Шинэ жилийн үнэр

Бие сэтгэлд зөөлөн хэрнээ хөгжилтэй, богинохон атлаа удаавтар цэнгэлийн эгшгийг мэтгэх нэгэн үнэр нэвчиж байна. Энэ үнэрийн цаанаас “подарка”-аа тэврэн гүйж буй бяцхан хүүхдүүдийн алим хазах, мандарин хальслах чимээ ягуухнаар дурсамж сэргээнэ. Энэ чинь юусан билээ. Дэлхийн бүх хүн төрөлхтөн нэгэн дээврийн дор цугтаа тэмдэглэдэг баяр бол яах аргагүй шинэ жилийн баяр.

 

Даяаршлын, дархан амжилт бүтээлийн, өнгөрснийг ирээдүйтэй уулзуулдаг, өвгөд, нялхасгүй хөөр бах болдог баяр. Миний тэмдэглэж байсан шинэ жилүүдээс арвин баялаг түүхтэй нь оюутны, хөдөө буйд сумын, нийслэл хотын өдөр тутмын сонины гээд үлэмж болох тул дунд сургуулийн шинэ жилээ дурсан санахаар шийдсэн нь энэ л дээ.

 

Эдүгээ надад шинэ жил гэхээр яах аргагүй алимны үнэр, таяг тулан ууттай бэлгээ түгээх өвлийн өвгөн аав, өнгө бүрээр шивнэлдэх сүлд модны ихэмсэглэл, цасан охины улаа бутарсан төрх, галын наадам ээлж дараалан санаанд үндэслэх ажгуу. Ялангуяа өвлийн өвгөн аав маань богцоо задлаад “царайлаг, жавхаатай төрсөн та бүгдтэйгээ уулзахаар цас мөсний орноос цасан охиноо дагуулан ирлээ” гэхэд хүүхэд ахуйн бяцхан зүрх үлэмж хүчтэйеэ савладагсан.

 

Биднээс “сахилгагүй хүүхэд бий юү” гэхэд нэгэн дуугаар “үгүй ээ” гэцгээнэ. “Муу сурсан нөхөр бий юү” гэхэд бас л байхгүй ээ хэмээлдэнэ. Ганц нэг хүүхэд бусдын араар нуугдаж буй төрх одоо тод санагдах нь инээд хүргэж, уярал асгаж байна шүү. Ижий аав хоёр “өвлийн өвгөн аав ирэх үед тун томоотой байна шүү” гэж захисан тул миний бие моодойтол зогссон байв. Өвлийн өвгөн аав сахлаа илбэн биднийг тойруулан харснаа над дээр ирлээ дээ.

 

-Муу дүн авсан юм биш биз?

-Үгүй. Өвөө ааваа би ганц л удаа сайн авсан. Бусад нь бүгд онц хэмээн рапорт өгөв. Тэгээд өвгөн аав маань:

-Тун сайн байна. Цасан охин минь бэлгийг нь нэмж өгөөрэй гээд хүнгэнэтэл инээж билээ.

 

Хөрөнгөтний үнэр ханхалсан шинэ жил

Социализмын үеийн шинэ жилийн бэлэг тун гоё. Чихэр, боов, алим, мандарин тэргүүтнүүд нэвт үнэртээд л. Богцноос бэлэг гаргах агшныг юугаар ч төсөөлөшгүй. Алим, мандарин гэдэг тэр үед зөвхөн шинэ жилээр л олддог болохоор бэлгээ өвөртөлж унтана. Бага ахуйн оюун сэтгэлийн зөөлөн хөрсөнд үнэнч, шударга байх, байнгад амжилтын уулнаа мацах зоригийг бадрааж, ээл хайрын орчлон гэдэг гадаа жавар тачигнаж байвч хэчнээн халуунаар бүхнийг хучдагийг үлгэрлэдэг байжээ.

 

Энэ бүхний бэлгэ тэмдэг нь таяг тулан, богцоо ганзагалсаар цас мөсний орноос айлчлан ирдэг өвгөн аав л даа. Цалин мөнгөн тэнгэртээ Цасан угалз наадуулсан Цагаан торгон өмсгөлдөө Цацаг чимгээ сагсуулсан… гээд л дуулна. Би I-III ангиа Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Бахлаг бригад (одоогийн баг)-ын хажууд орших геологийн ажилчдын сургуульд дүүргэсэн юм.

 

Тэр үед ертөнцийн зүгээр бол геологийн Монгол ажилчид хойно, казах ажилчид урд талд, Бахлаг бригадын дөрвөдүүд баруун талд суурьшдаг байв. Шинэ жилээр л “холилдоод” бөөн юм болцгооно. Хөдөө буйдад шинэ жил тэмдэглэх нь хүүхдүүд бидэнд төдийгүй томчуулд ч юугаар ч сольшгүй баяр ажгуу. Бас оросын мэргэжилтнүүд байна шүү дээ.

 

Есөн хэлийн амьтан ертөнцийг доргиож байна уу даа гэж эндүүрмээр. Шинэ жилийн дараагийн өдөр буюу шинэ оны эхний өдөр хүүхдүүд цуглацгаалаа. Бэлгээ дуусгачихсан нөхөд горьдлогын харц газарт унагаж байхад дуусгаагүй бид их л додигор. Бэлгийн уутныхаа зургийг үзүүлэх гэж байгаад шүүрүүлж байв. Уйлах ч, инээх ч хэцүү. Ер нь уйлж л орхисон доо.

 

Гэтэл манай эгч “дээрэмчин”-ийг төвөггүйхэн гүйцэв. Нүүрийг нь улаа бутартал цасаар үрж байна аа. Миний уйлах “дээрэмчин”-гийн уйлахаар солигдож билээ. Эгч маань биднээс хоёр эгч болохоор номхотголгүй яахав. “Таван онцын эзэн”-ийг сургуулиас шалгаруулна. Геологийн хайгуулын ангийн захиргаа ажиллагсдынхаа хүүхдүүдийн дунд уралдаан зарлаж мөн л шагнана.

 

Аятайхан зүтгээд байвап нэлээд хэдэн бэлэг авчихна шүү. Эдүгээ доктор, профессор болчихсон Амьтан гэдэг инженер ах байлаа. Геологийн хүүхдүүдийн дунд шинэ жилийн галын наадам зохионо. Өөр хэд хэдэн хөгжөөнт тоглоом явуулдаг байсныг уураг тархинаасаа арчиж орхижээ. Харамсалтайяа. Амьтан ах намайг нэгдүгээр ангид ороогүй байхад л даам, шатар зааж “Монголын нууц товчоо”-г уншиж өгдөг байв.

 

Үүнийг сайн уншвал эх орноо, ижий аавыгаа чи хамгаалах болно гээд инээнэ. Би “Америкуудаас уу” гэхэд Амьтан ах олон муу юмнаас гээд дал руу алгадан урам өгдөгсөн. Мань хүн шинэ жилийн шөнө бидэнд гараар эргүүлж гаргадаг хальсны “Ну погоди”-г үзүүлнэ. Оросын алдарт жүжигчин Ю.Никулиний тоглосон “Эрдэнэ нуусан гар”-тай ч биднийг атгалцуулсан юм.

 

1980-аад оны эхэн үед нийслэл хотоос хамгийн хол орших Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Бахлаг бригадад энэ бол их л лут соёл иргэншлийн давалгаа байлаа. Томчууд хүртэл овоорчихсон сууж байна. Нөгөө томчуул маань шинэ жилийн хатуу архи хүртчихсэн улаан зээрд нөхдүүд найган ганхаад л. Бид цаасаар Буратиногийн дүр, туулай, чоно, бар, гахай, шувуу гээд олон амьтныг хийж сурсан байв.

 

Тэдгээрийгээ бариад л гэрээс гэрийн хоорондохь замаар гүйцгээнэ. Замыг нь шүүрдэж цэвэрлээд цэмбийлгэсэн байдаг байв. Замаас гарна гэж үгүй. Гарах нэг тохиолдол бий. Геологийн хүүхдүүд хамжилцаж байгаад овоо өндөр цасан өвгөн босгоно. Хамрыг нь улаан гуашаар будаж орхино оо. Хайлалгүй нэлээд хэд хоног тэсдэгсэн. Харин нохой сариад хэцүү. Үргэлж маналтай биш.

 

Бахлаг бригадад болдог шинэ жилийн үеэр казах эрчүүл бүргэдээ мөрөн дээрээ суулгаад Монгол айлуудаар зочилдог байв. Одоогоор бол сюрприз барья гэж тохирсон юм билээ. Танай хүүхдүүд онц гараад байхад баяр наадам хийдэггүй юм уу гэцгээнэ. Аав “Шинэ жилийн баяр”-аас өөр хэрэггүй биз дээ гээд инээж билээ. Харин манай аав гээд л геологийнхон машинаараа “өвлийн бүжиг” хийдэг байв.

 

Тэр нь ус хийн хөлдөөж толийлгосон мөсөн талбай. Ийнхүү хязгаар нутгийн шинэ жил өнгөрсөн, одоо, ирээдүйн гурамсан хөөр бах, ухаарлыг цээжинд юүлдэг байж билээ. Манай гэрийн хажууханд Цэдэн, Занданноров (бусдын нэрийг нь мартжээ) нарын 5-6 шижигнэсэн залуус гэрт амьдардаг байв. Тэд Унгар, Польшид сурч ахуйдаа “сахилгагүйтэн” хөдөө буйдад ажиллах шийтгэл амссан “торгуулийн сумангийнхан”.

 

Бидэнд гитарын аялгууг барууны дуутай сүлэн шинэ жилийн баяр хүргэлээ. Жаалууд нэг их ойшоосонгүй. Харин нүв нүцгэн бүсгүйн далайн эрэг дээр сууж буй плакатыг тоононы чагтагнаасаа зүүн өлгөөдхөв. Бидний царай чавга шиг болж пижигнэлдэн гарцгаав. Ичнэ гэдэг тойм үгүй. Нөгөө ах нар гарч ирээд буцааж оруулав. Ёстой жинхэнэ шоколадыг цоожтой хайрцагнаасаа гаргаж өглөө дөө.

 

“Ю.Цэдэнбалын дараа хэн дарга болох вэ” гэж байна. “Үхэнгүүт нь би л болохоос” гээд тавьчихав. Тэд инээлдээд л байна, инээлдээд л байна. “Чингис хаан гэж мэдэх үү” гэлээ. Гадарлана аа гэчихпээ. Цэдэн гэдэг ах “Чи яаж мэддэг юм бэ” гэж байна. “Монголын нууц товчоо”-нд гардаг Монголын хаан гэв. Бас л хөхрөлдөцгөөгөөд л. Тэгсэн чинь бидэнд янз бүрийн лаазалсан мах, чихэр, үрэл нэмж өгч байна.

 

Тэр жилийн шинэ жил ийм л үнэртэй, уянгатай болсон билээ. Хэд хоногийн дараа би гэрчээр дуудагдав. Аймгаас цагдаа иржээ. Учир юу гэвээс Геологийн Монгол, казах хорооллынхон, Бахлаг бригадын дөрвөдүүд нөгөө залуусын гэр рүү цуваад, сүүлдээ шаваад салахыг байв. Нөгөө нүцгэн хүүхний зургийг үзэх гэж тэр л дээ. Энэ явдал геологийн хайгуулын ангийн намын үүрийн даргын амнаас аймгийнханд хүрсэн хэрэг.

 

Манай ах нар нуусан ч нэгжсээр байгаад олсон гэдэг. Үзэл сурталгүйгээр шинэ жилийг угтаж, хөрөнгөтний муухай үнэр ханхлуулав гээд ихэд донгодсон юм билээ. Шатааж байхдаа намын дарга нарын, цагдаагийн нүд нүцгэн бүсгүйн зураг руу нүүгээд байсан гэдэг шүү.

 

Өвлийн өвгөн гэж байдаггүйг мэдээд…

Намайг III ангиа төгсөнгүүт манайх Ховд аймтйн төв рүү шилжив. Эгч бид хоёр “арын хаалга”-дуулж байж нэгдүгээр найман жилийн дунд сургуульд элсэн оров. Хэд хоног хоцорчихсон байсан юм. Аймгийн төвийн сургууль гэдэг хөдөө буйд газрын бага сургуультай яаж эгнэх вэ дээ. Цэлийгээд л. Ховд хотын хүнсний дэлгүүрт ороход л үнэр нь хүртэл огт өөр мэдрэмж төрүүлнэ.

 

Бригадын төвийн хаяанд шинэ жил тэмдэглэж байснаас огт өөр орчин, мэдрэмж, баяр хөөр, итгэл найдвар угтсан. Аймгийн төвийн сургуулиуд гэдэг огт өөр ертөнцтэй. Ялангуяа манай сургууль улсын тэргүүний сургууль болох зорилт тавьж байсан болохоор шинэ жилийн баярт хэдэн сарын өмнөөс л бэлдэж эхэлснийг санаж байна. Миний бие шүлэг бичихчээ байсан болохоор “өвлийн өвгөн аав” гэдэг шүлгийг сайн бичих, тод унших, тайзнаа алдаагүй жүжиглэх үүрэг хүлээв.

 

Шинэ жилээс өмнөхөн Боловсролын яамнаас комисс ирж анги бүрээс сэдэвчилсэн шалгалт авсан юм. Манай 4в ангид математикийн шалгалт таараадхав. Арав гаруй хүүхэд онц авсан байх. Ер нь сайн үзүүлэлттэй. Тэрхүү шинэ жилээр биднийг тусгайлан шагнаж, “дурсамжийн бичиг” гардуулсан нь одоо ч бий л дээ. Хадгалж явдаг юм. Нөгөө өвлийн өвгөний тухай шүлэг маань нэг иймэрхүү.

Эх дэлхийг эмжин аялж

Эх оронд минь баяр бэлэглэсэн

Өвлийн өвгөн аав таныхаа нөмөрт

Өнө мөнхийн бүтээл урлана… гэсэн маягийн юм хальт санагдаж байна. Лав л түгдэрсэнгүй. Гараа алдалж уншаад “тайзыг эзэмдэв”. Гэнэт өвлийн өвгөн аав маань гарч ирлээ дээ. Өвөө ааваа магтдаг энэ хүү чинь авьяастай юм уу даа гээд толгой илж байна. Би тэр үед 11 настай байлаа. Толгой халуунаар дүүгэнэ. Аз жаргалаар умбаж байлаа.

 

Гэхдээ энэ өвлийн өвгөн аав нэг л “но”-той гэдгийг мэддэг болчихсон байлаа. Өвлийн өвгөн гэж байдаггүй, оронд нь хэн нэгэн этгээд жүжиглэдэг гэж бодохоор нүдний аягаар нэг нулимс цийлэгнэнэ. Гэхээ сүүлдээ дасч билээ. Сургуулийн асар том сүлд мод гэдэг Аптайн оргил шиг санагдаад л. “Таван онцын эзэд” болох бид нарын нөхдүүд ихэд ёслол төгөлдрөөр (одоогийн Хойд Солонгосын цэргүүд шиг) хүндэтгэл үзүүлнэ.

 

Би дөрөвдүгээр ангиасаа л бүлгийн тугч болсон юм. Аяа, мөн ч сүрлэг, ихэмсгээр тугаа зална шүү дээ. Үерхлийн захиа занааг шинэ жилийн баяраар их солилцоно. Би “яруу найрагч” тул хэд хэдийг өгч, бас авч ч үэв. Яагаад гэвэл шинэ жилийн баяраар авч өгөлцсөн захиа үнэн байдаг, биелдэг, аз жаргал дагуулдаг гэж зөгнөн итгэснийх. Би гурван охинд гурвалжлан, дөрвөлжлөн эвхээд илгээлээ дээ.

 

Тэд үгсчээ. Гурвуулаа хүрээд ирэв. “Бидний аль нь вэ, одоо л сонго” гэх маягийн юм хэлж байна. “Маргаашнаас…” гээд толгойгоо илэн зогсч байтал “Үгүй ээ, одоо шүү” гээд гурван талаас зүүгдээд авав. Хэлж чадахгүй бол “Таван онцын эзэнийхээ бэлгийг өг хэмээлдэв. Бэлгээ өгч байж хадан хавцлаас сугарч гарав.

 

Завсарлагааны үеэр азын сугалаа тараав. Манай ангийн олонхид нь аз таарлаа. Цүнх, үзэг, улаан бүч, ариун цэврийн алчуур байна. Надад таарсангүй. Уравгардуухан гэр рүүгээ буцлаа. Гэтэл “Би бол таван онцын эзэн”, яруу найрагч болох гэж байгаа бүлгийн тугч хүн. Юунд гутах вэ дээ. Гурван гайгүй охин хүртэл үерхье гэж гуйгаад байхаар нь ёолкны бэлгээр хуураад явуулав” гэх шүү маягийн додигорхоноор алхаж билээ.

 

Аанай л уламжлал ёсоор геологийн экспедицийн захиргаанаас ажилтнуудынхаа хүүхдүүдэд бэлэг тараана. 10 төгрөгтэй цуг өгч байв. Бузгай их мөнгө. Ховдод ирсэн хойно Баян-Өлгийд гэртээ сүндэрлүүлдэг сүлд мод маань хуучирчээ. Аав, эгч, бид гурав Ховд хотын төв дэлгүүрээр орлоо. Ёстойл шинэ жилийн үнэр дэлгүүр дүүрэн анхилж байсан. Бид гурав сүлд мод аваад яаранхан гэртээ ирэв.

 

Гэрлээ унтрааж байгаад сүлд модныхоо гэрэлд хэсэг сууцгаав. Дараа нь бэлгээ задлахад ном гарч ирлээ. Миний баярласан гэдэг ойгүй. Тэр үед аав маань дүн өвлөөр Ховд аймгийн Дөргөн сумын нутаг Чаргат гэдэг газар томилолтоор ажиллаж байсан юм. Шинэ жилийн баяр тул захиргаанаас гэртээ ирэхийг нь зөвшөөрчээ. Мань хүн тэндээс эртний шим мандлын дун, хясаа, лавайн чулуужсан ясыг багахан тор дүүрэхүйцээр авчран бэлэглэж билээ.

 

Ээж маань шинэ хувцас өмсүүлээд л. Нэг дурсамжийг өгүүлэхээ мартжээ. Шинэ он гарахаас өмнө аймгийн боловсролын хэлтсээс Ховд хотын бүх сургуулийн сурагчдын дунд “Шинэ он’ сэдэвт зургийн уралдаан зарлав

 

Хүүхдүүд шохойгоор Ард Аюушийн талбай дээр шинэ жилээ дүрслэв. 1986 оны үе юм байна. Тавдугаар ангид байждээ. Цөмийн зэвсэг тэвэрчихсэн америкийн импералистуудыг дээлтэй Монгол хүүхэд нум сумаар харван устгаж буй зураг л даа. Энэ зургийг шалгаруулж шууд л иж бүрэн өнгийн харандаа, дэвтэр, цүнх, тэмдэглэлийн дэвтрээр урамшуулж билээ.

 

Хатангүй хаан гэж хорвоод байдаггүй юм шүү

Манай аав Ханхөхийн уугуул эр. Нутгаан бараадав. Эгч бид хоёр мөнөөх л таван хошуугаар хэд хэдэн шинэ жилийн сүлд модыг чимсэн билээ. Аав шинэ жилийн баяр бүрээр каракуль захтай пальто, бүрх малгай, костюм өмсдөг байв. Увсын буйд сумын шинэ жилийн баярт тэр ёсоороо л оролцоход таних нь дооглож, гайхаж, танихгүй нь шинэ жилээр шинэ дарга иржээ гэж байв.

 

Хөгжилтэй байж шүү. Эгч бид хоёр сүлд модоо буулгах үедээ хүмүүсийн өргөсөн мөнгийг нь тэнцүү хуваана. Гэтэл аав хэлж байна. Та хоёрын нэг нь долдугаар, нөгөө нь наймдугаар ангийн сурагчид. Хөгширлөө шүү дээ. Хүмүүс шоолно. Одоо сүлд мод засаад яах вэ. Та хоёр том боллоо гэв. Эгч уурлаж, би гомдов. Тэгээд сүлд мод засуулж орхисон шүү.

 

Хамгийн сүүлд тэгж сүлд мод засч “С новым годом”-оо хийжээ. Увсын Өндөрхангайн 10 жилийн сургуульд Зүүнхангай, Цагаанхайрхан сумаас хүүхдүүд ирж суралцдаг боловсролын томоохон төв байв. Ийм болохоор шинэ жилийн баяр тун нижгэр болно. Манай 10а бүлэг жүжгийн уралдаанд түрүүлэв. Үлгэрээс сэдэвлэсэн энэ жүжгийн хаан нь би гэж байгаа.

 

Нэг эмгэн шуламтай тулалдаад ялдаг үйл явдалтай. Гэтэл нэг өдөр манай ангийн нэг охин хатангүй хаан гэж хорвоод үгүй. Би хатан нь болно гээд хажууд ирээд суучихав. Ангийн багш явуулс хийж байна. Нээрээ л ийм юм уу даа, Цогоо. Битгий “хатан”-аа хөөж туугаад бай гэв. Шинэ жилээр мөнөөх шалгарсан жүжгээ толилуулав. Хэл нь татчихсан аятай хатаншуу юм хажууд сууж л байна. Тэр шинэ жилээс хойш “хатан- гүй хаан гэж байдаггүй юм” гэсэн үг моодонд оров.

 

Ийнхүү миний бие I-III ангийн шинэ жилийг Баян-Өлгийд, IV-VI ангийнхыг Ховдод, VII-X ангийнхыг Увсад тэмдэглэх сонин хувь тохиолыг үзсэн билээ. Энэхүү өгүүллийг бичиж ахуйд аль хэдийнэ шинэ жилийн үнэр ханхалж эхэлжээ. Эрээн алаг бөмбөрцгийн хүн бүр шинэ оноо өлгийдөн авахаар баяр хөөрийг цээжиндээ цалгиулан байгаа.

 

Ингэхэд одоогийн Санта клаус гэгч надад ерөөс таалагддаггүй. Цасан цагаан өвлийн өвгөн аавыг яаж гүйцэх вэ дээ. Олон шинэ жилийг хөтлөн зурагтаар бидэнтэй золгодог ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай өнөөдөр алга. Харин “Хасар” Жагаа ах л шийрийг нь хатааж яваа нь шинэ жилийн жинхэнэ үнэрийн нэг хэмээн санамой.

Сэтгүүлч Б.Цогнэмэнх


URL:

Сэтгэгдэл бичих