Зургаан зууны дараа биднийг Монгол гэж танилаа…
Хятадын Хөнань мужийн Сяо овогтон иргэдийг монгол үндэстэн гэдгийг Хятад, Өвөрмонголын түүхч эрдэмтэд баталсан тухай Синьхуа агентлагийн мэдээг бид өмнө нь дамжуулж байсан билээ. Тус мэдээг ӨМӨЗО-ны Хөххотод суугаа МОНЦАМЭ-гийн сурвалжлагчид уламжилсан Монгол Улсаас БНХАУ-ын Хөххот суугаа Ерөнхий консулын газрын Консул Ж.Баярбаатар энэ удаад мөн Хэнань мужаас Хөххотод ирсэн монгол үндэстэн Сяо Юн Цюанийг бидэнтэй уулзууллаа. Ингээд та бүхэнд Сяо Юн Цюаньтай хийсэн ярилцлагыг хүргэе.
Сяо угсаатан хэмээн нэрлэгддэг 5000 орчим хүн Хөнань мужийн 10 гаруй тосгон сууринд суурьшин амьдаргийн нэг нь Сяо Юн Цюань эрхэм бөгөөд тэрээр мужийнхаа төмөр замын байгууллагад насаараа ажилласан нэгэн юм. Одоо өндөр насныхаа тэтгэвэрт суугаа тэрээр Монгол Улсад очиж үзэх хүсэлтийг Хөххот дахь Ерөнхий консулын газарт тавьжээ. Халуун дулаан уур амьсгалтай Хятадын өмнөд нутагт амьдардаг Сяо Юн Цюань гуай Монгол орныхоо өвлийг үзэх тун сонирхолтой байгаа гэнэ. Тэрээр Монгол Улсад анх удаа хөл тавих өдөр хоногийг тэсч ядан хүлээж буйгаа сэтгэл догдлон ярьж байлаа. Дашрамд энэхүү ярилцлагыг орчуулж мэргэжлийн туслалцаа үзүүлсэн эрхэм консул Ж.Баярбаатарт талархсанаа илэрхийлье.
-Хятадын угсаатан судлаач эрдэмтэд Сяо овогт иргэдийг монгол үндэстэн гэдгийг баталснаа зарлаад удаагүй байна. Та бүхэн энэ мэдээг ямархуу санал сэтгэгдэлтэйгээр хүлээн авсан бэ?
-Маш их баярлалгүй яахав дээ. Биднийг өмнө нь албан ёсоор монгол үндэстэн гэж зарлаж тунхаглаагүй ч бид монгол хүн гэдгээ мэддэг, түүх соёлоо эрж сурвалжилж, Монгол гэдэг үгийг тарни шиг л бодож явсан улс. Тиймдээ ч Ордосын Чингисийн онгонд болдог Их монголын хар сүлдний тахилгад манай муж, хошуу, сиянаас жил бүр ирж оролцдог, эх хэлээ мэдэхгүй ч элгэн садан монголчуудтайгаа уулзаж учирцгаадаг байсан. Харин биднийг монгол үндэстэн гэдгийг нотолж, энэ мэдээ Хятадын болон Хонконг, Макаогийн телевизүүдээр өргөн олон нийтэд цацагдсанаас хойш залуучууд маань монгол хүн гэх омгорхлоо бүр ч асааж ноцоож байна. Үнэнийг хэлэхэд өмнө нь бид энэ тухай ам дүүрэн хэлж ярьж чаддаггүй л байлаа. Зургаан зууны дараа л биднийг монгол үндэстэн гэж танилаа шүү дээ…
-Та бүхэн өмнөх түүх, удам судраа хэр сайн мэдэх вэ? Уг удмын бичиг бий юу?
-Бид эх хэлээ их эрт үед алдсан. Юань улс задарч сульдах үес манай өвөг дээдэс анхны суурьшмал нутаг Шаньси мужийн Пин Ань Лу гэдэг газраас одоогийн энэ Хөнань мужийн Жун Моу орчимд дутаан ирж эндээ нутагшсан түүхтэй. Ингээд л Мин улсын үед удам судраа нууцалж, монгол хүн гэдгээ далдалж Хан үндэстэн лугаа нүүр хувиргах тийм нэгэн хэцүү цаг үе эхэлсэн. Учир нь монгол хүн гэдгээ бусдад мэдэгдэх нь амь насаа аюулд хүргэхээр байлаа. Эндээс л бичиг соёл, хэл угсаагаа мартах эмгэнэл эхэлсэн гэж болно. Тэгэхдээ өвөг дээдэс маань үр хойчдоо ямагт монгол үндэстэн гэдгээ хэлж захиж он жилийг туулан өнөөдөрт ирэхдээ хэл маань хятад болсон ч удам угсаа гэх сэтгэл маань монголоороо үлдсэн. Бидэнд угийн бичиг байхгүй. Харин бидний үүх түүхийг тэмдэглэсэн нэгэн чухал чулуун дурсгал /бунхан/ одоо бидний амьдарч буй Хөнань мужийн Жун Моу сиянд байна. Тэрийг бид угийн бичиг лугаа хүндэтгэн тайдаг.
-Дээр дурдсан мэдээнд та бүхнийг Зүчийн хойчис хэмээн бичсэн байна. Харин танай Хөнань мужийн Лу Янд өөрсдийгөө Мухулайн хойчис хэмээн нэрлэдэг Ли овогтон монголчууд бас байдаг шүү дээ. Сяо овогтнуудын Ли овогтнуудаас ялгарах онцлог юу вэ?
-Их хаан хөвгүүддээ нутаг заан хуваарилахдаа Зүчид тэр газрыг /Шаньси муж/ өгсөн. Зүчийн хойчис тэнд амьдарч байсан тухай нөгөө чулуун дээрх бичигт бий л дээ. 1254 онд Батхааны том хүү Сартагтай мөн тэр газарт амьдарч байсан. 1255 онд Бат хаан насан эцэслэхэд Мөнх хаан элч зарж Сартагтайг хаан ор суулгахаар умард нутаг руу дуудсан. Тэр үед Сартагтай умард тийш явж харин орд өргөө, хатан хөвгүүд нь уг нутагт үлдсэн. Шаньси мужийн Пин Ань Луд шүү дээ. Бид бол тэдний хойчис юм. Юань гүрэн унаж Мин гүрэн байгуулагдах үес бидний өвөг дээдэс тэндээ оршин амьдрахуйд нэн бэрх болж, олонх нь хядагдаж, 1368 онд 10 өрх айлын тэргүүлэгчид гэр бүлээ авч одоогийн Хөнань муж руу дутаан ирсэн гэдэг. Тэд ийнхүү нүүж ирээд бүх түүхээ нууж, аажмаар хятад соёл, зан дадгалд хэвшиж үлдсэн түүхтэй.
Харин Мухулайн хойчис гэх Ли үндэстэн бол тус нутагт эртээсээ амьдарч ирсэн түүхтэй улс. Одоо тэдний тахилгын сүм Ордосын Үүшин хошуунд бий. Ли үндэстнүүд биднийг бодвол харьцангуй эх хэл, түүх соёлоо марталгүй уламжилж иржээ. Ли гэдэг ханз нь хоёр дүрст зурлагаас бүтэх бөгөөд толгой дээрх үсэг нь мод буюу МУ хэмээх ханз байдаг. Түүн дорх үсэг ЛИ гэх зурлага. Тэд Мухули хэмээх үгийг товчлон Ли гэдэг овог авчээ. Дундад улс байгуулагдах үес /1949 он/ тус улсын бүх үндэстнийг овогжуулах компанит ажил өрнөсөн. Энэ үеэр монгол үндэстнүүд Ли, Сяо, Юи, Ван гэх зэрэг овгуудыг авсан бөгөөд бичлэг зурлагийн талаасаа нэлээд ухаалаг хандсан байдаг. Манай Сяо овог мөн ялгаагүй бидний өвөг Му Зяо нэрт ванг мөнхлөх зорилгоор Му Зяо гэх үгийн зурлагуудыг оролцуулж зохиосон ханз. Бидний өвөг дээдсийн нэг Му Зяо ван Юань гүрний үед тухайн нутаг орныг эрхшээн захирч байжээ. /Тайлбар: Хятад хэлний 木 “Му” ханзийг 交 “Зяо” ханзтай нийлүүлбэл 校 “Сяо” гэх үг үүсдэг. Иймээс тэд Сяо овогтон болсон байна/.
-Та бүхэн амьдран суугаа орон нутагтаа монгол ёс заншлаа хэрхэн хадгалан хөгжүүлж байна вэ? Овоо, тугийн тахилга тайлга гэх мэтийн зан үйл хийдэг үү?
-Бид Өвөрмонголд болон Дундад улсын бусад монгол үндэстэн байгаа газрын зарим нэгэн тахилга тайлгын зан үйлд оролцдог. Харин сүүлийн жилүүдэд өөрсдөө санаачилж Чингис хааны тайлга тахилгыг жилд нэг удаа хийх болсон. Манай хошуу сиянд монголчууд хамтдаа хоол будаа идэх, хувийн амьдралынхаа тэмдэглэлт үйл явдалд бие биенээ урьж зочлох явдал бол түгээмэл байдаг. Саяхнаас бид монгол хувцас хунараа сонирхон өмсөж эдлэх болоод байна. Хот суурин газар алба хашдаг зарим нэг нь интернэтээр Монгол Улс болон монгол үндэстэнийхээ талаар сонирхон уншиж үздэг ч бодит мэдээллээр нэн дутмаг байдаг. Манай нутгаас л гэхэд Монгол Улсад өөрийн биеэр очиж үзэх гэж байгаа анхны хүн нь би болж байх шиг байна. Би маш их яарч байгаа. Сургаар мэддэг Монгол Улсдаа биеэр очих боломж бүрдэж байна. Дашрамд хэлэхэд Хөххотод суугаа Монгол Улсын консулын газрын хамт олонд маш их талархаж байгаагаа уламжилъя. Тэд миний хүсэлтийг сонсоод Монголд зочлоход ямар материал, бичиг баримт бүрдүүлэхийг хэлж зөвлөсөн, ном журмынх нь дагуу визийг маань нэн шуурхай гаргаж өглөө. Үгээр хэлэхийн аргагүй баяр хөөртэй явж байна даа.
-Танай нутгийн цаг агаар, уур амьсгал ямархуу вэ? Монгол үндэстнүүд маань ямархуу ажил үйлс эрхэлж, амьдрал ахуй нь ямар шиг байдаг вэ?
-Манайх бол харьцангуй дулаан уур амьсгалтай газар л даа. Өвөлдөө нэмэх 3-5 хэм байдаг. Зундаа бол бараг 40 хэмийн халуун. Монголчуудын ихэнх нь тариа тарьж хөдөө тосгон сууринд аж төрцгөөдөг. Тэгэхдээ Дундад улсын бусад ард түмний жишгээр төр засгийн алба ажил хийгээд төв сууринд амьдарч байгаа монголчууд ч цөөнгүй бий. Дашрамд хэлэхэд Хөххот дахь Монгол Улсын консулын ажилтнууд болон сурвалжлагч таныг манай нутгаар зочлон очоорой гэж чин сэтгэлээсээ урьж байгааг минь хүлээн авна уу. Бидний нутагт очсон монгол хүнийг бид маш их хүндэтгэдэг. Монгол Улсаас манай нутагт хүн ирж байгаагүй. Өвөрмонголоос ажил албаны томилолтоор цөөн боловч ирж очдог юмаа.
-Тантай ярилцахад таатай байлаа. Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн танд их баярлалаа. Та Монгол оронд тавтай сайхан зочлоорой.
-Монгол улсынхаа хэвлэлд анх удаа ярилцлага өгч байгаадаа маш их баяртай байна. Миний амьдралын хамгийн дурсамжтай сайхан үйл явдал боллоо. Та бүхэнд их баярлалаа.
Б.Занданхүү /Хөххот/
URL: