Солонгос автобуснууд хотын өвөлд “Үрэгдэж” байна
Нийслэлийн нийтийн тээврийн асуудлыг бүхлээр нь шинэчлэхгүй бол нэг л биш болжээ. Жилийн дөрвөн улирлын турш шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл хотоор дүүрэн байна. Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийлээ л гэж ярьдаг.
Үнэндээ улсын гэх статустай хоёр бааз, мөн хувийн хэвшлийн томоохон 3-4 автобус компани л энэхүү шинэчлэлд хамрагдаж байна. Гэхдээ шинэчлэгдсэн автобуснууд Улаанбаатарын замд удаан тэсдэггүй гэдгийг сануулъя. Нийтийн тээвэр яагаад шаардлага хангахгүй байгааг сурвалжиллаа.
Өвлийн улиралд Монголын нөхцөлд тохирохгүй
Сүүлийн хэдэн жилийн парк шинэчлэлээр ирсэн Монголын нийтийн тээвэрт үйлчилж байгаа Солонгосын автобусууд манай нөхцөлд тохирохгүй гэдгийг хүн бүр хэлдэг. Ялангуяа нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг жолооч, кондуктор, үйлчлүүлдэг иргэд үүнийг сайн мэднэ. Өвлийн цагт өглөө, оройдоо автобусанд суухын аргагүй. “Өөр унаа байхгүй” гэж бодохын эрхэнд л суудаг байх.
Хаалганаасаа эхлээд битүү цан цохисон, хөлдөөгч шиг автобусаар нийслэлийн иргэд үйлчлүүлж байна. Ханиад томуу дэгдлээ гэж их ярьдаг. Битүү цан цохисон хүйтэн нийтийн тээврээр үйлчлүүлэхээр өвчин тусалгүй яах вэ дээ. Тэгээд дээрээс нь автобусны бариулаас сайн барихгүй л бол мөсөн гулгуурын талбайд байгаа юм шиг хальтирч унах гээд хэцүүднэ. Автобусны мөстсөн шатаар бууж, суух гэж бас л зовлонтой.
Энэ зовлонг нийтийн тээврээр үйлчлүүлдэг хүмүүс л сайн мэдэх биз. Хотын дарга Э.Бат-Үүл нийтийн тээвэрт шинэчлэл хийнэ гэж яриад л байсан. Өөрөө нийтийн тээврээр үйлчлүүлдэггүй хүн хаанаас нь, яаж шинэчлэл хийх юм бол. Тиймээс шинэчлэл хийхээс өмнө эхлээд өвлийн хүйтэнд нийтийн тээвэр иргэдэд ямар үйлчилгээ явуулж байгааг сонирхож үзээрэй гэж зөвлөө.
Шинэчлэл хийх нэрээр дахиад л өнөөх Солонгосын автобусаа оруулж ирвэл нэмэгдэхүүний байрыг соливол нийлбэр нь яг адилхан гарна гэдэг л болох биз. Хүйтэн автобусны зовлонг өглөө, оройд хүмүүс хамгийн ихээр мэдэрдэг. Даарч, хөрсөн хүмүүс гэртээ харих чиглэлийн автобусандаа суугаад дахиад л даарна. Бүр хөлнөөсөө эхлээд жиндэж даарна.
Хөлдүү автобусанд нийслэлчүүд сүүлийн хэдэн жилийг өнгөрөөлөө. Халаалт тавиад ч нэмэргүй. Нэг автобус дунджаар 2-3 паартай. Гэсэн ч автобусаа халааж чадахгүй л байна. Уг нь бол Монголын өвөлд сайн тохирсон автобус бол 1990-ээд оны эхээр нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж байсан Чехийн “Кароса” юм. Үүнийг олон жил нийтийн тээвэрт ажилласан жолооч нар дуу нэгтэй хэлдэг.
Автобусны буудлаа зарладаг болъё
Солонгос автобус болгонд зогсоолоо зарлах чанга яригчтай байдаг. Гэвч үүнийг манайхан ашигладаггүй. Тэгвэл нийтийн тээвэрт чанга яригчийг хэрэглэж заншвал ямар вэ. 10 гаруй жилийн өмнө бол ашиглаад болдог л байсан юм. Ядаж л цантсан цонхны цаанаас хаана яваагаа мэдэхгүй хүмүүс буух газраа мэдэж байх ёстой биз дээ. Нийтийн тээврийн шинэчлэлд чанга яригч чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.
Шинээр оруулж ирсэн автобусны чанга яригчийг тухайн баазаас нь хориглодог, эсвэл жолооч нар дур мэдэн авч хаядаг. Бүр хэтрүүлж хэлбэл нэгэнт хэрэглэхгүй юм чинь гээд хэрэгтэй нэгэнд нь зарж мөнгө болгодог. Энэ бол огт шинэ зүйл биш. Өмнө ч гэсэн Япон, Хятадаас автобус оруулж ирэхэд буудал зарлах үүрэгтэй чанга яригчийг нь худалдаж байсан тохиолдол нэг бус удаа гарч л байсан.
Тэгэхээр хэрвээ нэгдсэн бодлогоор автобус бүрийг чанга яригчтай болголоо гэхэд зайлшгүй хяналт байх ёстой. Өнөөгийн нийгэмд бол зарим нэг нь хоолойныхоо чадлаар буудлаа зарладаг болсон. XXI зуун гарчихаад байхад энэ хоцрогдмол байдлаасаа салъя. Нийтийн тээвэр нь автобусны зогсоолоо зарлаад явах нь тухайн улсын, хотын соёлын нэг хэсэг юм. Барууны орнуудаас жишээ хайгаад хэрэггүй. Ийм жишээ бидэнтэй хамгийн ойрхон ӨМӨЗО-ы Хөх хотод ч байна.
Ариун цэврийн шаардлага хангуулъя
Нийтийн тээвэр шаардлага хангахгүй байгаагийн нэг хэсэг нь ариун цэвэр. Автобусны хаалгаар ороход л архи, тамхины эхүүн үнэр хамар сэтлэх шахна. Уг нь бол автобусанд тамхи татахыг хориглодог. Гэтэл жолооч нар нь үүнийг огт хэрэгжүүлж байгаа зүйл алга. Нэг удаагийн тээвэрлэлтээрээ 50-100 зорчигчтой явдаг автобусны жолоочийн татсан тамхины утаа, эхүүн үнэрийг тэвчиж явахад үнэхээр хүндрэлтэй байдаг нь ойлгомжтой.
Дээрээс нь хог байна. Хуучнаа бодвол одоо арай гайгүй болсон ч хогноос бүрэн ангижирч чадаагүй хэвээр. Цаашилбал, тоос, шороо, суудлын бүрээсний хир буртаг гээд л үргэлжилнэ. Ийм л унаанд нийслэлчүүд зорчиж байна.
Төгсгөлд нь
Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлд зориулж “Парк шинэчлэлийн сан”-д нөхөн олговроос хуримтлагдсан 2.5 тэрбум төгрөгийг автобус компаниудад олгохоор болсон. Уг мөнгийг өгөхдөө нийтийн тээврийн үйлчилгээнд анхаарал хандуулахыг хүсч байсан гэдгийг сануулахад илүүдэхгүй. Бүр Нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгт үүрэг болгож байсан санагдана.
Гэвч энэ нь хэрэгжиж байгаа, үгүй нь тодорхой бус байна. Хотын даргын гаргасан нийтийн тээвэр болон хүүхдийн автобус, таксиг авто замын нэгдүгээр эгнээгээр зорчуулах шийдвэр уржигдраас албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Үүнийг нийслэлчүүдийн олонхи нь дэмжиж, цагаа олсон алхам хэмээн сайшааж байгаа. Яагаад гэвэл нийтийн тээврийн хэрэгсэл бусад машинтай зэрэгцэн түгжрэлд орохгүй, иргэдэд түргэн шуурхай үйлчилнэ гэсэн үг.
Гэхдээ хотын дарга аа, нийслэлчүүд тохь тухтай, дулаахан автобусаар зорчих ёстой гэдгийг мартаагүй биз. Харин одоо иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа автобуснуудыг та нэг хараарай. Өөрөө бас нийтийн тээврээр зорчоод үзээрэй. Өглөө, оройд ямар хөлдүү унаагаар иргэд үйлчлүүлж байна. Иргэдэд үйлчилж байгаа жолооч, кондукторуудад ч түвэгтэй байдаг биз.
Хэдэн талаасаа хяналт тавьж байгаад нийслэлчүүдэд шаардлага хангахуйц нийтийн тээврээр үйлчилдэг болгоё. Дээр дурдсан сэдвийн хүрээнд холбогдох албаныхан ямар арга хэмжээ авч байгаа талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын диспетчерийн албаны дарга Г.Доржпаламаас тодрууллаа.
-Нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр зорчих болоод багагүй хугацаа өнгөрсөн. Иргэд ч нийтийн тээврээр үйлчлүүлэхийг илүүд үздэг болж. Гэтэл өвлийн цагт хэт хүйтэн байх юм. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Тийм ээ. Энэ талаар иргэдээс гомдол санал манайд ирдэг. Гэхдээ бид байгаа боломжоо ашиглаад зохицуулж байна. Угаасаа манай улсын нийтийн тээвэрт явж байгаа солонгос автобуснууд Монголын цаг агаарт тохирохгүй байгаа л даа.
-Хотын даргын шийдвэр гарч нийтийн тээврийн автобусны тоог нэмж байгаа. Хэчнээн автобус нэмж байгаа юм бол?
-Энэ онд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд өөрийнхөө хөрөнгөөр 2003, 2007 онд үйлдвэрлэсэн 136 автобусыг худалдан авсан. Харин ирэх онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 100 автобус, 20 троллейбус шинээр авахаар батлагдсан.
-Ирэх онд оруулж ирэх автобус нь бас л Солонгосынх уу?
-Тэрийг мэдэхгүй байна. Нийтийн тээврийн автобусны дулаалгад бид анхаарал тавьдаггүй биш тавьдаг. Цаашид анхаарлаа улам сайжруулна.
Эх сурвалж: “Үндэсний Шуудан”
URL: