300 секундэд анивчсан тоог зөрүүгүй хэлсэн
“Монголын Оюун ухааны Академи” 2009 онд “Оюуны хөгжил-оюуны спортын төв” нэртэйгээр байгуулагдаж, 2010 онд академи болон өргөжиж, нэрээ өөрчилжээ. “Монгол хүний оюуны чадамжийг хөгжүүлэх замаар Монгол Улсын хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, оюуны спортыг эх орондоо хөгжүүлж, дэлхийд үнэлэгдэх оюуны спортын тамирчдыг бэлтгэнэ” гэсэн эрхэм зорилгыг манай академи мөрдлөг болгодог гэж тус академийн ерөнхий менежер Т.Сонинбаяр ярьсан юм.
Богинохон хугацаанд багагүй амжилт гаргасан академийн тухайд нэлээдгүй зүйлийг бичиж болох ч энэ оны 11 дүгээр сард Туркийн Анталя хотод болсон ой тогтоолтын хамгийн том тэмцээн бояох “Метоriad-2012” олимпоос “Flash number” төрөлд Олимпийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болж, “Дэлхийн рекорд эзэмшигчид” номонд бүртгэгдсэн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн менежментийн IY курсын оюутан С.ЦОГБАДРАХТАЙ уулзаж, ярилцсан юм.
Сүүлийн жилүүдэд “оюуны спорт” гэж багагүй ярьж, бичих болсон. Бас тэр бүр хүн төдийлэн мэдэхгүй энэ спортод анх хэрхэн хөл тавьсан бэ?
-2009 онд “Монголын Оюун ухааны академи”-ийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар багшийн анхны шавь нарын нэг нь болсон. Анхлан хөл тавьсан тухайд гэвэл багшийгаа телевизээр ярьж байхыг хараад өөрийн эрхгүй татагдсан гэж хэлж болно. Харсан зүйлээ үг, үсгийн зөрөөгүй хэлж, тэр олон тоог нэг хараад яг дэс дарааллаар нь хэлэх зэрэг нь үнэхээр сонирхолтой байсан. Академиа “Улаанбаатар хотын банк”-нд байрлаж байхад сургалтад сууж багагүй зүйлийг сурч мэдсэн. Хэдийгээр сэтгэхүй хөгжүүлэх рубик шоо, судоку, англи үг цээжлэх зэрэг олон төрлийн сургалт байсан ч ой тогтоолт, сэтгэхүй хөгжүүлэх төрлийг нь сонгосон.
Тооны төрлийн хичээлд муугүй хүүхдүүд л энэ төрлийг сонгодог байх?
-Миний хувьд лаборатори нэгдүгээр сургуулийн тооны улсын олимпиадуудад тогтмол оролцдог, бас бай шагнал ч чамгүй хүртчихдэг хүүхэд байлаа. Оюуны спортын тамирчин болоход хоёр жилийн хугацаа шаардагдсан. Суурь аргачлалуудыг сургалтаар эзэмшдэг. Тамирчин болно гэвэл үүнийгээ гүнзгийрүүлэх ёстой. Энд л багагүй цаг хугацаа шаардагддаг.
Анхны уралдаан, тэмцээн гэдэг тамирчин хүнд их хариуцлага байдаг нь ойлгомжтой доо?
-2011 оны 2 дугаар сарын 26-ны өдөр миний сэтгэлд тодхон байдаг юм. Монгол Улсад анх удаа ой тогтоолтын үндэсний аварга шалгаруулах тэмцээн зохиогдож, 2 алт, 1 хүрэл медалийн эзэн болсон. Анх удаагийнх болоод ч тэрүү, үнэндээ их сандарч байсан шүү. Багш маань ч нэлээд урамшсан байх. Цаашид олон улсын уралдаан, тэмцээнд оролцох хүсэл нь бадарч, 4 хүний бүрэлдэхүүнтэй багийг бэлтгэж эхэлсэн юм. Уг нь 10-аад хүн байсан ч зардал мөнгөний асуудал хүнд байсан.
Монгол хүн анх удаа оюуны чадавхаараа олон улсын тавцанд өрсөлдөх болсон нь юутай бахархал билээ. Чухам хэдийд, аль улсад болсон бэ?
-2011 оны 12 дугаар сард ой тогтоолтын 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Гуанжоу хотод болсон. Манай багийг Хятадын “Zte” компани ивээн тэтгэсэн юм. Гэтэл багагүй хэл аманд өртсөн. Явахынхаа өмнө Тэрэлжид 7 хоног бэлтгэлд гарч өдөрт 8-12 цагийн ачаалалтай ажилладаг байв. Манай сургуулийн оюутан С.Акжол бид хоёр ой тогтоолтын олон улсын мастерын болзлыг хангаж, багаараа хүрэл медальтай буцаж ирсэн.
Бөх хүний бэлтгэл юу хийх нь ойлгомжтой. Харин оюун ухааны бэлтгэлийн хувьд…?
-Дуут цифр, нэр, зүс, царай, явдал, тооны марафон зэрэг төрлөөр тэмцээн явагддаг. Аливаа хүний зөвхөн баруун тархи л илүүтэй ажилладаг. Тэгвэл бидний хувьд баруун, зүүн тархи зэрэг ажилладаг болохоор ямар их ачаалал ирдэг гэдэг нь ойлгомжтой шүү дээ.
“Их мастер” гэдэг цол, хэргэм байнаа даа. Ямар болзлыг биелүүлж байж хүртдэг юм бэ?
-Дэлхийд 70 орчим “Гранд мастер” буюу ой тогтоолтын их мастер цолтой хүмүүс байдаг. Их мастер болоход 3 болзлыг хангах ёстой. Тухайлбал, нэг цагийн хугацаанд 1000 цифр, 10 багц буюу 520 ширхэг хөзрийг, мөн 52 ширхэг хөзрийг 2 минутаас доош хугацаанд цээжлэх зэрэг юм.
Энэ том тэмцээнээс буцаж ирээд бас л амжилт арвинтай байсан гэсэн үү?
-Тийм ээ! Ой тогтоолтын Үндэсний аварга шалгаруулах 2012 оны тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилттай олон улсын тэмцээнд оролцохоор мордсон. Мөн Швед Улсад болсон ой тогтоолтын нээлттэй тэмцээнд оролцож, 2 алт, нэг хүрэл медалийг эх орондоо авчирсан.
Олон улсын тэмцээн гэдгээ тодруулна уу?
-Дөрвөн жил тутамд нэг удаа зохиогддог ой тогтоолтын хамгийн том тэмцээн болон Оюуны олимпиад энэ оны 11 дүгээр сард Туркийн Анталя хотод болсон юм. Манай академийн захирал өөрийн биеэр оролцсоны зэрэгцээ их мастер С.Акжол, ШУТИС-ийн оюутан Т.Мягмарсүрэн, Б.Анар, МУИС-ийн оюутан Б.Ганбаяр нарын 6 хүн оролцсон. Б.Анар, Б.Ганбаяр нарын хувьд анхных нь тэмцээн байсан. Хүн бүр нэг төрөлд дагнаж, түүндээ амжилт үзүүлэх зорилготой явсан. Миний хувьд “Flash number” төрөлд оролцож, “Гранд мастер” буюу олимпийн аварга болж, дэлхийн баяртай байгаа.
“Flash number” гэдэг чинь ямар төрөл юм бэ?
-Энэ төрөл нь харааны ой тогтоолтыг шалгадаг хамгийн хүнддээ ордог юм. Өөрөөр хэлбэл, 300 секундэд 300 тоо анивчдаг. Энэ хугацаанд л тэр тоонуудыг тогтоож амжина гэсэн үг. Миний хувьд бүгдийг нь хэлж, нэг ч тоо ташаа хэлээгүй амжилтаар ой тогтоолтын олимпийн аварга болсон. Биднийг ийм амжилтад хүргэхэд санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлсэн АПУ компаний хамт олондоо дашрамд талархлаа илэрхийлье.
Санхүүгийн тусламж, дэмжлэг гэснээс Та нөхдийн гаргасан чамлахааргүй амжилтад хэр зэрэг талархал ирдэг вэ?
-Морь, бөх гээд төр, засгаас ч, томоохон компаниудаас ч хэдэн саяар нь л мөнгө хаядаг юм билээ. Харамсалтай нь оюуныхаа үнэлэмжид тун хойрго ханддаг гэж боддог. Харин МАН-аас “Эх орны төлөө” медалиар шагнаж, МАХН- Шударга ёсны эвслээс гарын бэлэг гардуулсан.
Дэлхийн аваргын тэмцээн жил бүрийн 12 дугаар сард болдог гэлээ. Манайхан оролцох уу?
-Энэ жилийнх Английн Лондон хотод болж байгаа. Бидний хувьд зардал, мөнгөнөөс шалтгаалаад явж чадаагүй ээ.
Хувь хүний тухайд ямар хүндрэл, бэрхшээл байдаг вэ?
-Бэлтгэлд гарах болон тэмцээнд оролцоход сургуулиасаа чөлөө авахад хүрдэг. Тэгээд яваад ирэхэд заагдсан хичээлүүд овоорох, шалгалт, шүүлэг авагдаад дуусчихсан байх зэрэг бэрхшээл бол зөндөө байлгүй яахав. Гэхдээ амжилт гаргаад ирэхэд сургууль, хамт олон талархалтай ханддаг.
Тэмцээн,уралдаанд үзүүлсэн ой тогтоолтоо амьдралд яаж хэрэгжүүлдэг бол…?
-Хүмүүс утасны дугаарыг хадгалдаг бол миний хувьд зүгээр л цээжилчихдэг. Гаднаас ярьсан ямар ч хүний дугаарыг нэг хараад л ой санамждаа хадгалдаг. За тэгээд нэг харсан хүнээ хаана ч явсан танина, нэр усыг нь мэдэх гээд аль бүхнийг хэлэхэв.
Та түрүүнд баруун, зүүн тархи зэрэг ажилладаг гэсэн. Тэгэхээр зүүн гар чинь мөн баруун гарын адил үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно.
Таны цаашдын зорилго…?
-Оюун ухааны хамгийн том олимпдоо түрүүлсэн болохоор дэлхийн аварга болохын төлөе, бүр багаараа түрүүлэхийн төлөө чармайн зүтгэх болно. Бас ирээдүй хойч үеэ бэлтгэх гээд бодож, төлөвлөсөн зүйл бишгүй байна.
Та ирэх хавар сургуулиа төгсөх юм байна. Мэргэжлээрээ ажиллах, энэ спортоор дагнахын алиных нь жин илүү дарах бол?
-Мэдээж, мэргэжлээрээ ажиллалгүй яахав. Гэхдээ уралдаан, тэмцээндээ оролцоод явна.
Оюуны спортоор хичээллэж байгаа хүмүүст материаллаг талаасаа хамгийн их хэрэгцээтэй ямар зүйл байдаг вэ?
-Бидэнд хэрэгцээтэй зүйл гэвэл ширээ, сандал, чимээгүй орчин байхад л хангалттай. Энд зөвхөн тархиа ажиллуулж, юм л цээжилдэг.
Сэтгүүлч Гомбын
Эх сурвалж: “Соёмбо”
URL: