Засгийг задлах сонирхол АН-ынханд ч бас бий
МАХН эвслийн Засгийн газраас гарна гэж мэдэгдсэнээс хойш арваад хонолоо. Намын дарга Н.Энхбаярын ялын хэмжээ буурсан ч МАХН байр сууриа өөрчлөхгүй гэсээр мөн л олон хоног өнгөрөв. Таван гишүүний гурав нь тангараг өргөж, парламентын гацаа бага багаар арилж байгаа ч намуудын суудлын харьцаанд өөрчлөлт гарч магадгүй гэсэн сураг сонсогдох болж. Ийм л үед засгийг задлах сонирхол хамтрагч намуудаас гадна эрх баригч намын гишүүдээс цухалзах болсоор удлаа. Тухайлбал, өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Шадар сайд Д.Тэрбишдагвыг огцруулах хүсэлтэй байгаагаа өөрт нь уламжилжээ. Тэрбээр Сэлэнгэ мөрөнд урссанаас хойш сураг тасраад сар гаруйн нүүр үзэж байгаа бүсгүй, хүү хоёрын осолд онцгой байдлын асуудал хариуцсан сайдын хувиар хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн байна. Улстөрч нь ёс зүйгээ эрхэмлэн дээдэлдэг оронд ийм тохиолдолд хариуцлага алдсан албан тушаалтнууд аль хэдийнэ албан тушаалаасаа татгалздаг нь бодит үнэн. Харамсалтай нь АНын гишүүд зонхилж буй Засгийн газар иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрх алхам тутамд зөрчигдсөөр байхад юман чинээ тоохгүй байна. Ж.Батзандан эхний удаад Шадар сайд Д.Тэрбишдагвад саналаараа огцрох шаардлага тавьж байгаа гэнэ. Хэрвээ түүний хүсэлтийг хүлээж авахгүй бол УИХ-ын 19 гишүүнтэй дөрөө нийлж огцруулах шаардлагыг албан ёсоор тавих юм байна. Ж.Батзандангийн шаардлага нэг талаар засгаас сайд нараа татна гэсэн улстөрийн шийдвэрээ хэрэгжүүлэхгүй байгаа МАХН-ынханд өгч буй сануулга. Нөгөө талаар сайд нарыг сугалах замаар намын даргынхаа тэргүүлсэн Засгийн газрыг сульдаах, эрх зүйн чадамжгүй болгон задлах сонирхол агуулж байж болно. Ийнхүү тэрбээр Шадар сайдад шаардлага хүргүүлэх далимд нэг сумаар хоёр туулай буудах гэж оролдсон байж таараа. Тэгээд ч УИХ-д олигтой албан тушаал аваагүй, намынхаа бялуу хуваарилалтад багтаж чадаагүй цөөн гишүүний нэг нь тэр юм. Тиймдээ ч УИХ-ын гишүүн болсноос хойш үе үе нэг асуудлыг өлгөн аван хэвлэлийн бага хурал хийж, ганцаарчилсан тоглолт хийх болсон. Өөрөөр хэлбэл, УИХ-д нам нь олонхи болсон ч түүн шиг ганцаардаж буй гишүүд ганцаардлаа иймэрхүү маягаар бусадтай хуваалцаж явна. Ж.Батзандан хань хайгаад явбал огцруулах шаардлагад гарын үсэг олдохгүйн зовлон алга.
Түүнээс гадна Засгийн газарт алга ташилт бус шүүмжлэл илгээж буй намынх нь гишүүд олон бий. Тэдний нэг нь УИХын гишүүн Р.Амаржаргал. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нэг тийм шуугисан, намирсан, нахилзсан, хашгирсан, шоу тал нь давамгайлсан маягаар л ажлаа явуулж байгаа шүү дээ. Өдөр тутмын чимхлүүр, хар ажлаа хийж байгаа нь их ховор. Дандаа л шоу, шоу, шоу. Шоу нь юу юунаас эрхэм болчихсон хэрэг л дээ. Шоу гэдэг юмаар ард түмний гэдэс цадах биш дээ” гэсэн үгийг Засгийн газарт хаяглажээ. Энэ бол аливаа асуудлын агуулга бус зөвхөн өнгөн тал буюу хэлбэрээр хөөцөлдөж буй Н.Алтанхуягийн Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагийн илэрхийлэл юм.
Мөн гурван гишүүн тангараг өргөх үеэр АН-аас Өвөрхангайд нэр дэвшсэн Д.Зоригтын хэвлэлийнхэнд өгсөн хариулт үнэхээр өнгөрөгч долоо хоногт олны анхаарал татлаа. Д.Зоригт тангараг өргөхөөс татгалзсан шалтгаанаа нутгийнхныхаа сонголтыг хүндэтгэсний учир хэмээн тайлбарласан юм. Хүрд эргүүлэх боломж түүнд байсан. Гэвч Г.Батхүү шиг нүдээ аниад зүтгэчих дорой ухамсар, бусармаг ёс зүй лав энэ хүнд алга. Ямар ч гэсэн шүүх, хуулийн байгууллагын хүчээр өвөрхангайчуудын сонголтыг орвонгоор нь эргүүлсэн намынхаа удирдлагуудын санаа бодлын эсрэг тэр зогссон нь энэ. Юутай ч засгаас гарна гэсэн МАХН-ын мэдэгдлээр фон хийн энэ засгийг унагаах сонирхолтой хүмүүс улстөрийн хүрээнд, ялангуяа АН-д олширч байна. Бүхнийг хүчээр шийдэх гэсэн эрх баригчдын бодлого журмын нөхдийнхөө 100 хувийн дэмжлэг хүлээхээ больсон, иймэрхүү зөрчил маргаан улам лавширвал засгийг задлах их аяныг дотроосоо ч өрнүүлж магадгүй. Өөрөөр хэлбэл, хагарлын үүд нээгдчихэж. Үүнийг батлах мэт өнгөрөгч бямба гаригт хуралдсан Засгийн газрын хуралдааны үеэр сайд нарын дунд үл ойлголцлын “гал ассан” гэсэн мэдээлэл гэрлийн хурдаар тархав. Засгийн газрын 100 хоногийн үеэр Ерөнхий сайд, Шадар сайдын дунд дэгдсэн маргаан сэдэрсээр ийнхүү гүйцэтгэх засаглалын хуралдааны танхимыг бүхэлд нь хамарсан байж болзошгүй аж. Засгийн газрын гадна, дотор талд өрнөж байгаа зөрчил, тэмцэл өдөр хоног өнгөрөх тусам ширүүсч, дарьтай торх адил “тэсэрч дэлбэрэхэд” ойрхон болсон бололтой.

Н.ЦЭЦЭРЛЭГ
URL: