”Шүнди” ХХК-ийг тойрсон залилан

ААЛЗНЫ ТОР БҮРЭЛДЭХИЙН ӨМНӨ
Баянгол дүүргийн зургаадугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө буюу Кекүшю цамхагийн зүүн талд байрлах 2009 онд ашиглалтанд орсон “Шүнди” ХХК-ийн барилгад аалзны тор мэт бүрхсэн авлига, хээл хахуулийн хэрэг эцэс төгсгөлгүй үргэлжилсээр өнөөг хүрсэн талаарх дараах нийтлэлийг нотлох баримттайгаар нь дэлгэж байна. Одоогоос 10 жилийн тэртээ БНХАУ-ын Тянь Жин хотод үйл ажиллагаа явуулдаг “Да Ган” корпарацийн хөрөнгөөр 27,1 сая юанийг буцаан төлөх нөхцөлтэйгөөр тус улсын иргэн Ли Шан Бо уг компанийг Улаанбаатар хотод байгуулсан байна. Анх вакум цонхны үйлдвэр, Налайхад Тоосгоны үйлдвэр, Сонсголонд “Сүбару” компани зэрэг олон охин компани байгуулжээ. Компанийн үйл ажиллагаа өргөжин тэлж улмаар нийслэлийн Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр, Кекүшю цамхгийн баруун талд 66 айлын 12 давхар орон сууц барьжээ. Харин уг байранд орсон айлуудын ихэнх нь төлбөрөө 100 хувь төлсөн ч одоог хүртэл байрны гэрчилгээгээ авч чадаагүй байгаа бөгөөд 66 айлын 32 нь байраа худалдаж авсан ба үлдсэн нь түрээсээр амьдарч байна.

66 айлын энэхүү орон сууц 2008 оны сүүлээр баригдаж дууссан бөгөөд Д.Ичинхорлоо гэх эмэгтэй уг байранд анхлан орсон байна. Уг байранд захиалга авч эхлэх мөчид энэ эмэгтэй компанийн удирдлагатай уулзан “Шүнди” компанийн захирал Ван Сэн Тун гэх хятад эр, борлуулалтын менежер М.Оюунчимэг нартай гэрээ хийсэн байна. Уг байр анхнаасаа дулааны шугам сүлжээ муу байсантай холбоотойгоор халаалт ирэхгүй 10 дугаар сарыг хүргэсэн бөгөөд халаалт ирсэн ч шугам сүлжээ ямар ч гагнаасгүйгээс болж айлууд ус алдаж, шал зэргийг дахин хуулж шинээр тавих зэрэг дотоод ажил удтал өрнөсөн гэх. Ван Сэн Тун захирал энэ бүх хариуцлагыг хүлээн бүх айлуудын засварын ажлыг ч хийж гүйцэтгүүлжээ. Ингэснээр 2008 оны 12 дугаар сарын 19-нд улсын комисс байрыг хүлээн авчээ. Харин мөнгөө гүйцэд өгөөгүй айлын үлдэгдэл төлбөр болон бусад асуудлуудын талаар компанийн удирдлагууд таг чиг байсаар хэсэг хугацаа өнгөрчээ.

ААЛЗНЫ ТОРЫН ЭХЛЭЛ БУЮУ “ШҮНДИ” ХХК-ИЙН УДИРДЛАГУУД ХӨЛӨӨ ЖИЙЛЦСЭН НЬ
2009 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр “Шүнди” ХХК-ийн удирдлагууд солигдож захирлаар нь Ли Шан Бо гэх хун томилогдсон бичгийг байрнуудын үүдэн дээр нааснаар нөхцөл байдал буруу тийшээ эргэхийн эхлэл тавигджээ. Компанийн удирдлага солигдоход эзэмшигчийн эрх ашиг зөрчигдөнө гэж оршин суугчид санаагүй аж. Удалгүй н.Төмөртогоо гэдэг хүн айл бүрийн хаалгыг тогшиж “Шүнди” ХХК-тай хийсэн гэрээгээ үзүүлэхийг хүсчээ. Оршин суугчдын төлөөлөл хариуд нь, гэрээгээ үзүүлэхгүй та нар албан ёсныхоо тамга тэмдгийг авч ирж байж үз гэж хэлжээ. Тэгээд тавдугаар сард оршин суугчдын хурал хийжээ.

Энэ үйл ажиллагаа хурал гэхээсээ илүүтэйгээр хүлээн авалт байсан гэж хэлж болохоор байсан бөгөөд хурал дээр М.Мандахбаяр гэх эмэгтэй өөрийгөө тус компанийн хуулийн зөвлөх гэж танилцуулсан байна. Тэрбээр Та нартай гэрээ хийсэн Ван Сэн Тун тусдаа компани байгуулаад гараад явсан бөгөөд та нарын мөнгийг тэр хүн идчихсэн. Тиймээс та нар Шүндитэй хийсэн гэрээгээ бидэнд өг. Гэрээг бид аван АТГ-т санал гаргуулаад гэрчилгээг чинь эргүүлж олгуулах болно гэж мэдэгдсэн аж. Үүнийг сонссон оршин суугчид дургүйцэн хурал, хэрүүл маргаанаар өндөрлөжээ.

Оршин суугчид дунд хуулиа мэддэг иргэд цөөнгүй байсан учраас “Шүүх байгууллага захирамж гаргах эрхтэйгээс биш АТГ захирамж гаргадаг газар биш. Түүнчлэн өөрийг тань бид мэдэхгүй. Тиймээс гэрээгээ өгөхгүй гэдгээ мэдэгдээд “Цагдаагийн байгууллагад Баясгалан гэгч этгээд тамга тэмдэггүйгээр цахилгаан дулааны мөнгө оршин суугчдаас авч байна. Өгөхгүй гэхээр цахилгаан таслах арга хэмжээ авч байна. Баясгалан гэх хүн оршин суугчдаас мөнгө хураах ёстой эсэхийг шалгаж өгөхийг хүсэн цагдаагийн байгууллагад өргөдлөө өгсөн байна. Оршин суугчийн хүсэлт Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэлийн байцаагч хошууч Лхагвасүрэнд очсон ба н.Лхагвасүрэн хошууч Б.Баясгаланд тамга тэмдэггүйгээр оршин суугчдаас мөнгө авч болохгүй. Нэг удаадаа сануулаад өнгөрье. Дахин ийм үйлдэл гаргавал эрүүгийн хэрэг хийж байна гэсэн үг Ойлгов уу? гэж асуухад Баясгалан ойлгосон гэж хариулжээ. Гэсэн ч Баясгалан дахиад л оршин суугчдаас мөнгө авч эхэлжээ.

Ван Сэн Тун гэх хүнийг БШУЯ, ЭМЯ хоёроос бусад байгууллагаар шалгуулсан байдаг юм билээ. Анхнаасаа зохион байгуулалттай гэмт хэрэг байсан байна лээ. Ван Сэн Тун гэдэг хүнийг хэрэгт чихэж чадвал оршин суугчдыг залилахад амар байсан учраас тэр, Ван Сэн Туныг өшиглөж гаргахын тулд компанийг үүсгэн байгуулагч долоон хүний үлдсэн зургаа нь хор найруулан авлигын хэрэгт түүнийг холбон амархан дөнгөжээ. Хожим нь хавтаст хэрэгт Ван Сэн Туныг тоглолтоос гаргахын тулд Ли Шан Бо болон түүний хамсаатнууд ямар үйлдэл хийснийг мэдүүлсэн байдаг.

Ингэснээр 10 дугаар сарын найманд Ван Сэн Туны тамга тэмдгийг нийслэлийн Цагдаагийн газар хураалгаж, үүнээс 27 хоногийн дараа М.Мандахбаяр итгэмжлэгдсэн төлөөлөгч, Баясгалан гүйцэтгэх захирал болчихдог нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл 2008 оны 11 дүгээр сарын дөрвөнд Б.Баясгалан гүйцэтгэх захирал, М.Мандахбаяр хуулийн зөвлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч болсон. Хууль бус бичиг баримт бүрдүүлээд хууль цагдаагийн байгууллагыг одоог хүртэл төөрөгдүүлсээр байгаа нь энэ.

ХЯТАД НОЁДТОЙ ДЭР НЭГТГЭН, ЭЛЭГ НЭГТНЭЭ МӨЛЖИЖ БУЙ М.МАНДАХБАЯР, Б.БАЯСГАЛАН ТЭДНИЙ ХАМСААТАН Н.НИНЖМАА ГЭЖ ХЭН БЭ?
Шүнди ХХК-ийг үүсгэн байгуулагчдын нэг Б.Соёлт гэх өвөр монгол эр М.Мандахбаярт зуучлан жирийн иргэн 65 мянган ам.доллараар байр захиалж байхад тэрбээр 5000 доллараар байр захиалуулж чаджээ. М.Мандахбаяр бол бусад оршин суугчдын адил захиалагч. Ялгаатай нь гэрээ байгуулахдаа таван мянган доллар л төлсөн байдаг аж. Тодруулбал, Баатар гэх 1 өвөрмонгол эр Ван Сэн Туныг гуйж байгаад гэрээ байгуулсан байна. Тэрбээр Б.Соёлт гэх өвөрлөгч эртэй эр эмийн холбоотой байсан бөгөөд “Шүнди” ХХК-ийнхан хөнжилдөө хөлөө жийлцсэнээр хожим Б.Соёлт нутаг буцсан байна.

Одоо М.Мандахбаяр тус байрны 52 тоотод амьдарч байгаа аж. Харин Б.Баясгалан Ли Шан Бо захирлын хамтран амьдрагч бөгөөд нэг хүүхдийг нь төрүүлж өгчээ. Тэрбээр уг байрны 49 тоотод оршин суудаг. М.Мандахбаяр, Б.Баясгалан хоёр тус байрны 66 айл, доод давхрын дөрвөн худалдааны төв, 17 автомашины гараашийн татаасыг халаасалдаг байна. Тэдний хамсаатан н.Нинжмаагийн хувьд оршин суугчдаас мөнгө хураах ажлыг гүйцэтгэдэг бөгөөд Баясгалангийн найз нь гэнэ.

ХАТАГТАЙ” НАРЫН ХАЛААСАНД ХЭДЭН ТӨГРӨГ ОРДОГ ВЭ?
Үүнийг тооцоолохын тулд тооны машинаар толгой эргэм тоо бодох шаардлага тулгарна. Тухайлбал, хамгийн бага мөнгө төлдөг айл зундаа 45 мянган төгрөг, өвөлдөө 80 мянган төгрөг төлдөг байна. Гэхдээ манайх хамгийн бага төлдөг айл нь. Энэ мэт 32 айл, дээрээс нь дахиад 34 айлын байрыг зарахыг нь зарж, түрээслэхийг нь түрээслээд дээрээс нь доллараар бодогдох 17 автомашины зогсоол, томоохон дөрвөн худалдааны төвүүд бий. Байрны эздийн тэмцэл бүтэн гурван жил явж байж өнгөрсөн 11 дүгээр сарын есөнд эхний айл байрныхаа гэрчилгээг авч. Дараагаар нь 11 айл албан ёсоор гэрчилгээгээ аваад одоо хоёр айл хөөцөлдөөд явж байна. Ван Сэн Туныг түлхэн гарч ирсэн Ли Шан Бо гэж ямар хүн байдгийг үзсэн харсан нэг ч хүн уг байранд байдаггүй байна. Учир нь үүдэндээ камертай гаднаас сэжиг бүхий хүн ирвэл хаалга хэзээ ч тайлж өгдөггүй гэнэ.

Одоо уг байранд оршин суух гэрчилгээгээ аваагүй иргэд хэзээ мөдгүй хөөгдөөд гарах вий гэхээс үхтэлээ айж суугаа. Үүний зэрэгцээ хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдийн үйлдлийг илчлэн тууштай тэмцэж буй иргэдийн тогийг нь таслах, айлган заналхийлэх байдал ердийн үзэгдэл гэнэ. Тус байрны хэд хэдэн оршин суугчдын гэрээр орж нөхцөл байдалтай танилцахад халуун усгүй хоёр жил болж байна, байранд амьдарч байгаа хэдий ч тогоо таслуулан хөргөгчтэй махаа өмхийрүүлэх, найзындаа очиж усанд ордог талаараа хэлж байгаа юм. Бас болоогүй, байрны түрээс, татаас авах эрх тэдэнд байхгүй атал өөрсдөө тооцооны хуудас бичин мөнгөө нэхдэг гэж байгаа.

Тус байранд хэд хэдэн удаа очиход лифт ажиллахгүй шатаар буух, цэвэрлэгээ хийгддэггүй учраас хогондоо хөглөрөх, лаа бариад гэртээ сууж байх айлууд олон байлаа. Тэд эсэргүүцэл илэрхийлснийхээ төлөө ийн шийтгэл амсаж байгаа нь тэр. Тэгсэн хэрнээ 22 хоногийн турш гадаадад томилолтоор явсан айлын автоматикийг аваад явчихсан байсны улмаас тоггүй болж хөргөгчинд байсан зүйлс нь юу ч үгүй илжирсэн. Тэр ч бүү хэл тогтой байх үед 15 мянга гардаг байсан цахилгааны мөнгө тэр сардаа 18 мянга гарч байх жишээтэй. Байрны айлуудын зарим нь айсандаа байрны мөнгөө төлдөг байхад хууль бус үйлдэлтэй эвлэрэхийг хүсээгүй иргэд дургүйцлээ илэрхийлэн дээрх шийтгэлийг амсаж байна. Хамгийн эмгэнэлтэй нь хуулийн байгууллагууд тэдний үйлдлийг хориглосон ч үйлчлэл нь зогсохгүй байгаад л учир байна.

ЗАХИАЛАГЧДЫН ҮҮХ ТҮҮХ
Байрны оршин суугчдын төлөөлөл Д.Ичинхорлоо
-Анх 2008 онд хотын төвд байрлал сайтай чанартай, тэгсэн мөртлөө эзэн байхгүй барилга харагдаад байдаг байлаа. Иргэн хүний хувьд уг барилга анхаарал татсан учраас сонирхон Орхон захаас юм худалдаж аваад гарахдаа ирж сонирхсон юм. Тэр үед уг барилга ашиглалтанд ороогүй, одоогийн доод давхарт байгаа үйлчилгээ төвүүдийн цонхыг нэвт нэвт хагалаад хаячихсан, орц нь бүгд онгорхой байлаа. Тухайн үед энд нэг ч хүн байдаггүй байсан учраас сонирхон хоёр давхар руу өгссөн. Эвгүйтээд буцсан юм. Тэр цагаас хойш уг барилгыг ажиглаад л яваад байдаг байсан. Гэтэл нэг удаа байрны захиалга авч байна гэсэн зарыг гаднаа өлгөсөн харагдсан. Ороод үзтэл нээрээ л байрны захиалга авч байхаар нь орж захиалгын үнийг нь сонирхтол нэг ам метр нь 1000 ам.доллар өөрсдөө захиалья гэвэл 850 ам.долларт бодож болно, гэхдээ бараг байр үлдээгүй тав болон найман давхарт нэг байр байгаа гэсэн хариу өгсөн.

Тиймээс би таван давхрын байрыг авахаар 2008 оны зургаадугаар сарын 27-нд гэрээ хийн захиалгаа өгсөн. 2008 онд нэг ч банк зээл өгдөггүй байсан үе. Байрны захиалга авч байсан хүн төлбөрийн 80 хувийг өгөх юм бол гэрээ хийж болно гэсэн. Байрны борлуулалтын менежер Оюунчимэг гэж эмэгтэй байсан. Тэгээд зургаадугаар сарын 20-нд 80 хувийн төлбөрийг ам.доллараар нь өгчихөөд гэрээгээ хийсэн. Гэрээний нөхцөлийн тухайд оршин суугчдаас элдэв юм шаардах эрх байгаагүй. Барилгын компани гэрээгээ хийвэл хий, болибол боль гэсэн шаардлага л тавьж байсан. Тэгээд ч хоёрхон байр үлдсэн. Үүний зэрэгцээ захиалга өгсөн хүний өмнүүр орж байр авч байна гэж би ойлгосон. Тэр үед лифт энэ тэр, замаск ч хийгдээгүй зүгээр л цонхтой нүх гэж болохоор өрөөнүүд байсан.

Гэрээ хийснийхээ дараа байр хэзээ ашиглалтанд орохыг ч би мэдээгүй. Өөрийнхөө байрыг зараад охин болон ах дүү нараасаа зээлж байж тэр мөнгийг босгосон. 65 мянган ам.долларыг би ингэж л олж тушаасан. Тухайн үед хэзээ ашиглалтанд орох юм бэ хэрэв хурдан ашиглалтанд орно гэвэл би бүх мөнгөө олоод өгч болж байна гэж хэлсэн. Тэд ч наадмаас өмнө ашиглалтанд орчихно гэсэн. Гэтэл наадмаас өмнө барилга ашиглалтанд орж чадалгүй наймдугаар cap хүрсэн. Тиймээс би компанийн удирдлагуудад “Та нар гэрээнийхээ нөхцөлийг биелүүлээгүй учир цаашид байр хөлслөх боломжгүй учир байр хөлслөх мөнгө нэхсэн. Харин тэд өөрөө засвараа хийгээд орвол болно гэхээр нь зөвшөөрч өөрөө засвараа хийн хамгийн түрүүнд буюу наймдугаар сарын 20-нд орсон. Үүний дараагаар нэмж 31 айл өөрсдөө засвар хийн энэ байранд орж байсан юм” гэж хэлсэн.

Эцэс төгсгөлгүй үргэлжлэх хавтаст хэргүүд, хэн нь хэнийгээ хэрхэн хэмлэж өдийг хүрсэн, энэ хугацаанд хуулийн байгууллагууд хэрэг дээр хэрхэн ажилласан талаарх баримтуудыг бид үргэлжлүүлэн нийтлэх болно.

С.МӨНХ

Эх сурвалж: Улаанбаатар таймс


URL:

Сэтгэгдэл бичих