Битгий нялуур
Энэ долоо хоногт МАХН Засгийн газраас гарах эсэхээ шийднэ гэнэ. Тэд нөхөр намын даргаа хорих ял авсанд гомдож байгаа аж. Засаг байгуулна гэдэг нь тоглоом биш баймаар Тэр тусмаа хэзээ ч эрх барихгүй МАХН-д АН бялуунаасаа Шадар сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд, Монголбанкны дэд ерөнхийлөгч гээд өгч болох бүхнийг өгсөн. Энэ нь тус намыг дэндүү өндөр өргөсөн гэсэн үг.
Харамсалтай нь хувьсгалчид энэ бүхнийг үнэлж чадсангүй. Тус намын Улс төрийн товчоо Засгийн газраас гарах тухай мэдэгдсэн. Гэхдээ шийдвэрээ эцсийнх биш гэж мэдэгдэж байна. Эцсийн шийдвэрийг “Шудар-га ёс” эвслийн удирдлага гаргана. МАХН-тай нэгдэж эвсэл байгуулан УИХ-ын сонгуульд оролцож арав гаруй суудал авсан МҮАН өөр байр суурьтай байгаагаа мэдэгдсэн.
Сонирхолтой нь эвслийн удирдлагад МАХН-ынхан олонхи байдаг аж. Хэрэв МАХН Засгаас гарах шийдвэр дээрээ хатуу зогсоно гэвэл эвслийн удирдлага Засгаас гарна. Энэ тохиолдолд Засгийн газар хэрхэн тэсч үлдэх вэ гэсэн асуулт гарна. Эрх баригчид энэ бүхэнд хэрхэн хариу барих нь сонирхол татна. Олон улстөрчдийн үзэж буйгаар улс төрийн газрын зурагт нэг их ноцтой өөрчлөлт орохгүй.
МАХН гарсан ч Засгийн газар гурван сайдаа л өөрчилнө. Энэ өөрчлөлтийг хамгийн их дэмжих улс төрийн хүчин бол МАН. АН олон суудал авч ялалт байгуулахад МАХН чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ энэ бүхэн нь тус нам даргаа ялаас хэлтрүүлэх шалтгаан болох учиргүй. МАХН Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ялаас чөлөөлөх шаардлага тавьж байна. Түүнийгээ Засгийн газарт, Ерөнхий сайд Н.Алтанхуягт тулгаж байгаа аж.
Харамсалтай нь одоогийн мөрдөж байгаа хуулиар Ерөнхий сайд бүү хэл, Ерөнхийлөгч ч шүүхэд нөлөөлөх эрхгүй. Хэрэв хэн нэгэн шүүхэд дээрх маягаар нөлөөлдөг бол Монголд хууль ёс алдагдана. Энэ бүхнийг МАХН-ынхан мэдэж байгаа. Гэхдээ тэдэнд даргадаа үнэнч гэдгээ харуулах шаардлага бий гэнэ. Тэр бүхнээ илэрхийлэх гэж Засгийн газарт байх эсэх тухай яриа гаргаж байна гэж улс төр судлаачид үзэж байна.
МҮАН-ынхан их бүтээн байгуулалтын босгон дээр Засгийн газраас гарах нь зохимжгүй гэдгээ мэдэгдсэн. Хэрэв МАХН Засгаас гарах тухай дангаараа шийдвэр гаргавал гурван сайдын орыг МҮАН нөхөх магадлал өндөрсөнө. АН-ынхан ч МАХН-ын байнгын дарамтаас залхаж байгаа гэнэ. Тэдний үзэж буйгаар шүүхийн шийдвэрт нөлөөлөх боломжгүй гэдгээ ацаггүй мэдэгдсэн.
Эндээс харвал АН МАХН Засгийн газраас гарах шийдвэрт нэг их ач холбогдол өгсөхгүй бололтой. Энэ тохиолдолд МАХН Засгийн газраас гарах нь АН-д ашигтай байж болно. Харин МАХН нэг хүний нам гэдгээ батлаад зогсохгүй, цаашид улс төрд байх эсэх нь тодорхойгүй үлдэнэ гэнэ. АН энэ боломжийг ашиглан гэрээгээ эргэж харах хэрэгтэй гэж зарим улстөрчид хэлж байна. Эс тэгвээс өнөөдөр МАХН, маргааш МҮАН-аас элдэв дарамт ирж мэднэ гэнэ.
Засгийн газар их хэмжээний бонд гаргаж байгаа өнөө цагт аль нэг улс төрийн хүчин үнэн худлаа нь мэдэгдэхгүй элдэв мэдээлэл тарааж байгаа нь хэнд ашиггүй нь ойлгомжтой. Тэр тусмаа МАХН-д илүү хохирол авчирна гэдгийг захын хүн мэдэж байна. АН МАХН-тай дахин ингэж галаар наадахыг хүсэхгүй байгаа гэнэ. AH МҮАН, бие даагч нартай нэгдэхэд хэд л бол хэдэн Засгийн газар байгуулж чадна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг улс төрийн элдэв явууллагаас ангид байх тухай Засгийн газрын гишүүдэд анхааруулсан аж. Өөрөөр хэлбэл “Битгий нялуур” гэж МАХН-ынханд сануулжээ. Ямар ч тохиолдолд МАХН-ын айлгах төлөвлөгөө хэрэгжихгүй гэж АН үзэж байна. Тэр тусмаа МАН МАХН-аас хариугаа авахын тулд хэдэн сайдыг нь жийхэд бэлэн байгаа тухайгаа нуухгүй байна. Тэд АН-ын шинэ Засгийн газрыг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн.
МАН хэн нэгэнтэй эвсч Засгийн газар байгуулах тухай яриа гарсан. Гэхдээ энэ нь ямар ч боломжгүй гэж хуульчид үзэж байна. “Шударга ёс эвсэл МАН-тай нэгдээд ч Засгийн газар байгуулах боломжгүй. МАХН Засгаас гарах гэж маягласан мэдэгдэл нь хэрэгжинэ гэдэг нь худлаа аж. Зүгээр л сонжоо байсан тухай тус намын зарим гишүүд мэдэгдэж байна.
Х.Баттөгс
Эх сурвалж: “Нийслэл Таймс”
URL: