Тангараг тонгорог болжээ

Таван гишүүний тангараг өргөнө гэдэг лөөлөө боллоо. Улс төрийн намууд тэр дундаа ялсан АН, ялагдсан МАН хоёр бие биенийхээ эсрэг тонгорог хурцлаад суучихлаа. УИХ-ын гишүүний тангараг гэдэг уг нь намуудад хамаа байхгүй Монгол Улсынхаа язгуур эрх ашгийг хамгаалж түмний төлөө зүтгэхээ илэрхийлэх өчиг. Нэгэнт л Сонгуулийн ерөнхий хороо УИХ-д суух бичиг бариад ороод ирвэл эрхэм гишүүдээс асуугаад, зөвшөөрүүлэх гэж маяглаад байх шаардлагагүй юм.

 

Тангарагаа өргөөд л танхимд ороод суучихмаар. Тэр бүү нэр дэвшүүлсэн намууд юуны хамааралтай. Намуудын жагсаалтаар орох гишүүний хувьд бүүр ч амархан. Жагсаалт сонгуулийн Ерөнхий хороонд байгаа. МАН-ын суудалд жагсаалтаар Д. Сарангэрэлийн нэр байгаа, Шударга ёс эвслийн хувьд Ц.Оюунбаатарын нэр байгаа. Өвөрхангайн хоёрын хувьд Г.Батхүү, Д. Зоригт хоёрыг УИХ-д суулгах шийдвэрээ шүүх гаргасан.

 

Тэртээ тэргүй Сонгуулийн тухай хуулинд эцсийн шийдвэрийг шүүх гаргадгаас хойш бид илүү санал авсан гэж гүрийгээд хэрэггүй л байхгүй юу. Д.Арвин гишүүнийг нам нь зөвшөөрөхгүй ад үзээд байна. Д.Арвинг Ардын нам нь дургүйцсэн ч ард түмэн сонгосон тул тангаргийнхаа бичигт гарын үсэг зураад л ороод суучихаж болно доо. МАН-ынхныг харвал хэзээ ч тангаргийг нь өргүүлэхгүй.

Ийнхүү намуудын ард түмнийхээ төлөө гэсэн тангараг хоорондын өрсөлдөөн тонгорог болж төрийг гацааж байна. Ер нь нэг сонгуулиар ганц хоёр cap, жилийн урд хойд нэг парламентад сууж байгаа ялгаа л байна. Түүнээс эрх зүйн хувьд тэгш эрхтэй. Эхний тангараг өргөсөн гишүүд дараагийн тангараг өргөх гишүүдийг хориглох заалт хуульд байхгүй. Эргүүтсэн мал ч ижил нэгнээ сүргээсээ хөөдөггүй биз дээ.

 

Тангараг нь тонгорог болсон намууд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хориглох зөвшилцөх ёсгүй. УИХ-ын дарга танилцуулаад л тангаргийн бичигт гарын үсэг зураад л болоо биш үү.
Г.Дашрэнцэн

Эх сурвалж : “Нийслэл Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих