”Том ах”-ыг илчилсэн сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар шүүдэггүй болъё

Төрийн ордон дахь Иргэний танхимд өчигдөр “Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгээс хийсэн сурвалжлагыг хүргэе.

Бүгдийг айлгасан “Том ах” хаачив?

Хэлэлцүүлгийн эхэнд хүний нэр төрд халдсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт холбогдон шүүгдэж буй сэтгүүлчдийн жишээн дээр үндэслэн бичсэн “Том ах” жүжгийг СУИС-ийн оюутнууд тоглож үзүүллээ. Шүүгч Итгэлийн гэрт: Итгэл шүүгч ганц охин Хулантайгаа ярилцана. Хулан охин сэтгүүлч болох мөрөөдөлтэй. Харин шүүгч аав нь түүнийг хуульч болгох хүсэлтэй.

 

Охин аавынхаа үгээр бус өөрийнхөө мөрөөдөлд эзэн болж амьдрахыг хүснэ. Ээж нь түүнийг орхиод холын Америк руу явсныг ааваас нь болсон гэж боддог охин ээж шигээ болохгүйн тулд зөвхөн өөрийнхөө бодож тунгааснаар амьдрах хүсэлтэйгээ аавдаа ширүүхэн дуулгана. Ятгаж дийлэхгүй аав нь “’Сэтгүүлч болно гэнэ шүү. Хүний мууг үзсэн өөдгүй амьтан болно биз” гэж найзтайгаа уулзахаар гэрээсээ гарсан охиныхоо араас хашгичсаар хоцрох.

Энэ агшинд “Цаашид юу болох бол, яах бол” гэж тааварласан, бас бодлогоширсон харцаар хэлэлцүүлэгт оролцогчид “Том ах” жүжгийг үзэж суусан.
Шүүх танхимд: Онгон охидын биеийг үнэлүүлж бизнес хийдэг этгээдүүдийн талаар нийтлэл бичсэн сэтгүүлч Хурцтуяа “Миний гэрчүүд яагаад мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээсээ татгалзсаныг шийдвэр гаргахдаа шалгаж үзнэ гэж найдаж байна” гэж чин сэтгэлээсээ хүсэлт тавьсан ч шүүгч Итгэл ойшоож үзсэнгүй…
“Том ах”-ын долларт амаа үдүүлсэн гэрчүүд мэдүүлэг өгөхөөс татгалзсан учир сэтгүүлч Хурцтуяа хүн гүтгэсэн хэргээр баривчлагдав. Үнэний төлөө явсан сэтгүүлч ял сонсохдоо “Охидоо хаана нуух вэ, шүүгч ээ” гэж сэтгэл эмтэртэл асуух ч шүүгч хадны цуурай сонссон мэт тоомсоргүй, хүйтэн…

Цэнгээний газар: Аавтайгаа маргалдаж, сэтгэл нь шархалсан Хулан загварын дамжаанд явдаг, топ загвар өмсөгч болох мөрөөдөлдөө умбан яваа найз охин Ариунаадаа сэтгүүлч болохоор зориг шулуудсанаа дуулган ярилцаж сууна. Энэ үед “Том ах”-ын хуурай дүү болох нэгэн залуу тэдэн дээр ирж, “Гоёл” тэмцээнд Ариунааг оруулахаар болсныг дуулгаж, Хулан ч найзыгаа дэмжихээр болно. Гэвч тэднийг загварын тайзны ард аймшигтай харамсал хүлээж буйг мэдсэнгүй…

Шүүгч Итгэлийн гэрт: Үүрийн 06 цагт нойрноосоо сэрсэн Итгэл шүүгч охиноо гэртээ хоноогүйг мэдэн гайхаж бухимдан суутал охин нь ирэв. Өрөөндөө орж хаалгаа түгжсэн охинтойгоо Итгэл шүүгч ярилцахыг хүсэх ч охин уйлсаар. Тэр үхэхийг хүснэ. Гэвч хайртай аавдаа үнэнийг дуулгалаа. “Таны хайртай, ухаантай охин одоо охин биш болсон…тэр ахыг тийм юм хийнэ гэж бодсонгүй…’’. “Тэр ах, тэр ах гэдэг чинь хэн юм бэ” гэж хоолой мэдэн орилох шүүгч сая л нэг “Том ах” гэдэг аймшигтай үнэнтэй нүүр тулав.

Шүүх танхимд: Амьдралдаа засч боломгүй алдаа гаргасан ч Ариунаа, Хулан хоёр гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзсангүй. Тэдний ачаар сэтгүүлч Хурцтуяа цагаадлаа. Гэвч “Том ах” сураггүй…

Жүжиг ингэж төгсөв. Сэтгүүлч цагаадаж, шүүгч бүгдийг ойлгож, охин аавтайгаа эвлэрч, хүссэн мэргэжлээрээ суралцахаар болж, ээж нь ч түүн дээр ирж бүх зүйл сайхан төгслөө. Гэвч бүгдийг айлгасан “Том ах” алга болов. “Том ах” хаачсан бэ..?

Сэтгүүлчид “Том ах”-ыг илчлэхийн төлөө явдаг

Нээлттэй хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэгт “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр төр гутаах эрүүгийн хэрэг. Олон улсын зарчим” сэдвээр илтгэл тавилаа. Илтгэл “2002 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлээр доромжлол, гүтгэлгийг гэмт хэрэг гэж үзэж, энэ зүйл заалтаар 1-6 cap хүртэл баривчлах ял ногдуулж байгааг өөрчлөх шаардлагатай.

 

Учир нь сэтгүүлч “Би үүнийг биччих юм бол шоронд орчих вий” гэж бодож айдастай явдаг. Энэ нь олон нийтийн эрх ашиг, үнэнийг мэдэх эрхийг хөнддөг. Ардчилсан нийгэмд ийм явдал байж болохгүй. Эрх мэдэлтэн, албан тушаалтан, хөрөнгө чинээтэй хүмүүсийн хийсэн үйлдэл, төрийн үйлчилгээ, хуульч, шүүгчийн шийдвэрт шүүмж бичсэн сэтгүүлчдийг “хүн гүтгэсэн” гэмт хэргээр яллаад байвал сэтгүүлзүй хөгжихгүйгээс эхлээд нийгэм энэ хүмүүсийн талаар ямар ч хяналтгүй болно.

Тиймээс сэтгүүлчид болохгүй зүйлийг бичиж нийгмийн хяналтад өгч байх ёстой. Гэвч ийм бололцоог хүн гүтгэсэн, доромжилсон гээд хаагаад байвал иргэний нийгэм бүрэлдэн тогтохгүй” гэсэн агуулгатай байлаа. Мөн олон улсын зарчмаар гүтгэлэг, доромжлолыг Эрүүгийн хуулиар бус иргэний журмаар шийддэг болохыг дурьдсан.

 

Тиймээс ч НҮБ-ын Хүний эрхийн хорооноос манай улсын Засгийн газарт “Нэр төр алдар хүндэд халдсан хэргийг эрүүгийн гэмт хэргээс хасч, сэтгүүлчийг аливаа сүрдүүлэг, заналхийлэл, халдлагаас хамгаалахад шаардлагатай арга хэмжээ авах. Сүрдүүлэг, заналхийлэл, халдлагын аливаа тохиолдлыг хуулийн дагуу мөрдөн шалгаж, гэмтэнд хариуцлага хүлээлгэхэд анхаарах” гэсэн зөвлөмжийг ирүүлжээ.

“Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг сэтгүүлчдийг хүн “хүн гүтгэ” гээд зоргоор нь тавья гэх бус харин “хүн гүтгэсэн” гээд сэтгүүлчдийн амыг барьдаггүй болох нөхцөлийг бүрдүүлье гэсэн агуулгын дор өрнөсөн. Тэр гарц нь гүтгэлгийг Эрүүгийн хуулийн заалтаар бус Иргэний хуулиар шүүж, Эрүүгийн хуульд энэ тухай нэмэлт, өөрчлөлт оруулъя гэсэн шийдэл байлаа.

 

Тиймээс ч “Глоб интернэшнл”-ээс Эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтыг хэрхэн өөрчилж болох санал боловсруулснаа хэлэлцүүлгийн гуравдугаар шатанд танилцуулсан. Одоогоор манай улсын практикт сэтгүүлч хүн гүтгэсэн гэх асуудлыг шүүхээр шийдвэрлэхдээ бичсэн нийтлэл нь үнэн үү, худлаа юу гэдгийг шүүдэггүй.

 

Өөрөөр хэлбэл сэтгүүлч үнэхээр хэн нэгнийг зориудаар гүтгэж, гүтгэлгийг санаатай тараасан уу гэдгийг нотолдоггүй. Гагцхүү гүтгүүлсэн гэх хүний гомдлыг чухалчилж үздэг байдал дийлэнх байгаа билээ. Уг нь юуны өмнө сэтгүүлч ямар асуудал хөндөж тавьсан байна, эхлээд тэр асуудлыг шалгаж тогтоогоод дараа нь сэтгүүлч хүн гүтгэсэн үү гэдгийг авч үзэх ёстой аж.

 

Олон улсын жишиг ч ийм байдаг байна. Харин манайд эсрэгээрээ үйлчилж, эцэст нь сэтгүүлчид хүн гүтгэсэн нэрээр муу сэтэр зүүж, харин “Том ах” нар хождог байдал ноёрхох хандлагатай байгаа гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон сэтгүүлчид болоод холбогдох албаныхан хөндсөн. Гүтгүүлсэн гэх асуудлыг шүүхээр шийдсэн практикийг судалж үзэхэд нийгэмд нэр нөлөөтэй, хөрөнгө чинээтэй, албан тушаалтай, эрх мэдэлтэй хүмүүс ихэвчлэн гомдол гаргасан байдаг аж.

 

Гомдол гаргасан хүний 80-аас дээш хувь нь албан тушаалтан, эрх мэдэлтнүүд гэнэ. Энэ судалгаа “Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү” гэдгийг нэг тийш нь шийдвэрлэхэд зохих хэмжээгээр ач холбогдлоо өгөх учиртай биз ээ. Сэтгүүлчид “Том ах”-ыг илчлэхийн төлөө явдаг. Тэгж явахдаа мэдээлэл авахад саад учирсан, мэдээлэл олдохгүй байсан зэрэг бэрхшээлээс болоод ёс зүйн алдаа гаргахыг үгүйсгэхгүй.

 

Цэвэр ёс зүйгээр зохицуулагдах сэтгүүлчийн алдааг Эрүүгийн хуулиар шийдэх нь учир дутагдалтай тул сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар шүүдэггүй болъё гэсэн санааг нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчид хөндлөө. Гурван цаг орчим үргэлжилсэн нээлттэй хэлэлцүүлгээс гүтгэлэг, доромжлол эрүүгийн гэмт хэрэг биш гэдгийг “томъёолсон”.

 

Эцэст нь Эрүүгийн тухай хуулийн гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтуудыг хэрхэн өөрчлөх, мөн ийм төрлийн гомдлыг Иргэний хуулиар шийдвэрлэж болох талаар санал солилцож, саналаа нэгтгэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж буй Хууль зүйн яамны ажлын хэсэгт илгээхээр болов.

 

“Глоб интернэшнл”, Ерөнхийлөгчийн Тамгын газар, АНУ-ын Элчин сайдын яам, Олон улсын чөлөөт илэрхийллийн сүлжээ хамтран зохион байгуулсан “Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ- ын гишүүн М.Батчимэг, УИХ-ын гишүүн Г.Уянга нар оролцож өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

 

Мөн Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн яам зэрэг холбогдох албаныхан болон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн төлөөлөл оролцож үгээ хэлсэн. Хэлэлцүүлэгт оролцогчид бүгдээрээ “Том ах хаачсан бэ” гэдэг асуулт тавьж, хариулт нэхсэнийг дурьдах нь илүүдэхгүй биз ээ.
Ц.Эрдэнэцэцэг

Эх сурвалж: “Өдрийн шуудан”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих