“Хадгаламж” банк иргэдийг төөрөгдүүлж байна
Эртээ урьдын цагт 10 жилийн бүх л ангийн сурагчид “Хүүхдийн мөнгөөрөө юу хийх вэ” гээд зохион бичлэг бичиж билээ. Хадгалаад сургалтын төлбөрөө өгнө, цуглуулаад саятан болно гээд зөндөө л санаа гарч байв. Тооны машин бариад тооцоо бодоод л би ч гэсэн тэдний фронтод багтаж л байлаа. Тэгсэн аваад алга болчихдог гурваад мянган төгрөг цагийн эрхээр айхтар их өсчихөв.
Улиралд 25 мянган төгрөг болоод юун сургалтын төлбөр, илүүг мөрөөдөж, ирээдүйгээ ёстой л зурайлгав. Удалгүй сар бүр 21 мянган төгрөг олгож, архидалт, агсам согтуу, гэмт хэрэг газар авч, ажилгүйдэл, ядуурал нь хавтгайраад харин ч нэг жаргаж эхэлсэн дээ. Харин халамжиндаа “пологдсон” иргэд “Одоо болно. Үйлдвэр хэрэгтэй” гэж ухаарч билээ.
Харин хэл ам татлахгүй өнөөг хүрч ирсэн “хөхүүл” халамж байсан ч сүүлийн үед “Хадгаламж” банкны оролцоотойгоор хэл ам татлаад эхэлсэн аж. Халамж нэрэнд хорших “Хадгаламж” банк төрөөс олгох бүхий л мөнгийг дангаар тарааж, түүнээсээ ч чамгүй орлого олсон байх учиртай. Хувиар гаргаж, хороо цэргээр нь ангилдаг тус банк иргэдийг багагүй чирэгдүүлж өнөөдөртэй золгосон.
Халамж буух үеэр тус банкны харуулаас эхлээд бүгд л хаан болчихдог. Дугаарлаач, дарааллаараа гээд л халааснаасаа мөнгө гаргаж өгөх гэж буй мэт өндөр өнгөөр зандардаг нь хамгийн наад захын жишээ билээ. Одоогоор тус банк төрөөс олгож буй халамжийн мөнгийг тарааж байна. Тэтгэвэр, жирэмсний, төрсний дараах гээд төрөл бүрийн халамжийг олгодог.
Харин иргэд ямар тогтолцоогоор энэ мөнгөө авдаг тухай мэддэггүй. Өгөх бүрдээ солигддог, янз бүрийн нэртэй дэвтэр дээр тэмдэглэл хийлгэснээр таны гар дээр мөнгө очдог. Халамжийн талаар бидний мэдэх зүйл ингээд л боллоо. Маш нимгэн байгаа биз. Ийм л учраас иргэдийн дунд өнөөдөр олон янзын асуулт хөвөрч байна.
Жишээлбэл, “Хадгаламж” банк “жирэмсний мөнгөө оноос өмнө авахгүй бол он гараад өгөхгүй” гэжээ. Түүнээс гадна боломжтой айлд “жирэмсний” мөнгийг олгохгүй гэсэн яриа гарчээ. Харин халамжийн мөнгө олгох журам нь их энгийн. Хүний хөгжлийн мөнгийг олгоход иргэн бүрт тухайлан данс нээдэг. Хэдэн мянга байна уу, хэдэн сая байна уу хамаагүй заавал данстай байх ёстой.
Харин бусад төрлийн халамжийн мөнгө олгоход дансны шаардлага байдаггүй аж. Тухайн оршин суугаа дүүргийнхээ халамжийн хэлтэст хандаж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлснээр халамжийн мөнгөө авч болно. Гэхдээ он гараад нэг сарын дотор жирэмсний мөнгөө авах боломжтой гэсэн албаны тайлбар байна.
Түүнчлэн анх удаа жирэмсэлсэн эх хэдэн сартайгаас эхлээд тэтгэмж авах, хаана хандах, хугацаа хожимдсон бол сар бүрийн мөнгийг нөхөн олгож өгөх талаар мэдлэг, мэдээлэл дутмаг буйгаас ихээхэн хохирч байгаа аж. Хаа хаанаа үүрэг хариуцлага муу, энэхүү мөнгөө авах хүсэлт гаргаж, төөрөлдсөн их төрийн байгууллага дунд “тогоо шиг” гэдсээ чирээд холхихгүй л бол тэтгэмж өгдөггүй хуучирсан тогтолцоо өдийг хүртэл үргэлжилж байна.
Тиймээс бид иргэний гомдлын дагуу жирэмсний мөнгийг хаана хандаж авах, он дамжуулан олгох уу зэрэг асуултад албаны хариу хүргүүлж байна. Эх жирэмсний таван сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд жирэмсний мөнгөө сар бүр авах ёстой. Харин уг хугацааг хожимдуулсан бол нөхөн олгох боломж байхгүй аж.
Гэхдээ заавал болон сайн дураараа даатгуулагч эх хоёр болзлыг хангасан тохиолдолд тэтгэмжийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй аж. Эх тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд төлсөн, үүнээс сүүлийн зургаан сар нь тасралтгүй төлсөн байх учиртай гэнэ.
Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх дээрх хугацааг хангасан даатгуулагч эх 196 хоног тээгээд дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол тэтгэмж авах эрх тань нээлттэй болох аж. Харин та дээрх нөхцөлийг хангаагүй бол тэтгэмж авах эрх үүсэхгүй юм байна.
Б.Ширнэн
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL: