Хорин хүүхэд буудаж хороосон хэрэг гарлаа
АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотод өчигдөр орон нутгийн цагаар өглөөний 09.30 цагийн үед бага сургуульд зэвсэглэсэн этгээд халдлага үйлдэж, 26 хүний аминд хүрсэн аймшигт хэрэг гарчээ. Амиа алдагсдын 20 нь бага насны хүүхэд байсан талаар тус улсын хэвлэлийн агентлагууд мэдээлж байна.
Хэрэг гарах мөчид “Сэнди Хүк” сургуульд 600 сурагч хичээлдээ ирсэн байж. Албан ёсны эх сурвалжийн мэдээлж буйгаар халдлага үйлдсэн этгээд өөрөө амиа алдсан байна. Цагдаагийнхан хэргийн газраас хоёр буу олжээ. Тус тойргийн бусад сургуулиуд урьдчилан сэргийлэх зорилготойгоор нэн даруй хаалгаа барьсан байна.
CNN агентлагт ярилцлага өгсөн нэгэн гэрчийн мэдээлж буйгаар сургуулиас 100 гаруй удаагийн буун дуу сонсогджээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр хэрэгтнийг Райан Ланза гэдэг бөгөөд тэрбээр 24 настай, өглөө гэрээсээ гарахдаа аавыгаа буудаад дараа нь ээжийнхээ ажилладаг сургууль руу явсан байна. Сургууль дээр ирээд ээжийгээ ч буудаж хороон бас олон хүүхдийн амь насанд хүрчээ.
Аймшигт мэдээ сонссон ерөнхийлөгч Барак Обама тун ихээр цочирдож “зүрх зүсэгдэх шиг болж байна” гэжээ. Тэрбээр хохирогчдын ойр дотныхонд эмгэнэл илэрхийлэн, амьд үлдсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд “тэдний гэнэн хонгор насанд нь хэтэрхий эрт аймшигт зүйл харууллаа. Та бүхний зовлонгоос нимгэлэх ч үг олдохгүй нь” хэмээн нулимсаа арчиж, маш ихээр гашуудаж буйгаа илэрхийлжээ.
Барак Обама энэ нь нэг бус удаагийн явдал гэдгийг анхааруулаад хатуу арга хэмжээ авах шаардлага тавьжээ. Цагдаагийнхан хэргийн газар 09:40 цагт ирж, нэгжлэг хийсэн байна. Гэрчүүдийн мэдээлж буйгаар гэмт этгээд сургуулийн захиргааны өрөөнд гал нээснийхээ дараа нэг ангид орж буудаж эхэлжээ.
“Сэнди Хүүк” нь 5-10 насны 600 гаруй сурагчтай бага сургууль юм байна.
АНУ-д болсон олныг цочроосон хэргүүд:
1984 он: Жеймс Оливер Хьюберти Калифорни дахь Макдональдс ресторанд 21 хүн буудсан.
1986 он: Шууданч Пат Шеррилл ажил дээрээ 14 хүн бууджээ.
1991 он: Жорж Хеннард Техас дахь нэгэн хоолны газар 23 хүн буудсан.
1999 он: Колорадо мужийн Колумбайн сургуулийн ахлах ангийн хоёр сурагч 13 хүн буудаж, дараа нь өөрсдийнхөө амийг хороосон.
2007 он: Нэгэн оюутан Виржиниагийн политехникийн их сургуульд 32 хүн буудсан.
2009 он: Техас дахь Форт Худ цэргийн бааз дээр цэргийн албан хаагч 13 хүн буудсан.
А.Цацрал
URL: