Хүмүүс амиа алдаж буй нь юутай холбоотой вэ

Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд орших 40 дүгээр сургуулийн баруун талд байрлах “Merdy” буудлын ресепшин эмэгтэйн биеийг хутгаар сийчин, боомилж амь насыг нь хөнөөсөн онц ноцтой хэрэг хэд хоногийн өмнө гарсан.

Уг хэрэг нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд шилжих шөнө гарсан бөгөөд өглөө нь жирийн иргэн цагдаагийн байгууллагад мэдээлсэн байгаа юм. Үүний дагуу цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн хэргийн газар үзлэг хийхэд эзэн холбогдогчгүй байсан учир эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид шуурхай ажиллан эзэн холбогдогчийг нь илрүүлэн тогтоосон. Одоогоор тус хэрэг нь мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа.

Хэрэг гарсан тэр шөнө “Merdy” зочид буудлын ресепшин эмэгтэй 04:47 цагт Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 102 дугаарт “Согтуу хүн орж ирчихээд агсам тавиад, гарахгүй байна” хэмээн дуудлага өгчээ. Мэдээлэл, шуурхай удирдлагын төв ч дуудлагыг авсан. Гэтэл талийгаач эмэгтэй дуудлага өгснийхөө дөрвөн минутын дараа Мэдээлэл, шуурхай удирдлагын 102 дугаарт дахин залгаж “Агсам тавиад байсан хүн явчихлаа” гээд дуудлагаа хүчингүй болгосон байгаа юм.

Тэгэхээр хүний гарт онц хэрцгийгээр амиа алдсан “Merdy” зочид буудлын ресепшин эмэгтэй үүрийн таван цагийн үед амьд байжээ. Үүрийн тав, зургаан цаг гэдэг бол хүмүүсийн ид унтдаг үе. Магадгүй агсам тавиад байсан эр талийгаачийг дуудлага өгсөнд айн гарч явчихаад хэсэг хугацааны дараа буцсан орж аллагаа үлдсэн байж ч болох.

Нийслэлд хаа сайгүй дэн болон зочид буудлууд маш их байдаг. Эдгээрийг хянадаг ганц зүйл нь хөдөлгөөнт эргүүлийнхэн. Тэднийг Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт “Ажлаа сайн хийхгүй байна. Иргэддээ хүрч ажилла” гэж хөдөлгөөнт эргүүлийн газрыг татан буулгаж, дүүрэг дүүрэгт нь шилжүүлсэн. Гэвч бахь байдгаараа байсаар л байна. Уг нь шөнө оройн цагаар үйл ажиллагаагаа явуулдаг газруудаар хоёр гурван цаг болоод нэг орчихдог байсан бол хулгайч, алуурчин, дээрэмчид “Цагдаа байнга явдаг шүү дээ” гэж бодоод иймэрхүү аллагаа үйлдэхгүй л байсан болов уу.

“Merdy” зочид буудлын хувьд зочид буудалд байх ёстой норм дүрмээ баримталдаггүй. Байнга шахуу зөрчил гардаг. Иймээс ч тус буудал нь хэрэг гардаг шөнө сул дорой ганц эмэгтэйг үүдэндээ суулгачихаад согтуу хөлчүү хүмүүст үйлчлүүлж байсан байгаа юм. Хэд хоногийн өмнө нийслэлийн Засаг даргын захирамж гарч дэн болон зочид буудлуудад шалгалт хийжээ. Уг шалгалтад “Merdy” зочид буудал бүх талаараа тэнцээгүй учир үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Ерөнхийдөө ганц нийслэлд гэлтгүй хөдөө орон нутагт амьдарч буй иргэд амиа алдах нь амиа алдаж, амиа хорлох нь хорлож байна. Өнгөрсөн өдрүүдэд л гэхэд нэлээд хүн өөрийгөө болон бусдын гарт амь насаа алдсан байгаа. Мөн бага насны хүүхдээ зодох, хутга мэсээр гэмтээсэн хэргүүд их гарч байгаа аж. Ялангуяа амиа хорлох явдал өдөр болгон гарсаар байна.

Өнгөрсөн баасан, бямба, ням гарагт гэхэд зургаан хүн амиа хорлосон байх юм. Тодруулбал уржигдар Өмнөговь аймгийн Булган сумын нутагт оршин суух 30 настай М нь ургаа модноос өөрийгөө боомилсон маягтай амиа алдсаныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Мөн Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг хэмээх газарт оршин суух 40 настай эмэгтэй нь мөн адил өөрийгөө боомилж амь насаа хохироосон байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух 30 настай эрэгтэй О нь согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ өөрийн охин 10 настай А-гийн баруун гарыг нь заазуураар зүсч гэмтээсэн хэрэг тус тус гарчээ.

Уг нь ганцхан олдох амьдралдаа ихийг бүтээх чин хүсэл байдаг биш билүү. Хүйтний урь эхэлж гол мөрний ус зайрмагтсан нэг өдөр ой ч хүрээгүй хүүхдээ дагуулсан Н.Саранчимэг гэх эмэгтэй Сэлэнгэ мөрнөөр урсан явахдаа “Амь авраарай” гэж орилж байсан гэсэн. Хүн амьдралд ийм их татагдаж, бүсгүй хүний уянгалаг хоолойг сөөтлөө орилж байхад хүмүүс ямар учраас “алтан” амиа өөрийн гараар үгүй хийсэн нь бас л сонин.

Ж.Баттуул


URL:

Сэтгэгдэл бичих