Ч.Алтан-Өлзий: ”Өнөр бүл” киноны хоёрдугаар ангийг хийнэ
-Таны бие чилээрхүү байгаа юм уу даа?
-Тийм ээ. Саяхан эвэрхийний хагалгаанд орсон. Миний хань Улсын дуу бүжгийн эрдмийн чуулгад жижүүр хийдэг. Хахир өвлийн хүйтэнд хоёр хөгшин түлээ, нүүрсээ яаж авна даа гээд бодож сууна. Одоо хөгшин, бага хүүтэйгээ гурвуулаа амьдарч байна даа.
-Та олон сайхан кинонд тоглосон. Ард түмэн “Өнөр бүл” киноны гажиг Гармаагийн дүрээр илүү таньдаг?
-Энэ кинонд одоогоос 32 жилийн өмнө тоглож байлаа. Төрийн шагналт, Ардын жүжигчин Жигжид хэмээх агуу хүний нүдэнд өртөж энэ сайхан кинонд тоглож ард түмэндээ танигдсандаа хязгааргүй баярлаж явдаг. “Үүрийн цолмон” гэж миний анхны кино бий. Энэ киног гарсны дараахан Жигжид гуай намайг ямар ч пробгүй “Өнөр бүл”киноны Гармаагийн дүрд тоглуулсан. Надаас өмнө уг кинонд тоглохоор 40 гаруй хүн шалгуулсан юм билээ. Ер нь ард түмэндээ танигдаж байж л жүжигчин болдог. Энэ алдрыг ард түмэн өгч, төр зүүдэг. Гэтэл сүүлийн үед хүндтэй шагналыг таньж мэдэхгүй мөнгөтэй, арын хаалгатай хүнд өгч байгаад харамсдаг. Би Монгол Улс төргүй болсонд бухимддаг. Нам гэдэг төр биш. Төр гэдэг нам биш шүү дээ. Намын хэдэн нөхөд нийлж төр барьчихаад ард түмнээ хууран мэхэлж байна. Саяхан болсон сонгуульд яагаад сонгогчдын ирц хүрээгүй гэдэг нь ойлгомжтой. Төр барьж байгаа нөхөд ард түмнээ хуураад байхад яаж тэдэнд итгэж саналаа өгөх билээ. Энгийнээр хэлэхэд сонгууль өгөх ард түмний итгэл алдарчээ.
-“Өнөр бүл” кинонд “тоглодог” хоёр ихэр хэний хүүхэд вэ?
-Нэг өдөр мэндэлсэн хоёр өөр хүний хүүхэд. Яг тэр үед ихэр хүүхэд олдоогүй. Нэг нь телевизийн найруулагч Б.Жаргалын том охин. Одоо 32 настай. Нөгөө хүүхдийг нь сайн мэдэхгүй. Хэрвээ тэр хүүхэд мэддэг бол надтай уулзвал их баярлана даа би. Ах нь “Өнөр бүл” киноныхоо хоёрдугаар ангийг хийх санаатай ивээн тэтгэгч хайж байна.
-Ямар сайхан мэдээ вэ, “Өнөр бүл”-ийн хоёрдугаар ангийн зохиол нь бэлэн юм уу?
-Хоёр жилийн өмнө бэлэн болсон. Уг киноны хоёрдугаар ангийг гараасай гэж үзэгчид байнга нэхэж мөрөөдөж байдгийг миний хань Г.Нансал мэдэрч кино зохиолыг нь бичсэн. Энэ зохиол надад маш их таалагдсан болохоор хийхээр шийдсэн. Хэрэв таалагдаагүй бол ураад л шидчих байлаа. -“Өнөр бүл”-д тоглохдоо аав болсон байсан уу. Тухайн үед хэдэн настай байв? -Бололгүй яахав. Миний том охин одоо 34-тэй. Хүн амьдралд алдах зүйл их байдаг. Тэр дундаа амьдралын ханиа сонгоно гэдэг хамгийн хүнд сорилт. Энэ сорилтыг амьдралдаа зөв сонгосноор хүний ирээдүй тодорхойлогдоно. Би тухайн үед 30 настай байсан. Хоёр дахь эхнэртэйгээ ханилаад хоёр хүүтэй болсон.
-Гажиг Гармаа, жүжигчин Алтан-Өлзий хоёрт адил төстэй зүйл байна уу?
-Хүний уран сайхны сэтгэлгээнээс бий болсон дүр эх эцгээс заяасан бодгаль хоёрын хооронд асар их зөрүү бий. Үүнийг нэгтгэж чаддагаараа жүжигчин хүний гайхамшиг оршино.
-Кинонд тоглоод олон хүнээс урмын үг сонссон байх. Хамгийн сайхан үгийг хэн хэлэв?
-Гажиг Гармаа гэж огт танихгүй хүн дуудсан нь надад их урам өгсөн. Уран бүтээлч хүн дүр бүхэндээ хайртай. Гармаагаа дотроо хайрлаж хүндэлж явдаг.
-Та өнөр бүлд өссөн гэсэн. Таны аав, ээж ямар хүн байв?
-Үнэхээр өнөр бүлд өссөн. Эхээс арвуулаа. Одоо тавуулаа болж дээ. Миний аав Б.Чүлтэм лимбэ, хуучир хачин сайхан тоглодог байсан. Молоконы лаазаар хуучир, цоорго / ургамал/-ны ишээр лимбэ хийгээд үлээдэг байлаа. Намайг цэрэгт байхад өөд болсон доо, хөөрхий. Миний ээж Ц.Отгон Завхан аймгийн Сонгино сумын харьяат. Кино үйлдвэрт лаборант хийдэг байсан. Нүд дүүрэн, их олонтой, уртын дуу сайхан дуулдаг бүсгүй байлаа. Ээж маань миний тоглосон “Эргэж бодох бодол” киног үзээд 1981 онд буюу 68 насандаа бурхан болсон. Аав, ээжийн маань урлагийн авьяас надад өвлөгджээ гэж баярладаг. Манай ээж хотод ирээд 10 хүүхэд төрүүлсэн. Би тав дахь нь. Аав, ээж маань бидэнд “хүн болоорой” л гэж захидаг байсан. Хүн болчихоод байхад хүн болоорой гэж яагаад дандаа хэлдэг байна гэж ундууцдаг байлаа. Гэвч одоо бодоход энэ үгийн утга үнэхээр агуу юм. Хүний төлөө өөрийгөө золиосолж чадах чадварыг бүрэн шингээсэн хүнийг хүн гэдэг. Өнөө маргаашаа бодсон, эх орноо худалдахаас буцахгүй хүмүүс хүн биш шүү. Манай ээж их шударга байсан. Би нэг удаа сахилгагүйтээд хүүхэд рүү чулуу шидсэн юм. Гэтэл танихгүй өвөө намайг яасан дүрсгүй жаал вэ гээд зодсон. Тэгээд гэртээ чангаас чанга уйлаад ороход миний ээж хохь нь гээд нэмж зодож билээ. Энэ бол манай өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн агуу ухаан. Хойч үе, үр хүүхдийн хүмүүжил нь хүний төлөө гэсэн сэтгэл байжээ гэж бахархдаг. Ингэж хүмүүжүүлснээрээ хулгай хийж худал ярьдаггүй зөв хүмүүжилтэй болсон доо. Аав, ээж маань “Өөрөө хийж чадах юмаа хүнээр битгий хийлгэж бай” гэж захидаг байсан. Энэ үгийг би ч бас үр хүүхдүүддээ захидаг.
-Аав тань Таныг цэрэгт байхад өөд болсон гэлээ. Залуугаараа бурхан болж дээ?
-Тийм ээ. 50 гаруйхан насандаа бурхан болсон. Хэрвээ амьд байсан бол энэ жил 100 хүрэх байлаа. Миний аав долоон настайдаа бичиг үсэг сурсан. Есөн настайдаа хушууны тал бичээч байсан нь миний аавыг цаашид бичгийн ажил хийхэд том нөлөө үзүүлсэн. Ингээд аав маань тухайн үеийн Судар бичгийн хүрээлэнд Архивын ялгагчийн ажил хийж байсан. Тэгээд эх орны дуудлагаар цэргийн албанд явж Тамсагбулгийн зургадугаар дивизийн ухуулагч ажлын зааварлагч, хошууч цолтой алба хааж 1939,1945 оны чөлөөлөх дайнд оролцож Чекей хотод орж байсан анхны монгол цэргүүдийн нэг. Цэргээс халагдаад 1950-иад оноос хотын гүйцэтгэх захиргаанд захын конторын байцаагчийн алба хашиж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Миний аав Зөвлөлтийн улаан таван хошуу одон, байлдааны цусан гавьяаны одон, байлдааны хүндэт медаль, “Бид ялав” медаль зэрэг олон одон медалиар шагнагдаж байсан. Үхэн үхтэлээ тангарагтаа үнэнч байсанд нь одоо болтол бахархдаг. Аавынхаа үлгэр дууриаллаар би ч гэсэн цэргийн алба хааж эр цэргийн тангараг өргөж эх орноо хамгаалж явснаараа бахархдаг. Яагаад гэвэл тангараг амьдралд ганц л байдаг учраас тэр шүү дээ. Тийм ч болохоор Зундуйн Доржийн хэл, хил, мал гуравтайгаа байхад монгол хүн баян. Хэл, хил, мал гурваасаа хагацвал монгол хүн эмгэнэлтэй гэдгийг үгийг хэлэх дуртай. Энэ үгийн утга учир эр цэргийн тангарагт багтсан байдаг.
-Таныг чамгүй сайн мужаан гэж сонссон?
-Мужааны багаж цуглуулах хоббитой. Нэлээд багаж илээлээ. Би 1970-1971 онд Дарханд СОТ-3-т оросуудтай хамт мужаанаар ажиллаж дөрөвдүгээр зэрэг авсан. Модоор юу хийж болдог тэр бүхнийг хийж ирлээ. Хамгийн сүүлд гадаа нарлаж суух сандал хийсэн.
-Уншигч олондоо хандаж хэлэх үг бий байх?
-Залуучуудад хандаж хэлэхэд, эх орон,тусгаар тогтнолоо хамгаална гэж цээжээ дэлдэхдээ биш аль болох сонор сэрэмжтэй л байхгүй бол хэцүү цаг үе бидний өмнө тулчихаад байна. Тийм учраас би дахин давтан хэлээд байгаа нам гэдэг төр биш. Төр гэдэг нам биш гэдэг үгийг дахин сануулъя. Агуу их сэтгэгч, Германы суут философич Гегелийн “Хүн төрөлхтөн дорноос үүссэн юм. Тэр тусмаа Монголоос үүссэн юм. Яагаад гэвэл монгол төртэй байсан юм. Тийм учраас ард түмэн нь ирээдүйтэй, зорилготой, аз жаргалтай сайн сайхан амьдарч байсан юм” гэж хэлсэн байдаг.
URL: