Ж.Алтангэрэл: Хүсээгүй зүйлийг нь сэтгүүлчдэд тулгаж бичүүлдэг байдлыг халах ёстой
-Хэвлэлийн шинэчлэлийг зөв хийж чадах эсэх нь ардчилсан парламентын нэг гол шалгуур болно-
Монголын парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүн, МҮОНРТ-ийн сэтгүүлч Ж.Алтангэрэлтэй Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ярилцлаа. Тэрээр хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн гишүүн юм.
-Хуулийн төсөлд сэтгүүлчдийн хүлээж буй зүйл үүдийг бүрэн тусгасан болов уу. Бид энэ хуулиас юу хүлээж болох вэ?
-Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тоо эрс нэмэгдэж, агуулга чиглэл нь ч өргөн хүрээтэй болж байна. Тухайн өөрчлөлтөөс хамаарч тулгамдсан олон талын асуудал үүсч байгаа. Хэвлэл мэдээллийн салбарын харилцаанд хууль эрх зүйн нарийвчилсан зохицуулалтууд шаардагдах болсон. Сөрөг үзэгдлүүд нэлээд гарч байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхүүжилтийн оновчтой зөв загвар бий болж чадааг үйгээс болоод мөнгөтэй, хөрөнгөтэй, улс төрийн эрх мэдэлтэй хүмүүсийг түшиж байгууллагддаг, тэгснээрээ эздийн нөлөөнд ордог, тэднийхээ дохио зангаагаар ажилладаг хандлагад автсан. Эзэд нь хэвлэл мэдээллийн онцлог, мөн чанарыг ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй. Хэвлэл мэдээлэл рүү чиглэсэн улс төрчдийн дарамт шахалт, нөлөөлөл арилахгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагын редакцийн хараат бус байдал алдагдлаа, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг хүндэтгэж үздэггүй байдал түгээмэл гарч байна. Шүүх хуулийн байгууллагыг сэтгүүлчдийн эсрэг зэвсэг болгож хувиргасан. Олон улсын байгууллагын судалгаагаар хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны ангилалд орж ухралт бий болчихлоо. Хэвлэлийнхэн ч ажиллах эрх зүйн орчноо сайжруулахыг хүсч байгаа. Бас иргэд,олон нийт, нийгмийн зүгээс эрүүл, хариуцлагатай сэтгүүл зүйг шаардаж байна. Тиймээс чөлөөт хэвлэлийн эрх зүйн орчныг шинэчлэх нь үндсэндээ нийгмийн захиалга болоод байна л даа. Энэ захиалгад нийцсэн хуулийн шинэчлэлийг хийх ёстой.
-Нийгмийн ийм захиалгыг энэ хууль биелүүлж чадах уу?
-Өргөн агуулгаар нь авч үзвэл хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн шинэчлэл зөвхөн хэвлэлийнхний эрх ашгийг хамгаалсан хууль биш иргэний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулахад чиглэж байгаа. Түүнээс биш сэтгүүлчид дур зоргоороо бичдэг, ярьдаг байхыг хүсээд том эрх чөлөө нэхээд байгаа хэрэг биш л дээ. Иргэн болгонд хамааралтай хууль. Улстөрчид зөв хандаж цаг хугацаа алдахгүйгээр баталж гаргана байх гэж найдаж байна. Гэхдээ хууль гарангуут бүх зүйл цэгцрээд сайхан болчихгүй. Цаашид хэвлэл мэдээллийн салбарын харилцааг зохицуулсан өөр хэд хэдэн хуулийг шинээр гаргах шаардлага ч бий болж байна. Бүх асуудлыг ганцхан хуулиар зохицуулах боломжгүй, эрх зүйн цогц шинэчлэл өөрчлөлт хийгдэх ёстой гэж УИХ-ын ажлын хэсгийнхэн үзэж байгаа.
-Хуулийн төсөлд хэвлэлийнхний амин сүнс болсон эрх чөлөө, хараат бус байдлыг бүрэн тунхаглах боломж байна уу?
-Хэвлэл мэдээллийн эрх чөлөө бол хамгийн гол нь хараат бус байдлыг нь хангаснаар л баталгааждаг. Энэ үзэл санаа хуулийн шинэчлэлийн амин чухал зохицуулалт байх ёстой. Редакцийн хараат бус байдлыг хангах талаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд тодорхой заалтууд туссан байгаа. Редакцийн эрхлэгч нь хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгчтэй хараат бус байдлын гэрээ байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр яригдаж байна. Энэ бол түрүүнд нь байгаагүй хуулийн шинэ зохицуулалт юм. Гэхдээ хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг зөвхөн байгууллага, редакцийн төвшинд хангах нь бүрэн зохицуулалт болж чадахг үй. Тиймээс редакцийн удирдлага нь сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах талаар байгууллагынхаа ёс зүйн дүрэм, дотоод журамдаа тусгах үүргийг хүлээх ёстой. Ийм агуулгаар хуульд тусгах саналыг ажлын хэсгийн бүрэлдэх үүн дэх сэтгүүл зүйн төрийн бус байгууллагуудын төлөөлөл гаргаад байгаа.
-Сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийг редакциас хамгаалах ёстой гэж үү?
-Одоогийн бодит нөхцөл байдлаас харвал сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, редакцийн эрхлэгчдийнхээ дарамт шахалтад ажиллаж, мэргэжлийн эрх нь зөрчигдөж байна. Сэтгүүлчид өөрсдийн хүсээгүй зүйлийг шахалтаар нийтэлж нэвтрүүлдэг байдал их гарч байна. Хэн нэгнийг магтан дуулах, аль эсвэл гутаан доромжлох байдал голдуу хэвлэл мэдээллийн байгууллага, редакцийн удирдлагын шахалтаар хийгдэж байгаа. Энэ байдлыг өөрчлөх ёстой. Редакцийн хараат бус байдлыг хангана гэдэг бол сэтгүүлчийн мэргэжлийн эрхийг хамгаалж байгаа хэрэг гэж зарим судлаач тайлбарладаг. Редакцийн хараат бус байдлыг тодорхойлдог нэг гол шалгуур үзүүлэлт нь сэтгүүлчдийн бие даан ажиллах боломжийг аль хэр бүрдүүлж байна вэ гэдгээр хэмжигддэг. Гэвч редакциуд төлөвшөөгүй байгаа.
Сэтгүүлчийнхээ мэргэжлийн эрхийг хүндэтгэдэг байх зөв хандлага тогтоогүй байна. Ийм нөхцөлд хуулиар үүрэг хүлээлгэх зохицуулалт хийх хэрэгтэй. Хэрэв сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдал нь хангагдаагүй гэж үзвэл тодорхой субъектэд гомдол гаргах эрхтэй байх зохицуулалтыг ч хуульд тусгаж болно. Ийм хамгаалалт хийгээгүй нөхцөлд сэтгүүлчийн мэргэжлийн эрх зөрчигдсөн хэвээрээ л байх болов уу.
-Сэтгүүлч өөрөө хараат бус байдлынхаа талаар гомдол гаргадаг болно гэж үү. Хэнд гомдоллох юм бэ, ийм заалт эрх чөлөөний хуулийн төсөлд байгаа юу. Эсвэл таны санал уу?
-Миний хувьд хэвлэл мэдээллийн байгууллага, редакцийн удирдлага нь сэтгүүлчээс итгэл үнэмшлийнх нь эсрэг чиглэсэн аливаа зүйлийг нийтлэх, нэвтрүүлэх, ямар нэгэн хариуцлага хүлээхийг тулган шаардах, тухайн шаардлагыг биелүүлээгүй бол дарамт шахалт үзүүлэх, хариуцлага хүлээлгэхийг хориглох агуулгаар хуулийн төсөлд заалт тусгах санал гаргасан. Гэвч ажлын хэсгийнхэн хүлээж аваагүй л дээ. Гол нь сэтгүүлч итгэл үнэмшлээрээ бичдэг, ярьдаг байж болохгүй гэж ажлын хэсгийн зарим гишүүн эсэргүүцсэн. Уг нь сэтгүүлчийг хүсээгүй зүйлийг нь тулгаж бичүүлдэг байдлыг халах ёстой. Нөгөө талдаа итгэл үнэмшилтэй байх гэдэг бол хүн болгонд Үндсэн хуулиар олгогдсон эрх л дээ. Судалгаанаас үзвэл тухайн зохицуулалтыг зарим улс орнуудын хэвлэл мэдээллийнхэн ёс зүйн дүрэмдээ тусгасан байдаг, зарим нь бүр хуульчилсан байдаг. Манайх бол хуульчлах хэрэгтэй байгаа юм. Түүнээс биш байгууллагын дүрэмд тусгаад хэрэгжих магадлал байхгүй.
-Бид зөвхөн эрх чөлөөг хүсээд байх уу, нөгөө талаар хариуцлагын механизм нь энэ хуульд байх ёстой юу?
-Энэ хуулиар зөвхөн хэвлэлийн эрх чөлөөг тунхаглах биш бас хэвлэл мэдээллийн байгууллагуудын ил тод байдлыг хангах, хариуцлагын эрх зүйн баталгааг бий болгохоор яригдаж байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн байгууллага нь үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгчийнхээ тухай мэдээллийг жил болгон олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод мэдээлж байх заалт бий. Бас хувь эзэмшлийнх нь хэмжээнд өөрчлөлт орох тохиолдол болгонд мэдээлж байх үүргийг хүлээхээр байна. Гэтэл жил бүр мэдээлэх гэдэг үгийг нь хасч зөвхөн өөрчлөлт оруулсан тохиолдол бүрт нь мэдээлж байх агуулгаар ажлын хэсгийн зарим гишүүн санал гаргаад байгаа. Ийм байдлаар заалт тусгавал хуулийн төслийн анхны үзэл баримтлалаас ухарсан алхам болно. Өөрөөр хэлбэл, хууль батлагдаад гарангуут хэвлэл мэдээллийн байгууллагууд эзэмшигчдийнхээ хувь эзэмшлийн хэмжээг ил тод мэдээлэхгүй байж болно. Эзэмшилд өөрчлөлт ороогүй гэдэг байдлаар халхавч хийгээд хэдий болтол байхыг мэдэхгүй. Тиймээс хуулийн төслийн анхны заалтыг хэвээр нь хадгалах хэрэгтэй. Эзэмшигчид нь, тэдний хувь эзэмшлийн хэмжээ нь ил тод болно, нийтэд зарлагдана гэдэг бол олон нийт тухайн хэвлэлийн байгууллагын мэдээлэлд бодитой дүгнэлт хийх боломж гарна гэж аль, аль талдаа үзэж байгаа.
-Хариуцлагын цаана ёс зүйн дүрэм байх ёстой. Дүрмийг хэн гаргаж, түүнд хэн хяналт тавих вэ. Сэтгүүлчдийн эвлэл үү, эсвэл редакц тус бүртээ дүрэмтэй байх уу?
-Энэ удаагийн хуулийн шинэчлэлээр хэвлэл мэдээллийн байгууллагад хүлээлгэх нэг гол үүрэг хариуцлага бол ёс зүйн дүрэмтэй байх, дүрмээ мөрддөг байх явдал гэж үзэж тодорхойлж байна. Түрүүнд нь сэтгүүлчдийн байгууллагын зүгээс ёс зүйн дүрэм гаргасан тохиолдлууд байдаг боловч хэвлэлүүд хэрэгжүүлдэггүй, зүгээр л хоосон тунхаг болоод өнгөрдөг. Шалтгаан нь тухайн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьдаг бүтэц байдаггүй, дүрмээ мөрдөхгүй бол хэн хариуцлага ярих нь тодорхойгүй байдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн салбарын дотоод зохицуулалт үгүйлэгдэж байгаа.
-Сэтгүүлчдийн ёс зүйн алдааг шүүхэд шилжихээс өмнө зохицуулдаг зөвлөлтэй болох тухай ярьж буй. Зөвлөл нь ямар чиг үүрэгтэй байх юм бэ?
-Сэтгүүлчдийг баривчилдаг, хорьдог, шийтгэдэг Эрүүгийн хуулийн хатуу заалтууд үйлчилж байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулахаар яригдаж байгаа. Зөвлөлийн чиг үүрэг бол хэвлэл мэдээллийн байгууллага, редакци, сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн алдаатай холбогдсон аливаа өргөдөл гомдлыг шүүхийн шатнаас өмнө хянан хэлэлцдэг байх юм. Зөвлөлийг сэтгүүлчдийн их хурлаас байгуулъя, зөвлөлийн бүрэлдэхүүнд хэвлэл нийтлэгчид, сэтгүүлчид, олон нийтийн тэнцүү тооны төлөөлөл багтдаг байя гэсэн хувилбар УИХ-ын ажлын хэсгийн хүрээнд яригдсан.
Асуудал хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад ямар нэг байдлаар шийдэгдэх байх. Бас нэг бэрхшээлтэй асуудал гэвэл Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэрийг нь зөв тогтоох хэрэгтэй болж байгаа. Одоогийн хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэд, хуулийн этгээд, бас олон улсын байгууллагын хандив тусламж, төсөл хөтөлбөрөөр санхүүжих заалтууд бий. Гэхдээ санхүүжилтээр дамжиж хөндлөнгийн нөлөөнд орохгүй байх баталгаа байна уу гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа. Зөвхөн гишүүдийнхээ татвараар санхүүждэг байвал яасан юм бэ гэсэн саналыг ч ажлын хэсгийн зарим гишүүн гаргаж байна. Ямар ч гэсэн олон талаас нь ярьж байж зөв гарц олох хэрэгтэй.
-Хэвлэл мэдээллийн зөвлөл нь редакц, сэтгүүлчдийг алдаа гаргуулахгүйн тулд хянадаг байх уу. Ер нь редакцид нөлөөлөх үү?
-Зөвлөлийн зүгээс сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага, редакцийн сэтгүүл зүйн үйл ажиллагааны явцад хяналт тавьдаггүй, аливаа шаардлага шахалт үзүүлдэггүй байх ёстой. Зөвхөн хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ л гүйцэтгэх учиртай. Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдснаар иргэн, хуулийн этгээдийн шүүхэд хандах эрхийг хязгаарлахгүй гэж хуулийн төсөл санаачлагч үзсэн. Үүнтэй ажлын хэсэг санал нэг байгаа. Хэрэв иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, редакци, сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлоо шүүхэд гаргавал Хэвлэл мэдээллийн зөвлөл төлөөлж оролцдог байх юм.
-Хуулийн төслийг хэт ерөнхий, учир дутагдалтай, мэргэжлийн холбоодын чиг үүргийг тусгаагүй гэсэн шүүмжлэл гарсан. Та Монголын парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүн хэмээх нэг мэргэжлийн холбоог удирдаж байгаагийн хувьд энэ талаар юу хэлэх вэ?
-Ардчилсан, чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд сэтгүүл зүйн салбар дахь төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодын оролцоо, үүрэг нөлөө эрх зүйн талаасаа хязгаарлагдмал байгаа. Тиймээс салбарынхаа суурь хуулиар давхар зохицуулалт хийж болох талтай. Гэхдээ хэвлэлүүдийг хянадаг, ямар нэгэн хязгаарлалт тавьдаг, хариуцлага тооцдог механизмыг хуулиар бүрдүүлж болохгүй. Харин сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалдаг, салбарынхаа нийтлэг зорилгын төлөө ажилладаг, чөлөөт хэвлэлийн үзэл санааг хэрэгжүүлэх үүднээс төрд нөлөөлдөг байх агуулгаар мэргэжлийн холбооны зөвхөн чиг үүргийг нь тодорхойлох хэрэгтэй. Түүнээс биш сэтгүүлчдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлаж заавал хуулиар ямар нэг холбоо байгуулах нь гол зорилго биш л дээ.
Үндсэн зарчим нь мэргэжлийн байгууллагуудын үүрэг нөлөө, оролцоо үгүйлэгдээд байгааг л өөрчлөх юмсан гэдэг үүднээс хандаж байгаа. Энэ бол хэн нэгэн хүний сонирхол, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигтай холбоогүй. Наад зах нь хууль эрх зүйн өөрчлөлт хийхэд мэргэжлийн холбооны саналыг заавал харгалзаж үздэг байх зохицуулалтыг хуулиар хийж болно. Мэргэжлийн холбоод нь ямар ч үүрэг нөлөөгүй, оролцоо сул дорой байвал салбарын шинэчлэл бүрэн хийгдэж чадахгүй.
-Редакц бүр дэргэдээ үйлдвэрчний эвлэлтэй байх ёстой гэсэн саналыг сэтгүүлчид хэлдэг. Мөн улс төрөөс хараат бус байхын тулд салбарын ажилтнуудын үндсэн цалинг нэг мөр тогтооё гэсэн санал төслийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр гарсан. Энэ тухай ажлын хэсэг дээр ярьсан уу?
-Хэвлэл мэдээллийн байгуулагууд нь сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний эвлэл юм уу, түүнтэй ижил чиг үүрэг бүхий байгууллага заавал байгуулахыг хуулиар үүрэг болгох ёстой гэж УИХ-ын ажлын хэсгийн гишүүд үзэж байна. Одоогоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын цалин хөлс бага, хөдөлмөрийн эрх нь байнга зөрчигдд өг, нийгмийн баталгаа сул байгаа. Тиймээс тэдний өмнөөс дуугардаг, тэмцдэг, ажил олгогчдод шаардлага тавьдаг, хэлэлцээр хийдэг бүтэц байх ёстой. Үйлдвэрчний эвлэл байгуулахыг хэвлэл мэдээллийн байгуулагуудад салбарын хуулиар нь үүрэг болгоог үй байдлаас болоод ажил олгогчид ач холбогдол өгдөггүй, үйлдвэрчний эвлэл байгуулсан ажилтнуудаа үл ойшоодог, шаардлагыг нь хүлээж авдаггүй. Ийм хандлагыг өөрчлөх хэрэгтэй болоод байна.
-Ер нь сайн хуультай боллоо гээд хэрэгжүүлж чаддаггүй. Ийм жишээ манай салбарт ч байгаа шүү дээ?
-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах, хараат бус байдлыг нь хангахад чиглэсэн хууль эрх зүйн зохицуулалтуудыг хийхдээ ингэх, тэгэхийг хориглоно гэсэн ерөнхий заалтууд тусгаад үр дүн гарахгүй. Тухайн заалтыг зөрчсөн нөхцөлд яах вэ гэдэг зохицуулалтуудыг заавал хийх хэрэгтэй болов уу. Жишээ татаж хэлэхэд Олон нийтийн радио телевизийн тухай хууль гарснаар чөлөөт хэвлэлийг төлөвшүүлэхэд чиглэсэн нэг том алхам болсон. Гэхдээ тухайн хуульд туссан дэвшилттэй хэд хэдэн заалт байдаг боловч хэрэгжих механизмыг нь бүрэн бүрдүүлж чадаагүй. Энэ хуульд олон нийтийн радио телевизийн сурвалжлагч, редакц нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгоход нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, олон нийтийн радио телевизийн удирдлага хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно гэдэг ч юм уу, олон нийтийн радио телевизийн хөтөлбөр нь нэг талыг баримтлаагүй байна гэсэн заалтууд байдаг. Гэвч тууштай хэрэгждэггүй. Удирдлагуудын томилгоо нь төр засаг, улс төрөөс хамааралтай болж хувирсан. Ийм байхад хэвлэлийн эрх чөлөө хангагдаж чадахгүй.
Цаашид Олон нийтийн радио телевизийн хуулийг ч эргэж харах хэрэгтэй байгаа. Аливаа хуулийг баталж гаргалаа ч хэрэгж үүлээгүй нөхцөлд зөвхөн цаас л болж хувирдаг. Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль гарснаар иргэд төрийн байгууллагуудаас мэдээлэл авах эрхийг нээхэд чиглэсэн эрх зүйн том зохицуулалт болсон, иргэдэд нууцаас бусад мэдээллийг ямар нэгэн саадгүйгээр өгч байх үүргийг төрийн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэсэн. Энэ хууль бас л хэвлэл мэдээллийнхэнд боломж олгосон зохицуулалт болсон. Гэтэл хэрэгжихг үй л байна. Тиймээс хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг гаргахдаа хэрэгжих механизмыг нь тодорхой бүрдүүлэхэд анхаарах ёстой. Тэгэхгүй бол тунхагийн чанартай байдлаасаа гарч чадахгүй одоогийн нөхцөл байдал хэвээр үргэлжилнэ.
-Өмнөх парламентын үед өргөн барьсан хуулийн төсөл одоог хүртэл батлагдаагүй, хэлэлцүүлэг нэлээд удаж байна. Энэ удаагийн намрын чуулганаар баталж чадах уу?
-Хууль тогтоогчид,улс төрчид явцуу ашиг сонирхолдоо хөтлөгдөхгүй байх, хэвлэлийн эрх чөлөөг боомилох үүднээс хандахгүй байх нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх, хуулийг баталж гаргах гол нөхцөл болох юм. Чөлөөт хэвлэлийн эрх зүйн шинэчлэлийг зөв хийж чадах уу, үгүй гэдэг нь ардчилсан парламент мөн эсэхээ харуулах нэг гол шалгуур болно. Энэ бол нэг талдаа улс төрчид нийгмийн өмнө хүлээсэн маш том үүрэг хариуцлага. УИХ-ын ажлын хэсгийнхний хүрээнд яригдаж байгаагаас үзвэл Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг намрын чуулганаар багтааж хэлэлцүүлье, батлуулъя гэсэн чиглэлийг баримталж байна. Энэ хууль батлагдаад гарвал ардчиллыг бэхжүүлэх талаасаа чухал зохицуулалт болно. Гэхдээ хууль гараад л бүх зүйл сайн сайхан болчихгүй. Ямар ч гэсэн урагшаа нэг алхах хэрэгтэй байх.
М.Ганцэцэг
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: