Хэрэв эхнэр чинь чамайг хуурвал чи яах вэ?

(Зөвхөн эрчүүдэд зориулсан зөвлөлгөө)
Х.Эрдэмбилэг
Мэдээж яах нь чамаас шалтгаална. Хүн бүр өөр. Гэхдээ хүн төрөлхтөн хуримтлуулсан мэдлэг, туршлага бий – ганцхан чамайг л эхнэр чинь хуурч мэхлэдэггүй юм шүү! Судалж, суралц. Эсвэл сэтгэлзүйчид ханд… Хүн төрөлхтний мэдлэг туршлагаас суралцая гэвэл утга зохиол унш. Тэр тусмаа сонгодог зохиолчид, бүр онцолвол, Европын сонгодгуудыг унш. Оросын зохиолч Антон Чехов зовсон хүнд тус болох олон үгүүллэг бичсэн. Хэрэв амьдрал хэцүү, амиа хорлохоор завдаж байгаа бол түр азнаад түүний богино үгүүллэгүүдийг уншихад алзахгүй.

Эхнэр нь хуурсан эрд: Хэрэв авгай чинь чамайг хуурсан бол, эх орноосоо биш чамаас уравсанд баярлаж яв гэж Чехов зөвлөж. Магадгүй, Чехов энэхүү аформизмаа сонин, сэтгүүлийн зай бөглөх гэж хэдхэн хормын дотор бичсэн байх. Гэхдээ 19 дүгээр зуунаас хойш оросууд энэ аформизмын талаар маргалджээ. (Интернэтээс харлаа)… Магадгүй, заримд нь орчуулга оновчгүй санагдаж болно. Амиа хорлох гэж буй хүнд Чехов эх хэлээрээ: Если тебе изменила жена, радуйся, что она изменила тебе, а не отечеству гэж зөвлөжээ. Хахаха…
Заримд нь, магадгүй, орос эх нь ч хангалтгүй – тайлбар хэрэгтэй байх. Харамсалтай нь аформизм хүний зүрхэнд хурц хутга шиг хүрэх ёстой тул тайлбарлах утгагүй.
Заримд нь, харин үнэхээр давхар гуниг нэмж болноо. Дээрх үг… Хэрэв авгай чинь чамаас урваад, ахиад бас эх орноосоо уравсан байвал яах уу? Хэн нэгэнд нь тэгж бодогдож болно шүү дээ. (Эх орноосоо уравсанд биш, эх орноосоо уравсан мэт сэтгэгдэл төрүүлдэгт л гол асуудал байгаа юм шүү!) Тэгвэл тэр хүн амиа хорлох уу? Хэдийгээр манайхан хүн төрөлхтнийг арьс өнгө, гарал үүслээр ялгах ёсгүй гэцгээдэг ч жинхэнэ даяарчлагдсан эр хүн, яг үнэндээ Монголд хэд байгаа билээ.
Дуучин бүсгүйг Өвөр Монгол эртэй суулаа гэж хэчнээн элдэв янзаар нь хэлэв. Мөн саяхан Стивен Сигал Монгол туургатны 100 алдартан нэвтрүүлгээр, би Монгол хүн гээд л уйлаад байхад, манайхан гэдэг хэсэг нөхөд хацар гоо охиныг маань аваад явсан гээд л халаглацгааж байлаа шүү дээ… Манай эрчүүд нэг иймэрхүү…
Тиймд харь газар гэр бүлээрээ амьдарч, галуу шувууны мах идэж яваа монголчуудад маань Чеховын аформизм бүр ч нэмэргүй. Аваад суусан авааль гэргий нь хар, шар, бор гэлтгүй; шашин шүтлэг харгалзалгүй жинхэнэ интернационалч хандаж ажил олгогч эзэнтэйгээ, эсвэл нэг сайхан харь залуутай холбогдож болно шүү дээ… Тэгэхээр яах уу? Чехов амьдсан бол асуухсан, даанч…
Ер нь бол улс орноор хязгаарлагдахгүй, хил дамнан шалгарсан нэг арга бол: хууруулвал – өөрөө хуурах… Баталгаатай хийхийн тулд давхар давхар хуурах хэрэгтэй. Нэг биш…дор хаяж гурван нууц амрагтай бол.
Хэрэв авааль гэргий чинь хуурвал нэг дэх N дээрээ очно. (Солонгосын монголчууд нууц амрагийг ингэж нэрлэдэг. [Эн] гэж уншина.)  Хэрэв нэг дэх N чинь хуурвал (байж болно ш дээ) хоёр дахь N чинь байна. Аа, хэрэв хоёр дахь N чинь хуурвал гурав дахь N чинь байна. Сэтгэлээр унаад байх хэрэггүй байгаа биз дээ… Чамд юу л байна. N л байна… Харин гурав дахь N чинь хуурвал, яах уу? Амиа хорлох уу? Яараад хэрэггүй. Түр хүлээ… Энэ бол амиа хорлох шалтаг биш – амиа хайрлах шалтаг. Бод доо, чи ганцаарахнаа авааль гэргийгээ тоолоод дөрвийн дөрвөн сайхан бүсгүйг хуурсан байна. Гэтэл дөрвийн дөрвөн хүүхэн хамжиж байж арайхийн ганцхан чамайг л хуурсан байна. Хөлбөмбөгөөр бол чи ганцхан гоол л алдсан байна. Нэгийг харьцах нь дөрөв… Арай дэндүү гоолдсон юм биш үү, аан…
Мэдээж олон N-тэй байх нь money мэдэх асуудал. Төсвийн цалинтай, эсвэл төсвийн цалинг давахгүй цалинтай бол хэцүү… Тэгээд хэцүү гээд яах билээ. Цалин бага, царай муутай эрчүүдэд л авгай араар тавих асуудал болохоос, цалин мэдэхгүй баячуудад асуудал гэж үү. (Гэхдээ нөхөр минь төр засаг чамайг авгайгаа араар нь тавь гэж цалинжуулдаггүй юм шүү. Авааль эхнэр, ар гэрээ тэжээ гэж чиний хэрэгцээг хасаж, цалин өгдөг юм. Үүнийг сайн санаж яваарай!)
Үнэндээ бол хамгийн сайн арга бол ХАЙРЛАХ… Араар чинь тавьсан авгайгаа хайрла. Хайрлуулах биш хайрла. Яадаг юм, чамаас сайхантай нь учраа л биз. Чамд л ашигтай шүү дээ. Эхнэрээ баярлуулах гэж цалингаа үрэхгүй. Бас нууц амрагийн ачаар, сайхан ааштай эхнэрээрээ амттай хоол хийлгүүлж иднэ. Хэрэв эхнэрийг чинь хүн тоохгүй муухай аашийг нь хөдөлгөөд байвал чи ч гэртээ олигтой ч цуйван идэхгүй. Үнэн биз дээ. Сайн тунгаа… Амтат хуушуур, цуйван идсэн өдрүүдээ сайн сана. Авгай чинь ийшээ, тийшээ гараагүй биз… Харин үнэхээр юм үзээгүй юм шиг муухай ааштай авгайтай бол бас нэг зөвлөлгөө байна: Эхнэр чинь чамайг хуурвал – өшөөгөө ав. Нууц амрагт нь нэгмөсөн өгчих.

 

Гэсэн ч гэлээ эхнэрээ хайрлах хэрэгтэй шүү, нөхөр минь. Бүр болохгүй бол Буддын шашнаа үз. Эрдэнэт хүн болж төрнө гэдэг чинь зүүний үзүүр дээр будаа тогтохтой адил ховор тохиол. Хүн болж төрөхийн тулд олон янзын төрөл дамждаг.  Энэ насанд учирч байгаа хүмүүс урьд төрөлдөө учирч байсан л гэсэн үг. Авгайтай чинь явалддаг хүмүүс урьд насандаа – ялаа шумуул, үхэр үмбүү, гахай нохой, хулгана зурам, загас жараахайнууд байхдаа – учирч байсан ч юм билүү, чи яаж мэдлээ. Ялаа шумуул, загас жараахай яадаг билээ, төсөөлөөд үз дээ. Харин чамдтай бол зөвхөн урьд насандаа хүн байхдаа  л учирсан байж таараа… Үнэндээ бол чи ч гэсэн юу байсныг хэн мэдлээ… Гэхдээ цаашид бодоод хэрэггүй… Орхихыг зөвлөж байна. Энэ зөвлөлгөөг авч байгаа бол чи их янзын нөхөр байна шүү!


URL:

Сэтгэгдэл бичих