг бизнес эрхлэхдээ баримтлах наад захын норм, хэм хэмжээ стандарт тогтоохыг шаарддаг. Энэ бол улс орон бүр бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээндээ стандарттай байхыг зорих гол шалтгаануудын нэг мөн” гэсэн байна.
Стандарт яагаад хэрэгтэй гэж
Европын орнууд хүйтэн дайны дараах шилжилтийн үеэс маш хурдацтай хөгжиж, хөгжлийн шинэ шатанд гарсан. Тэд яагаад ийм хурдтай хөгжиж чадсан бэ. Хариулт нь Европын холбооны орнуудад хийгдсэн стандартын шинэчлэл чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг. 1993 оны Маастрихтийн гэрээгээр Еворпын холбоо парламенттай, нэгдсэн валюттай болж улмаар нэг хил хязгаартай болсон. Түүнчлэн зүүн Европын бүх орныг өөртөө нэгтгэж чадсан. Гэхдээ хамгийн чухал нь Европын нэгдсэн стандартыг баталсан явдал юм. Гишүүн орнуудад тогтсон ижил стандарт мөрдөнө, тэр нь дэлхийн хамгийн дээд түвшин байх учиртай. Сургалт, эмнэлгийн үйлчилгээ, хүнсний аюулгүй байдал, хот төлөвлөлт гээд бүх зүйл нь өндөр түвшний стандарттай. Тэр стандартад л нийцүүлж чадахгүй бол Европын холбоо хүлээж авахгүй “бака, чау” гэнэ.
Европын холбооны улсууд энэ мэт өөрсдөдөө төдийгүй дэлхий дахинаа өндөр стандарт тогтоосон нь чанар хэмээх ойлголтыг араасаа дагуулсан. Тухайлбал, дэлхийн аль ч өнцөгт Герман гэх нэрийг сонсоод хамгийн түрүүнд чанар бодогддог. Тиймээс л тэдэнд итгэх дэлхий нийтийн итгэл хамгийн өндөр байдаг гэнэ.
Чанарын талаар цухасхан
Чанарын тухай тогтсон тодорхойлолт байдаггүй ажээ. Харин хүн өөртөө зориулан ашигтай шинжүүдийг түүвэрлэн авч түүнийгээ засаж залруулж, тохируулж болох өөрөөр хэлбэл, стандартчилж болох. Түүнчлэн удирдан жолоодох боломжуудын нийлбэр байж болно гэж үздэг байна. Үүний тулд ашгийн болоод хөгжлийн төлөө явж байгаа бизнесийн байгууллагаас эхлээд аливаа улс, төр, засаг чанартай байхын тулд төлөвлөж, хянаж, сайжруулан, засаж залруулах ажлыг тасралтгүй хийдэг. Ямартай ч стандарт, чанар гэх хоёр ухагдахуун өөр өөр ойлголт хэдий ч нэгийг нөгөөгөөс нь салгаж болохгүй юм. Linde Engineering Dresden GmbH компанийн борлуулалт маркетингийн хэлтсийн дарга Norbert Kiene Герман Монголын бизнесийн өдрүүд чуулга уулзалтын үеэр “Чанар зарим талаар гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй боловч дэлхий нийт стандарт тогтоох, түүнийг баталгаажуулах аргачлалын үндсэн дээр чанарыг бодит зүйл болгож чаджээ. Түүний нэг нь дэлхий нийтийн сайн мэддэг ISO стандарт юм” гэв.
Амжилтыг юугаар хэмждэг вэ?
Бизнес ба худалдан авагчийн аль алиных нь сонгодог хэмжүүр нь чанар юм. Компанийн удирдлага, үйлдвэрлэлт, хяналт өөр юу ч байсан эдгээр арга ажиллагааны цаад зорилго нь бараа, бүтээгдэхүүнийг хүртэгч буюу үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, нийлүүлэгчийн үйлчилгээг сайжруулахад оршдог аж. Үүнийг товчхондоо чанар гэж нэрлэдэг. Чанар гэдэг нь нэлээд субъектив үнэлгээ. Тухайлбал, чанартай үйлчилгээний талаар таны ойлголт таны үйлчлүүлсэн хүнсний дэлгүүрийн бас нэг үйлчлүүгчийнхээс өөр байж болох юм. Улаанбаатар дахь хүнсний дэлгүүрийн чанарын стандарт Дархан эсвэл Эрдэнэт хотуудынхаас өөр байж болно. Тиймээс энэ ойлголтыг цэгцлэх зарим талаар нэгтгэх хэрэгтэй. Харин энэ асуудлыг дэлхий дахинаа ISO зохицуулдаг. Олон улсын стандартжуулалтын байгууллага /ОУСБ/-аас боловсруулсан “ISO 9001” стандартыг дэлхийн 1.1 сая байгууллага авсан байх жишээтэй. Үүний гол учир нь ISO нь дэлхий дахины олон стандартыг өөртөө нэгтгэн “Чанарын баталгаа” хэмээх тогтолцоог тодорхойлдог талаар ОУСБ-ын хөгжил боловсролын нэгжийн дарга Beer Budoo Герман, Монголын бизнесийн өдрүүд чуулга уулзалтын үеэр тавьсан илтгэлдээ дурдсан юм. ОУСБ нь дэлхийн 100 гаруй улсын стандартын төлөөлөгчөөс бүрддэг. Зорилго нь дэлхий дахинаа бүтээгдэхүүн, үйлчилгээний олон улсын солилцоог хөхүүлэн дэмжих, оюуны, шинжлэх ухаан, технологийн болон эдийн засгийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд оршдог байна. Түүнчлэн олон улсад уг стандартыг хэрэглэх зайлшгүй шаардлага тулгардаг аж. Эх дэлхий даяаршиж байгаа өнөө үед ашгийн төлөөх ямар ч байгууллагад дэлхийн зах зээл нээлттэй. Харин тэр зах зээлд гарахын тулд хамгийн түрүүнд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх хэрэгтэй. Харин чанарыг дэлхий нийт ISO гэх мэт олон нийт хүлээн зөвшөөрсөн стандартаар хэмждэг болсон.
Монгол чанар
Манай улсын эдийн засгийн өсөлт дэлхий нийтийн атаархлыг төрүүлж байгаа нь нууц биш. Тэр ч утгаараа Монгол улс олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн их татаад байгаа. Монголчууд ч ялгаагүй гаднын хөрөнгө оруулалтыг татахын тулд ихээхэн чармайж буй. Гэхдээ бидний алсын зорилго бол монголчууд өөрсдөө дэлхийн зах зээл дээр гарч өрсөлдөх явдал билээ. “Үндэсний брэндийн маркетинг” хөтөлбөрийн удирдагч Stephen Kreppel “Өнөөдөр гаднын ихэнх оронд Монголын талаар сайн, муу ямар ч ойлголт байхгүй. Тухайлбал, Хятад улс найдвартай гэх үзэл бодлыг дэлхийн хэрэглэгчдийн тархинд нь суулгаж чадаагүй. Үнэхээр найдвартай бараа үйлдвэрлэсэн ч худалдан авагчид шууд хүлээн зөвшөөрөхгүй. Харин Герман, Япон зэрэг улс өөрсдийгөө илүү найдвартай гэдгийг олон улсад таниулж чадсан. Тиймээс лангуун дээрх бүх бараа адилхан чанартай, үнэтэй байлаа ч худалдан авагчид Германы бүтээгдэхүүнийг сонгодог. Харин Монголын талаар найдвартай аль эсвэл найдваргүй гэх ойлголтын аль аль нь гаднынхны дунд байхгүй. Энэ бол том давуу тал. Тиймээс Монгол улсад үйлдвэрлэсэн юм бүхэн найдвартай гэх ойлголтыг бий болгох хэрэгтэй” гэв. Үүнийг бий болгохын тулд хамгийн түрүүнд дотооддоо үйлдвэрлэгч орон болох хэрэгтэй бөгөөд тэр үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ дээрх мэт олон улсын стандартад нийцсэн стандартаар баталгаажуулах хэрэгтэй. Гэхдээ өндөр хөгжилд хүрсэн Герман, Швейцарь зэрэг орны бараа, бүтээгдэхүүнд ISO гэх мэт чанарын стандартын гэрчилгээ хэрэггүй байдаг аж. Учир нь тэд нэгэнтээ дэлхий нийтийн итгэлийг олсонд бүх учир оршдог. Харин тэр их итгэлийг олох эхний алхам бол дэлхий нийтийн стандартыг дотооддоо нэвтрүүлэх юм. Өдгөө органик буюу “ногоон” бүтээгдэхүүн хэрэглэгчдийг татах хамгийн гол хөшүүрэг болоод байна. Энэ үед байгальтайгаа зохицож амьдардаг нүүдэлчин монголчуудын энгийн амьдрал л өөрөө олон улсад брэнд болох боломжтой. Гэхдээ хамгийн чухал асуудал нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дэлхийн стандартад нийцсэн байх учиртай. Өнөөдөр Монголд үйлдвэрлэсэн ноолууран цамцны шошгонд 100 хувь ноолуур гэж бичээд хэн ч итгэхгүй. Учир нь өнөөдөр бүх л ноолууран цамц 100 хувь гэсэн бичигтэй байгаа шүү дээ. Харин бид шошгон дээр бичсэн 100 хувь гэсэн үгийг баталгаажуулахын тулд хамгийн түрүүнд дэлхийн хэмжээний стандартын шаардлага хангасан гэдгээ нотлох хэрэгтэй. Ингэж чадвал дэлхий нийт биднийг хүлээн авна.
http://mongolianeconomy.mn/mn/p/3185
URL: