Сувилагчийн хөдөлмөр суутай биш үү?
Намайг бараг л хүүхэд байхад Завхан аймгийн Ургамал суманд хүн эмнэлэгийн “Сестра Даш” гэж нэгэн байсан. Одоогийн сувилагчийг тэр үед “Сестра” гэж орос хэлээр дууддаг байжээ. Манай суманд бага эмч дөнгөж очиж байсан тэр үед Даш “сестра” маань одоогийн их эмчийн зиндаанд ард түмэндээ тоогддог залуу байсан юм.
Өвчин эмгэгт өртвөл Даш сестраг л манай сумынхан дууддаг байв. Тэр морь, тэмээгээр хаа холын багийн айл өрхүүдээр дуудлаганд явахад нь түнийг эзгүй хойгуур нь сумын төвийнхөн Даш “сестра”-г сураглаад тэвдэцгээдэг байсан юм. Өвчин эмгэг тусвал Даш “сестра”-д л үзүүлж, эмчлүүлж, сэтгэл нь амардаг сан. Одоо бодохноо нь Даш “сестра”-гийн эмчилсэн хүмүүсийн өвчин нь илааршдаг байснаас ард түмнийхээ итгэл найдварыг хүлээсэн хүн байжээ. Даш сестра өвдөгсдөд эм өгнө.Тарилга хийнэ.Тэр үед хөдөө арьс өнгөний өвчин их байснаас”Улаан тарилга” хэмээн алдаршсан тарилгыг Даш сестра л хийдэг байсан юм.Манай сумд л лав улаан тариа л арьс өнгөний өвчнийг үлдэн хөөсөн юмдаг.Дараа нь цагаан тариа гэж бас нэг хүчтэй тариа гарсан.Би энэ үед бага сургуульд багш байсан. Багуудаар дандаа явна. Даш сестратай үерхдэг болохоор сайн мэддэг байлаа.1951 онд байх. Манай сум анх удаа их эмч хэмээх хүний барааг харж, бурхан багш заларч ирсэн шиг л юм болж байж билээ. Лүмбэн хэмээх ганц бие өндөр нуруутай ганган цагаан залуу байх. Сумын залуучууд, охид хүүхнүүд хөл алдан байсныг сайн санаж байна.
Яг энэ үед малын их эмч Сумъяа хэмээх залуу анх удаа ирж, сум маань шинэ хөгжлийн үетэй золгож байгаа мэт залуучуудын дунд соёл хүмүүжлийн ажил урьд өмнө байгаагүйгээр өрнөж, хүн эмнэлэг сестра, их эмчтэй, мал эмнэлэг санитар, малын их эмчтэй болж сумын хүн, мал эмнэлэг гэсэн бие даасан албан байгууллага үүссэн түүхтэй юм.Орос ах нарын минь л буянаар олон жил хүн, малын эрүүл энхийн манаа болж байсан “сестра” “санитар” хэмээх хоёр үг монголын хүн, мал эмнэлэгийн түүхэнд хүндтэй байр эзэлж байсан үе. 1960-аөад онд “сестра” нь сувилагч болж, “санитар” нь алга болжээ. Түүхэн үүргээ гүйцэтгэж сэргээн санаж байгаа маань бас чиг учиртай юм. Оросын ард түмэн бидний төлөө сестра, санитарын мэргэжлээр халуун гараа сунгаж дараа нь П.Н.Шастин, өвгөн бүргэд Соболёв нарын алдарт эмч нараа илгээж, монголчуудын эрүүл энхийн манаа болж, ач гавъяаны эхлэлийг дурсах гэсэн санаа юм. Өнөөгийн сувилагч нар ямар их өндөр түвшинд бэлтгэгдэж нарийн мэргэжилтэй болсныг мэдэхгүй хүн үгүй биз.
Манайд эхлээд сувилагчийн дамжаа, дараа нь сувилагчийн дунд сургуулиар мэргэжлийн сувилагч бэлтгэж байгаад 1990-ээд оны үеэс сувилахуйн ухааны коллеж болон өргөжиж, нарийн мэргэжлийн ур чадвар эзэмшиж,албан гол төлөв охидууд бэлтгэгдэж байгаа аж. Охидуудыг энэ мэргэжилд сургаж байгаа нь ч учиртай юм. Тун ч уран нарийн хуруу, элгэмсэг зөөлөн ааш зан, авхаалж самбаа шаарддаг энэ ажилд чухамхүү эмэгтэйчүүд л тохирдог байна. Ямар эмнэлгийн ажлыг сувилагчгүйгээр төсөөлөх аргагүй. Сувилагч бол хамгийн эмзэг нарийн ажлыг эмчийн заавраар бие даан хийдэг ур ухаан, уран гартнууд ажээ. Сувилагч сайн бол эмчийн тавьсан багш эмчилгээний заавар, нарийн дэг журмаараа явж өвчнийг эдгээх явц төдий чинээ эрчимтэй, үр дүнтэй явагддаг байна. Сувилагч бол эмчийн гол түшиг тулгуур гэдгийг эмч нар үгүйсгэхгүй байна. Нэгэн сувилагч надад ийн ярьсан юм. “Бүтэн 5 цагт л мэс засал хийсэн эмч мэс ажилбараа дуусгаад гарахдаа хоёр хөл дээрээ зогсож чадахгүй дайваад, хар хөлс нь цутгасан байхыг үзсэн хүн эмч хүнийг хайрлахгүй байхын аргагүй юм. Мэс ажилбар дуусаад дараагийн ажил сувилагчид ноогддог болохоор эмч сувилагч хоёр ээлжлэн хүний амь насны төлөө тулалдаанд орж байгаа хэрэг шүү дээ” гэсэн юм. Эмнэлэг дээр цаг хугацаагүй, цөхрөлтгүй зүтгэдэг хүмүүс бол сувилагч билээ. Тэд тасаг бүхнээр хэсэж эм өгнө. Тариа, дусал хийнэ, өвчтөний сэтгэл санаанд засал хийнэ.
Эм тариагаа тайлбарлаж сувилагчдын хөжин дэвжих боломжийг хангахын тулд эмнэлгийн удирдлага ихээхэн анхаарал хандуулах болсон нь сувилагчдын гүйцэтгэх үүрэг хариуцлага эрс нэмэгдсэнтэй холбоотой аж. Тийм учраас сувилахуйн ухааны коллеж сувилагчдыг сувилагч, бага эмч мэргэжлээр хослон бэлтгэх баклавр, магистр, хамгаалуулж байгаа нь сувилагчдын үүрэг хариуцлага амар их өндөр төвшинд тавигдсантай холбоотой юм. Бид нйитлэлээ баталгаажуулахын тулд клиникийн II нэгдсэн эмнэлгийн дотрын III тасгаар орж эмчлүүлэгчийн бичиж үлдээсэн сэтгэгдэл, санал бодлын цомирлогтой танилцлаа.
Эмчилгээний явцад хяналт тавина. Үүнийхээ хажуугаар эмчилгээнийхээ тайлан бүртгэлийг маш нарийн хөтөлнө. Тэдэнд амс хийх чөлөө олдохгүй ажиллаж байгааг хараад үнэхээр өрөвдмөөр хайрламаар хүмүүс. Өнөөгийн сувилагчид нарийн мэргэжилтэй, өндөр ур чадвартай болсон нь сувилахуйн ухааны коллеж ЭМШУИС-ийн харьяанд ажиллаж сургалтын ажил өндөр төвшинд явагддаг болсонтой холбоотой билээ.
Түүгээр ч барахгүй сувилагчдын онол практикийн өсөлт хөгжилтөнд зориулсан “сувилахуйн ухаан”, “ сувилагч” сэтгүүлүүд бие даан хэвлэгдэж, тэдний мэдлэгийн санг аривжуулж байна. Тэнд олон арван үйлчлүүлэгчдийн баяр талархал байх бөгөөд сувилагчдын зан харьцаа, ажил үйлсийг магтсан нь ч олон байх юм. Энэ тасгийн эрхлэгч УК-ийн профессор тэргүүлэх эмч Г.Тунгалаг их эмч Л.Эрдэнэхүү, дотрын тэргүүлэх зэрэгтэй их эмч Ч.Сайнтөгс, магистр, тэргүүлэх зэрэгтэй их эмч П.Долгормаа, Р.Байгал нарын олон эмч хүн ардынхаа эрүүл энхийн манаанд тууштай зогсож, олны хайр талархал хүлээж байдаг бол шилдэг тэргүүний сувилагч Б.Лхагва, Ц.Пүрэвдулам. Д.Батцэцэг, Г.Энхжаргал, Б.Сэргэлэнтуяа, Ч.Наранзул нарын олон шилдэг сувилагчид тэдэнтэй нэгэн баг болж, хүч авьяасаа нэгтгэн ажиллаж олны талархал хүлээж байдаг юм. Би нэгэн ийм үг сонссон юм. Өвчтөн хүдэрч тэвдүүлж байх үед гэрэл тасарч эмч сувилагч бүгд л сандарч яанаа ийнээ болжээ.
Амь нас хором агшин бүртэй өрсөлдсөн тулалдааны үе байсан ч эмч ямар ч байсан тарилга хий гэж сувилагчид зарлиг буулгажээ. Сувилагч ч юу чаддагаа үзүүлэхээр шийдэж харанхуйнд анх уда өвчтөнд тарилга хийхээр зориглож, эмчийн зарлигийг биелүүлэхээр шийдэж, тариурын зүүгээ шүүрэн авч гарынхаа мэдрэмжээр тэмтрэн үзэж яг л судсыг нь олж тарин бөөн баяр болж, өвчтний амийг аварцгаажээ. Сувилагч хэмээх уран гартан ийм л мэргэн мэдрэмжтэй ачтан ажээ. Алтан гартай эмч нарынхаа удирдлагаар авьяас эрдэм хосолсон ийм л гайхамшигтай орчин үеийн сувилахуйн ухааныхан хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байна.
УК-ийн II нэгдсэн эмнэлэгийн дотрын II тасгийн хамт олонд зориулан МУ-ын гавьяат багш нэрт эрдэмтэн доктор профессор Ш.Чоймоо:
Сэтгэл нь цагаан
Үйлс нь цагаан
Өмсгөл нь цагаан гэсэн айлтгалыг уйгаржин монгол бичгээр хичээнгүйлэн бичиж гарын үсгээ зуран 2002.03.31 хэмээн жаазлан дурсгал болгон үлдээжээ. УК-ийн II нэгдсэн эмнэлгийнхний хүний сэтгэлд хүрч ажилладагийн нэгэн тод жишээ энэ биз.
Эмч сувилагчдын дунд сүүлийн үед гарч ирсэн нэгэн нэр томьёо нь “багаар ажиллах” хөдөлгөөн юм. Өндөр мэргэжил, ур чадвартай эмч, сувилагчид ажилчид энэ “баг” үнэхээр хүчтэй, нэгдмэл үйл ажиллагаатай тул ажил мэргэжлийн доголдол гаргах үндэс суурь бүрэн арилж, жигд үйл ажиллагаатай, хариуцлага хүлээх чадвартай болгож чадсаныг эмч, сувилагчид, ажилтнууд нь итгэл төгс ярьж байна. Ийнхүү сувилагчдын ажлын ачаалал, ёс зүйн сайн чанар, мэргэжлийн ур чадварыг үйлчлүүлэгчид сайшаан бахархаж байгааг цухас боловч дурьдахын ялдамд тэдний ажлын үнэлгээ нарийн авч үзэх шаардлагатай байгааг олон арван үйлчлүүлэгчид дэвшүүлэн тавьсан нь бүрэн үндэстэй байгаа юм.
Ер нь эрүүл мэндийн салбарын шагнал урамшуулал дэндүү хомс нэг ёсондоо эмч, сувилагчдын хөдөлмөрийн үнэлэмж боловсролынхоос хол хоцорсныг жишиж шүүмжлэх хүмүүс ч олон байх юм. Сувилагчдад эрүүл мэндийн гавьяат ажилтан алдар цол яагаад хайрлаж болохгүй гэж. Тэдний дотор эрүүл мэндийн гавьяат ажилтны зиндаатай хүмүүс олон байгааг эрүүл мэндийн удирдлагууд олж харахгүй байна уу даа. Эмч нарын ажлыг ч зохистой дүгнэх нь цаг үеэсээ хол хоцорчээ. Багш хүний хувьд С.Ламбаа сайдыг энэ талаар эргэлт хийх байх гэсэн горьдлого байдаг гэдгийг энд цохон дурьдаж нийтлэлээ өндөрлөе.
П.Рэнжин МУ-ын гавьяат багш, профессор,
Ч.Содномдорж МСНЭ-ийн шагналт, сэтгүүлч
URL: