”Номин” супермаркет үнээ ”Нууцлав”
Уншигчдадаа тал бүрийн мэдээлэл хүргэх үүднээс манай сурвалжлах баг хэрэглэгчдийн дийлэнх олонхи дуртайяа үйлчлүүлдэг “Номин” супермаркетийг зорилоо. Хүмүүсийн нийтлэг хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний үнийг нэгбүрчлэн цээжлэх аргагүй нь мэдээж. Хэрэглэгчдэд зориулж лангууны ирмэгт наасан шошго дээрх үнийг бичиж тэмдэглэх зуур нэгэн худалдагч гүйн ирж юу хийж байгааг минь сонирхов.
“Ойр зуурын хүнсний бүтээгдэхүүний үнийг мэдэх гэсэн юм. Мартчих гээд байгаа тул бичиж авч байнаа” гэсэн бидний хариултад тэрбээр ихэд эгдүүцэн “Манай дэлгүүр үнээ бичүүлдэггүй. Харахад л болоо юм биш үү. Та юм авахгүй бол одоо гарна уу” гээд шуудхан хөөчихөв. Тус супермаркетад 620-900 грамм даршилсан өргөст хэмх эх орны үйлдвэрийнх нь 2500-3555 төгрөг байхад гадаадын брэндийнх 2900-4000 орчим төгрөгийн үнэтэй байв.
Харин хиам үйлдвэрлэсэн газар, хагас бүрэн утлагатай, бяслагтай бяслаггүй зэргээс шалтгаалан нэг ширхэг нь 4500-8000 мянга, өндөг зургаан ширхэгээр савласан нь 2000, 10 ширхэгээр савласан нь 3000-3250, майонез 200 граммтай нь 1700 байхад 3.2 кг-тай нь 16230 байх жишээтэй.
Шинэ жилийн хамгийн гол зүйл оргилуун дарс 6630-26000 мянга, хүүхдийн хэмээх тодотголтой нь 3000 төгрөг. Хүүхдийн бэлэг 6000-13500 орчим, алим нэг пакет нь 4000-7000, жүрж 5000, жимсний цуглуулга 10 мянган төгрөгийн үнэтэй байв.
Ч.БАЙГАЛ
URL: