2009-2010 оны зудын байдал давтагдаж болзошгүй

Нийт нутгийн 70 орчим хувьд нь цастай. Увсын Малчин, Хяргас, Наранбулаг, Баруунтуруун, Өндөрхангай, Сагил, Хөвсгөлийн Ханх, Цагаан Үүр, Өвөрхангайн Хархорин, Хужирт, Бүрд, Уянга, Нарийнтээл, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Зүйл, Баян-Өндөр, Завханы Сонгино, Тэлмэн, Яруу, Цэцэн-Уул, Цагаанхайрхан, Баянхонгорын Шаргалжуут, Архангайн Хотонт, Хашаат, Булганы Гурванбулаг, Сэлэнгийн Бугант, Алтанбулаг, Хэнтийн Гурванбаян, Дундговийн Адаацаг сумын нутгаар шөнөдөө жиндүү хүйтэн хонож, цасны зузаан 20-60 см, хунгарлаж шуурсан газраа 60-130 см хүрч, эдгээр 10 аймгийн 32 суманд мал бэлчээрлэх боломжгүй болоод байна. Цас ойр ойрхон нэмэгдэн орж, нийт нутгаар хүйтэн байгаа нь 15 аймгийн 70 суманд хүндрэл үүсгэхээр байна гэж Цаг уурын хүрээлэнгээс сэрэмжлүүллээ.

Цаг агаарын урьдчилсан төлвөөс үзэхэд одоо цас ихтэй байгаа аймаг, сумын ихэнх нутгаар энэ 12 дугаар cap, ирэх нэгдүгээр сард олон жилийн дунджаас ахиу цас орж, агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн өөрөөр хэлбэл, 2009-2010 оны зудтай байсан үеийн нөхцөл байдал давтагдаж, болзошгүй байгаа учир яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгоор Улсын Онцгой комисс хуралдлаа.

Нийт нутгийн хэмжээнд хамгийн их цастай Өвөрхангай аймагт байдал илүү хүндрэлтэй байгаагаас тус аймгийн 907 өрхийг Булган, Баянхонгор зэрэг аймгийн нутагт нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байна. Үүнд шаардагдах зардал 42 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргуулахаар Засгийн газарт асуудал оруулахаар тус хуралдаанаас шийдвэрлэлээ. Цаг үеийн байдалтай холбогдуулан албан даалгавар гаргаж буйгаа Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва танилцууллаа.

Засгийн газар, Улсын онцгой комисст аймаг, нийслэлийн Засаг дарга, онцгой комиссоос хүн хүч, туулах чадвар сайтай тээврийн хэрэгслийн тусламж хүссэн үед эхний ээлжинд гарч ажиллах бүлэг, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж ажиллах, улсын хилийн бүсэд отроор өвөлжилж, хаваржиж байгаа малчдын эрүүл мэнд, мал сүргийн аюулгүй байдалд дэмжлэг үзүүлж ажиллахыг Батлан хамгаалахын сайд болон Хил хамгаалах Ерөнхий газрын даргад үүрэг болголоо.

Үргэлжлэн орсон цасанд улсын болон орон нутгийн шинж чанартай зам даваа, хаагдсаны улмаар иргэд, малчид холбоо тасарч, түлээ түлшгүй болох, малын бэлчээр цасанд дарагдаж хүндрэл үүссэн үед дэмжлэг туслалцааг хугацаа алдахгүй шуурхай шийдвэрлэж байхыг холбогдох хүмүүст даалгасан юм. Цаг агаарын хүндрэл бэрхшээлтэй давхцан мал, амьтны халдварт, гоц халдварт өвчин гарахаас сэргийлэхийг Шадар сайд анхаарууллаа. Отроор өвөлжиж, хаваржиж байгаа малчдад яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлэх байнгын бэлтгэлтэй байх, сургуулийн болон бага насны хүүхдийг аль болох малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цаг агаарын мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр малчид, ард иргэдэд байнга сэрэмжлүүлж байхыг даалгавар болголоо.

УЛААНБААТАР ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих