Арсалдсан бөхчүүд нэгнийгээ гэмтээв

Хэн нэгний хөлчүү хэрүү­лийг хэрэг болгон бичих шаард­лага гарлаа. Бөхчүүд бяд нэмсээр булчин нь ч тархиндаа шин­гэчихэв бо­лол­той. Бөх гэдэг улсын, аймгийн, сумын, ямар цолтой ч бай цаанаа л нэг гүндүүгүй гэдэг гуншин дагалдаж явдаг улс. Гэтэл өнгөрсөн баасан гаригт гүндүүгүй зангаараа нударга зангидаад бөх, бөхөө “хусчихсан” хэрэг гар­лаа.

 

Тодруулбал,  Хан-Уул дүүргийн XVII хорооны нутаг дэвсгэр, Япон хороолол дунд байрлах “Гардэн” ресторанд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түв­шин­баярыг, Хэнтий аймгийн Баян­хутагт сумын харьяат Ул­сын начин Б.Одхүү зодож танхайрчээ. Эл хэрэгт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” хорооны дарга Улсын заан Ц.Баярсайхан ч хохирогчоор холбогдож болзошгүй аж.

 

Харин албаны эх сурвалж эл хэргийг нийтэд тараахыг хүссэнгүй бололтой мэдээлэл өгөхөөс шууд татгалзав. Гэсэн ч муу зүйл модон улаатай гэдэг шиг Монгол даяараа эл хэргийг мэдчихсэн, сонирхож байна. Зарим  иргэд уг хэргийг “Байдаг л зүйл эрчүүдийн хоорондох маргаан” гэж дүгнэжээ. Хэдий эрчүүдийн хоорондох маргаан байж болох ч Монгол Улсын нэрийн өмнөөс алдар хүндийг зүүж, олны хайр хүндэтгэлийг хүртэж яваа тэдгээр бөхчүүдийн асуудал бидэнд харин ч нэг хамаатай юм.

 

Зүй нь Монгол Улсын гэх тодотголд оршиж буйг анзаарах хэрэгтэй. Зарим  эх сурвалжийн мэдээллэж буй­гаар савнаасаа бусдыг дийлдэг сархад гээ­чээс эл хэрэг үүдсэн гэнэ. Харин хувь хүний ухамсарын асуудлыг хэн нэгэн дурьдсангүй өнгөрөв. Бяд нь ихдсэн “булчинлаг” зодоон тус өдрийн 22.00 цагийн орчимд болжээ. Харин Хан-Уул дүүргийн цагдаагийн эргүүл дуудлагын дагуу хэргийн газарт очиж Улсын начин Б.Одхүүг харъяа дүүргийн цаг­даагийн хэсэг рүү авч одсон гэнэ.

 

Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэсэн байж болзошгүй бөхийн хэргийг нууцалж байгаа ч цагийн эрхээр эл хэрэг нүднээ ил болох нь дамжиггүй. Харин хэргийг чухам ямар учраас нууцалж байгаа нь нэн сонирхолтой. Нэр хүнд нь буурна гэж үзсэн үү, олимпийн аварга, улсын цолтонд нармайгаа нээлгэсэн нь шившигтэй хэрэг хэмээв үү ямартай ч одоогоор нам дарахаар шийдэв.

 

Харин Б.Одхүүгийн хувьд энэхүү үйлдэл нь анхных биш. Өнгөрсөн онд эрэн сурвалжлагдаж явсан тэрбээр 2004 онд “Муйс” бааранд танхайн хэрэг үйлдэж, дараа онд нь “Аяз” гэх цэнгээний газар мөн эл хэргээ давтаж байсан удаатай. Улмаар Тэрэлж дэх “Гурван түрэг” амралтын газар гадаадын иргэнийг зодож танхайрсан түүнд шүүхээс хорих ял оногдуулж байв.

 

Эрүүгийн ертөнцийг “атгасан” бөхчүүдийн хэрэг ингээд ч дуусчихгүй. Он гарсаар оочир дараалалгүй  олныг нударгалсан бөх­чүүдийн хэрэг олон гарсан. Гэтэл Монголд Бөхийн нэртэй айхтар холбоо бий. Мэдэгдэл хий­дэггүй, гэмшсэн дүр ч үзүүлдэггүй толгой байгууллага өнөөдөр ч гэсэн амаа хам­хичихсан байна. Эрүүгийн хэрэг учраас үүнд нь ганцхан хүчний байгууллага оролцоод яллах дүгнэлт үйлдэж суух хэрэг биш шүү.

 

Бөх гэдэг үндэсний гэсэн асар том ухагдахууныг олон зууны түүхтэй хамт тээж явдаг “байгууллага”. Тэгсэн атлаа шалдар булдар шалтгаанаас болж үндэсний минь бахархалыг шороотой хутгаж байна. Энэ сарын эхээр гэхэд л хэсэг бөхчүүд “Ривэр саундс” бааранд хоёр залууг цус нөжтэй нь хутгаж, гадаад руу яаралтай эмчилгээ хийлгэх хүртэлх аймшигтай араншинг гаргасан.

 

Тэр хоёр хохирогч бөх үзэхгүй нь тодорхой л болсон болов уу. Харин миний хувьд үндэсний бөхийг шимтэн, шимтэн үзэгдэггүй ч гэсэн хааяа нэг уран мэхийг нь харж, улсын наадмаа алгасдаггүй л юмсан. Харин одоо тэдгээр бөхчүүдийн нэр хүнд шороон дээр мөлхөж яваа харагдах юм даа…

 

Б.Ширнэн
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих