Шинэ хотын өнгийг зургадугаар сараас харах боломжтой

Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл,  Азийн хөгжлийн банкны Хот төлөвлөлтийн мэргэжилтэн Арнауд Хэкман нар өчигдөр  Нийслэлийн чадамжийг дээшлүүлэх техникийн туслалцаа болон Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн чадамжийг сайжруулах  нь  гэсэн харилцан ойлголцлын хоёр санамж  бичигт гарын үсэг зурлаа.

 

Азийн хөгжлийн банк нийт 700 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг сайжруулах, гэр хорооллыг дахин төлөвлөхөд зориулан хийж байгаа бөгөөд арван жилийн хугацаатай энэхүү төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болж байна.  Эдгээр ажлыг эхлүүлэхэд зураг төвсийн ажлыг хийж гүйцэтгэхэд  зориулж 1.5 сая долларын буцалтгүй тусламжийг Японы ядуурлыг буурууулах сангаас өгөх юм.

Азийн хөгжлийн банкны хувьд Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хотыг хөгжүүлэх, гэр хорооллыг найман дэд хэсэгт хувааж эхний ээлжид Баянхошуу болон  Сэлбэ буюу Долоон буудал, Чингэлтэй орчмын гэр хорооллыг хөгжүүлэхээр төлөвлөж хөрөнгө оруулахаар болсон байна. Ингэхдээ  Баянхошуу орчим дахин төлөвлөлтөд нийт 162 га газар, Долоон буудал Чингэлтэй орчмын 119 га газрыг хамруулан шинээр хөгжүүлнэ.

 

Төслийнхний тооцоолсноор эхний ажлууд ирэх оны зургадугаар сараас хийгдэж эхлэх ажээ. 2020 он гэхэд Баянхошуу болон Долоон буудлын гэр хороолол бүрэн шинэчлэгдэж, гол замуудад үйлчилгээний төв, машины гарааш, орон сууц бүхий томоохон барилга баригдаж, төв хэсэгт таун хаусууд сүндэрлэж, инженерийн шугам сүлжээний ажлууд бүрэн хийгдэж дууссан байна гэж  Азийн хөгжлийн банкны хот төлөвлөлтийн мэргэжилтэн хэллээ.

 

Гэхдээ эдгээр төлөвлөлт болон хөгжүүлэх ажлыг иргэний оролцоотой хийнэ гэдгийг онцолсон юм. Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэн зурсны дараа нийсэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулагчдад чин сэтгэлийн талархал дэвшүүлээд, Улаанбаатар хотын гэр хорооллынхны  амьдрах орчин, нөхцөлийг сайжруулж, хамгийн гол нь амьжиргааны төвшинг дээшлүүлэхэд асар их нөлөө үзүүлэхүйц энэхүү төслийг боловсруулан санхүүжүүлж байгаа нь түүхэн үйл явдал юм гэж онцлон тэмдэглэлээ.
М.Тунгалаг

Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих