Дөрвөн бөхийн хувь заяа “эвгүйтэв”

Өөр хоорондоо маргалдаж, өвөр түрүүндээ хөлөө жийлцсэн бөх­чүүдийн хэрэг хэзээ шийдэгдэх вэ. Энэ асуулт иргэдийн төдийгүй бөхийн хорхойтнуудын дунд таавар мэт түгжээ. Сэргээшээс эхлэлтэй мар­гаан эцэстээ бөхчүүдийн найрааг илчилсэн. Удаа ч үгүй байхад ууж идсэндээ омогшсон улс, аймгийн цолтой бөхчүүд хүний аминд хүрэх дөхөв. Эдгээр хэргүүдийг элдэв нэмэлт хачиргүй хүргэе.

Шинжилгээний хариу хэзээ гарах вэ

Үндэсний их баяр наадмын үеэр шөвгөрч үлдсэн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг. Хэрэв сэргээш хэрэглэсэн нь батлагдвал цол тэмдгийг нь хураадаг журамтай. Энэ жилийн тухайд хоёр бөхөөс сэргээш илэрч багагүй шуугиан тарьсан юм. Үүнийг нь Үндэсний бөхийн холбооноос баталгаажуулан зарлав. Үүнд тунирхсан улсын арс­лан Х.Мөнхбаатар өөрийгөө сэргээш хэрэглээгүйг нотлохоор Солонгос улсыг зорьжээ.

 

Тэрбээр шинжилгээнийхээ хариуг хүлээгээд нэг хэсэгтээ л чимээ аниргүй суув. Шинжилгээний хариу юу гэж гарахыг түүний фенүүд төдийгүй нутгийн зон олон нь хүлээж буй. Харамсалтай нь энэ сардаа багтаж шинжилгээний хариу гарахгүй бол ирэх жилийг хүлээх бололтой. Харин сэргээш хэрэглэсэн гэх бөхчүүдийн ээдрээт энэ асуудлыг МҮОХ-ны дэргэдэх Допингийн төвөөс тайлбар хийсэнгүй.

 

Хийх нь байтугай Солонгос улсаас ирэх шинжилгээний хариуд саад хийсэн гэх мэдээлэл “гарав”. Үүнээс болж өнөөх сэргээштэй нэр холбогдсон арслан маань ахиад л зарга үүсгэхээр зэхсэн гэнэ. Жил намдах шахуу яригдаж байгаа сэргээшийн хэргийг эцэслэн шийдэж чадахгүй улс гэвэл манайх л байх. Гадны улс орнуудад тэмцээн уралдаан боллоо гэхэд цаг минут алдалгүй шинжилж хариуг нь дэлгэдэг. Гэтэл манайд эсрэгээрээ хэдэн сар, жил дамнан байж хэргийг замхруулдаг гаж тогтолцоотой болжээ.

 Зодооны хэргийг зохицоод өнгөрөх үү

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бөхчүүд зодооны хэрэг өдүүлсэн цаг саяхан. Өнгөрсөн сарын сүүлчээр “River sounds” бааранд зургаан бөх зодооны хэрэгт холбогдсон юм. Эл хэргийн хохирогчид 20-25 настай Ж, Э нар байсан төдийгүй нэгнийх нь биеийн байдал муу хэмээн гадаад явсан. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж зарим нэг бөхчүүдийг хэрэгт холбогдолгүй хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон аж.

 

Тухайлбал, зодоон өдүүлсэн хэрэгт улсын харцага Ц.Содномдорж тэргүүтэй бөхчүүдийн нэрс дурайсан. Тэгвэл Ц.Содномдорж,  улсын начин  Н.Батзаяа нарыг зодооны хэргээс мулталжээ. Бөхийн хорхойтнуудын дунд эдгээр бөхчүүдийг “Ганц хутагт” заларсан гэх цуу яриа ч байсныг дурьдах нь зүйтэй болов уу. Ямартай ч нэр дурьдагдсан бөхчүүд зодооны хэргээс мултарч үлдсэн дөрвөн бөхийн хувь заяа “эвгүйтэв”. Тэднийг хүн зодсон хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй гэнэ.
Б.Чанцал

Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих