Дулааны техникийн нөхцлийн зөвшөөрөлгүй байр худалдан авах, захиалахаас сэрэмжлүүлж байна
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/558 дугаар захирамжийн дагуу 2012-2013 оны халаалтын улиралд дулаан хангамжийн даралтын хүрэлцээ муу, нэмж барилга холбоход хүндрэлтэй, дулааны эх үүсвэрээс алслагдсан, өндөрлөг цэгт байрласан 3, 4, 12, 13, 15, 16 дугаар хороолол, Зайсан, 40 мянгат орчимд баригдсан 87 барилгад “Дулааны техникийн нөхцлийн зөвшөөрөл” олгохгүй бөгөөд дулааны холболтын зөвшөөрөлгүй барилга, байрыг худалдан авах, захиалга хийж хохирохгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг хулгайгаар төвлөрсөн дулаанд холбосоноос ойролцоо байрлах барилга байгууламжийн халаалт доголдох, хөлдөх нөхцөл байдал үүсэх тул ойролцоо байрлах барилга байгууламжийн шугам тоноглолоос зөвшөөрөлгүй дулааны холболт хийхгүй байхыг барилгын компаниудад анхааруулж байна. Зөвшөөрөлгүй холболт хийснээс үүсэх эд хөрөнгийн болон бусад хохирлыг хууль зөрчсөн байгууллагууд хуулийн дагуу бүрэн хариуцна.
Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн иргэн Ч.Ичинхорлоогийн барьсан 11 давхар орон сууцны барилга, иргэн н.Алтансүхийн барьсан 1 орцтой 12 давхар барилгууд хулгайгаар дулааны холболт хийсэн байсныг таслан зогсоосон, мөн 40 мянгатад “MGCC” компанийн барьсан 10 давхар орон сууцны барилгын дулааныг таслах ажил хийгдэж байна.
Дулааны техникийн нөхцөл зөвшөөрөлгүй баригдаж буй барилгын жагсаалт
НЗДТГ
URL: