Монголын шүүх тогтолцооны хараат бус байдалд гадаад ертөнц эргэлзэж байна

МАХН-ын дарга Н.Энхбаярыг холбогдуулж буй хэргийн хяналтын шатны буюу Дээд Шүүхийн хурал болж өнгөрлөө. Энэхүү үйл явдлыг Монголд төдийгүй, гадаад ертөнцөд анхааралтай ажиглаж эхний дүгнэлтүүдээ гаргаад байгаа билээ. Дэлхийн нэр хүнд бүхий мэдээллийн агентлагууд төдийгүй, Н.Энхбаяр даргатай биечлэн уулзах, үйл явдлыг сурвалжлах зорилгоор Америкийн нэр хүнд бүхий Wall street journal-ын тусгай сурвалжлагч   Alex Frangos  Улаанбаатарт ирж, Н.Энхбаяраас авсан  ярилцлагаа  “Монголын экс удирдагч шоронгоос ярьж байна” гарчигтайгаар  шуурхай нийтэлжээ.

 

Тэрээр “манай улсад хэлмэгдүүлэлт газар авч байна, энэ хэвээр үргэлжилбэл улам гүнзгийрч аюултай байдалд орно” гэсэн байр суурийг бодитоор хүргэсэн төдийгүй, Н.Энхбаярт наалдуулж буй хилс хэргээс улбаатай эхний үр дагавар нь Монголын Засгийн газрын бондын ханш унасан явдал гэдгийг тэмдэглэсэн байна. Мөн Asia Times сэтгүүлд Хонолулу дахь Ази Номхон Далайн аюулгүй байдлын судалгааны сургуулийн профессор, доктор Жеффри Рийвсын “Монгол улс буруу замд хөл тавьж байна” гарчигтай нийтлэл гарсан байна.

 

Тэрээр: “ Н.Энхбаярт ял оноосон нь Монгол улсын шүүх эрх мэдэл олонхи болсон улс төрийн хүчнээс хамааралтай болохыг харуулж байна. .. Н.Энхбаярт ял шийтгэл оноосон явдал нь нийгмийн эрх мэдэл бүхий хэсэг нь бие даасан гэх институцуудыг улс төрийн зорилгоор ашиглах боломжтой гэдгийг харуулж байна” хэмээн дүгнэжээ. Мөн доктор Рийвс : ” Ихэнх монголчуудын хувьд улс төрийн захиалгатай гэж тооцогдож байгаа Н.Энхбаярт холбогдуулсан гэмт хэргийг удирдан зохион байгуулсан Авлигын эсрэг хараат бус Монгол улсын байгууллага нь авлигатай тэмцэх чадваргүй гэдгээ дахин нотолсон” гэж шулуухан хэлжээ.

 

Улс төрийн тэмцэл, хэлмэгдүүлэлттэй холбоотой асуудлыг хойд хөрш ОХУ-ын хэвлэл мэдээллийхэн ч тойрсонгүй. Тэдний үзэж буйгаар “Барууныхан Монголд үүсэж болзошгүй улс төрийн тогтворгүй байдалд санаа зовниж байна”, “Монголын талын төлөөх тулаан эхэллээ” зэрэг нийтлэлүүдийг нэр хүнд бүхий “Власть” сэтгүүлд нийтэлжээ.

 

Ер нь олон улсын хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа мэдээллийг дүгнэхэд:

•    Монголын шүүх тогтолцооны хараат бус байдалд гадаад ертөнц эргэлзэж байна,

•    Монголын дотоод улс төрийн тэмцэл эрх зүй, ардчиллын хэм хэмжээнээс хальж, өрсөлдөгчөө хэлмэгдүүлэх хэлбэрт шилжиж байгаа,

•    Энэ нь эцсийн дүндээ Монголын улс төрд тогтворгүй байдал үүсгэж болзошгүй

•    Монголын албан ёсны эх сурвалжууд үнэн бодит мэдээлэл өгч байгаад эргэлзсэн,

•    Тийм ч учир Монгол улсын санхүүгийн итгэл даах чадварт эргэлзсэн

ерөнхий дүр зураг ажиглагдаж байна. Тэгээд ч “даарин дээр давс” гэгчээр манай цагдаагийн удирдлагууд яаруу сандруу Интерполд хандсан нь, улс төрийн дотоод  “дажиндаа” энэхүү нэр хүнд бүхий олон улсын байгууллагын нэрийг ашиглах гэж байна гэсэн болгоомжлол төрүүлсэн юм.

 

Интерпол нэр бүхий иргэдийг эрэн сурвалжлах ажиллагааг түр саатуулсан нь хэн нэгний захидлаас болоогүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид үйлчлэх гэж яарсан өнөөгийн цагдаагийн дарга нарын болчимгүй үйлдлээс болсон юм.

 

Л.Эрдэнэтуул, улс төр судлаач.


URL:

Сэтгэгдэл бичих