ХДХВ-ын идэвхтэй халдвартай 500 гаруй хүн байна
-Төсөл нь батлагдвал ахмадуудад 340 мянган төгрөгийг оноос өмнө олгоно-
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдаанаар Хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэхдээ хуулийн төслөөс “тэмцэх” гэсэн агуулга бүхий үгийг хасч, ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ хийх, шинжилгээнд хамрагдах талаар зөвлөгөө өгөх журмыг батлан мөрдүүлэх үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүлээж байхаар тусгасан байна.
Түүнчлэн төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага нь баталгаажаагүй цус, цусан бүтээгдэхүүн, эхийн сүү, донорын эрхтэн болон зүү тариур, бусад багаж хэрэгслээр ХДХВ-ын халдвар эмнэлэгтээ тараахгүй байх нөхцөл бүрдүүлэх үүргийг хуульчилжээ. Хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал уг асуудлаар зарим зүйлийг тодруулсан юм. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 126 хүн илрээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, иргэдийн халдвар авах байдал буурахгүй. Өдөрт гурван ч хүнээс вирусын халдвар илэрсэн тохиолдол байгаа гэв.
Эдгээр 126 хүний цаана идэвхтэй халдвартай 500 гаруй хүн бий гэсэн таамаг тооцоо бий гэнэ. Сүүлийн үед бэлгийн замын халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаа нь ДОХ/ХДХВ-ын халдвар тархах аюулын харанга дэлдээд байгааг сайд хэлэв. Мөн тэмбүү өвчний гаралт эрс нэмэгдэж, хүнд хэлбэрээр өвчилсөн тохиолдол олноор илрэх болжээ.
Түүнээс гадна төрөлхийн тэмбүүтэй хүүхэд мэндэлж, эндэх тохиолдол гарсаар байгааг ч сайд дуулгалаа. Хэдийгээр манай улс ХДХВ-ын бага тархалттай орны тоонд багтаж байгаа ч бэлгийн замын өвчний гаралтаас харахад, байдал хүндэрсэн гэж хэлэхээс аргагүйг салбарын сайд онцлов. Мөн энэ өдөр “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Холбогдох байнгын хорооны хуралдаанаар уг төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Ажлын хэсгээс улсын хэмжээнд нэн чухал хэрэгцээтэй байгаа цэцэрлэг, ЕБС-ийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны 1197 барилгын жагсаалтыг хавсралтаар батлах санал оруулсныг гишүүдийн олонхи дэмжжээ.
Түүнчлэн жагсаалтад заасан барилгуудыг 2013- 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Харин барилга тус бүрийн байршил, хүчин чадал, зардлын хэмжээ, хөрөнгийн эх үүсвэр, барих хугацааг нарийвчлан тодорхойлж, ирэх оны эхний улиралд багтаан баталж мөрдүүлэх зэрэг санал ч мөн дэмжлэг авсан байна. Ингээд уг асуудлаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.1 хувь нь дэмжин Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Түүнчлэн энэ үеэр Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хөндлөө. Сангийн сайд Ч.Улааны танилцуулснаар, Хүний хөгжил сангийн энэ оны төсвийн тодотголыг УИХаас 336.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн дутагдалтай батлалжээ.
Тиймээс дутаж буй эх үүсвэрийн 23.5 тэрбум төгрөгийг оны эхний мөнгөн хөрөнгийн үлдэгдлээр, үлдэх 313.1 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаас гаргаж төвлөрүүлэхээр тооцсон ажээ. Тус сангийн эхний зургаан сард иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг олгох, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг гурав хуваан олгох явцыг санхүүжүүлэхтэй холбогдуулан нийт 220 тэрбум төгрөгийн богино хугацаатай зээлийг Монголбанкнаас авч ашиглажээ. Уг зээл нь Төв банкны тухай хуулиар тухайн санхүүгийн жилд буюу энэ сарын 30-наас өмнө бүрэн төлөгдөх ёстой аж. Мөн энэ оны эхний зургаан сарын гүйцэтгэлээр зорилтот бүлгийн нэг сая төгрөгийг олгоход нийт 211.9 тэрбум төгрөг санхүүжүүлсэн боловч эх үүсвэр дутагдаж байгаагаас болж гурав дахь ээлжийн 340 мянган төгрөгийг олгоход шаардлагатай 120 гаруй тэрбум төгрөгийг санхүүжүүлээгүй байна. Иймд тус сангаас олгох 340 мянган төгрөгийн үлдэгдэл болон Монголбанкнаас авсан зээл, зээлийн хүүг энэ сард багтаан бүрэн санхүүжүүлэхийн тулд Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах замаар тус санд дутагдаж буй эх үүсвэрийг Засгийн газрын бонд, өрийн бичиг гарган санхүүжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Харин Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХын тогтоолын төсөлд Хүний хөгжил сангийн алдагдлыг санхүүжүүлэхэд шаардагдаж буй 336.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн дутагдлын 23.5 тэрбум төгрөгийг тус сангийн эхний мөнгөн хөрөнгийн үлдэгдлээс санхүүжүүлж, үлдэж буй 313.1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын бонд гарган бүрдүүлэхээр тусгасан байна.
Сангийн сайд Ч.Улааны тодотгосноор олгогдоогүй хүлээгдэж буй энэхүү мөнгийг олгохын тулд хууль, тогтоолын төслийг санаачлан боловсруулж, шуурхай хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй байгаа аж. Хэрэв УИХ шийдвэрээ гаргавал Засгийн газар үнэт цаасаа борлуулна. Ингэснээр энэ ондоо багтаан үлдэгдэл мөнгийг олгох юм байна. Ийнхүү гишүүд уг төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
О.Сэлэнгэ
НИЙГМИЙН ТОЛЬ
URL: