Үрийнхээ толгойг “залгидаггүй” аав, ээжтэй байхыг хүснэ

Өдөр тутмын сонин бүрийн эхний нүүрэнд “хүүхэд хохирчээ” гэсэн утга бүхий материал голлох боллоо. Гэхдээ энэ байдал саяхнаас биш л дээ. Нэлээд эртнээс ийм хэргүүд гарах болж түүнийг нь гол харлан байж бид гарчиглах болсоор удлаа. Ийм төрлийн мэдээлэл тархи руу “орох” бүрт харгис аав, ээжүүдийн зодуурын амтыг мэдрэх шиг болж нуруугаар хүйт даагаад “араатнууд юм даа” гэх үгийг ямар ч хяналтгүйгээр амнаасаа унагах боллоо.

Ийн уурсахын учир дахиад л хүний жаахан охин архинд донтсон “араатны” гар дахь заазуурын ирэнд өртчихжээ. Харь элэгийн хэн нэгний биш төрсөн аавынхаа гарт шүүслэгдчихжээ. Нэг хэсэг өвлийн цаснаар халуун хэвлийгээсээ унаад хорвоотой танилцаж ч амжаагүй нярай үрээ “хаячихжээ” гэсэн хэрэг даанч их гарсан.

Харин ойрноос аавынхаа, ээжийнхээ гарт тамлуулж амьдралын биш зодуурын амтыг мэдрэх хүүхдүүдийнхээ өмнөөс өрөвдөх боллоо. Энэ тухай Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Н.Мэндсайхан хэлж байна. Тэрбээр “манай улсад жендерт суурилсан болон гэр бүлийн хүчирхийлэл түгээмэл байна” гэлээ.

Тухайлбал, 2005 онд хүний амь нас хохирсон гэмт хэргийн 49.4, бусдын бие махбодид гэмтэл учруулсан, гэмт хэргийн 35.9, танхайрах гэмт хэргийн 35 хувь нь ахуйн хүрээнд үйлдэгдсэн бол улсын хэмжээнд бүртгэгдсэн дөрвөн гэмт хэргийн нэг нь гэр, орон сууцанд үйлдэгджээ. Өөрөөр хэлбэл, хүчирхийллийн аль нэг хэлбэрт хоёр хүүхэд тутмын нэг, гурван эмэгтэй тутмын нэг, дөрвөн ахмад настан тутмын нэг өртдөг гэлээ. Хөөрхий дөө.

Бид чинь хүчирхийлэгчдийн дунд амьдарч байна гэж үү. Хэзээнээс монголчууд ийм жудаггүй, хуудуугүй, мөс чанаргүй, нялцгай гурил шиг болчихсон юм бэ. Цаг төрийн үймээн үү, цадигаа алдсан араатанлаг сэтгэлгээ юу. Яагаад хутга барьж төрсөн үрийнхээ булбарай арьсыг сийчиж байхдаа сэтгэл нь шаналахгүй байна вэ, яагаад үрийнхээ улаан цусыг үзэж байж бачимдсан мунхаг сэтгэлээ тайвшруулж байна вэ, яагаад бяцхан үрсийнхээ мах, цусыг өвтгөж шарх сорви тогттол нь зодож бах таваа хангадаг болоо вэ, яагаад ээжүүд нь хөрсөн дээрээ 40 хэм хүрч цасаар нүүр нүдгүй шуурсаар байхад яс, үс нь бэхжээгүй нярай үрээ хаяад сэтгэл амар амьдраад явна вэ яагаад, яагаад, яагаад тэр вэ.

Сэлэнгэ голд урсаж явахдаа адилхан живж байсан нөхрөө зоригжуулж, “хүүхдүүдийнхээ төлөө амьд яв, чи минь чадна” хэмээн ханиа зоригжуулж нялх үрээ сандалны тавцангийн чинээ мөсөн дээр тэгнэж амь аврахыг гуйсаар “голын урсгал” болон алга болсон Монгол ээжийн сэтгэл шиг ариун сайхан чанар хаашаа урсан одов оо. Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог шүү дээ гэх афоризм шиг үгийг монголчуудын дунд үлдээгээд явсан Тунгалаг бүсгүйн хайр энхрийлэл хаачив.

Улаан гал дундаас хоёр ч залууг аварч нэгийг нь аварч чадсангүй дээ хэмээн өөрийгөө буруутгаж асан залууг та санаж байна уу. Энхтайвны гүүрэн дээр машин шатсаны маргааш өглөөнөөс эхлэн бид ингэж ярьсан эгэл баатартай танилцсан шүү дээ. Онгоц дүүрэн хүнийг ч мөн халуун амь, эр зориг, хүч чадлаараа аварсан Монгол залуу эгэл нэгэн байсан. Монгол ээж, Монгол залуусын язгуур төрх нь ийм л юм. Гэтэл мах идээд ч манайхсдаггүй араатнуудад ахиад хэчнээн байгаа бол гэж бодох аймшигтай байна.

Шинэ он удахгүй гарна. Хүсэл биелүүлэгч сахиусан тэнгэр хаа нэгтээ хэсүүчилдэг гэсэн яриа үлгэрт үргэлж гардаг. Тэгвэл үлгэрт итгэж, үлгэр уншиж өссөн би хүслээ даймаар байна. Маргаашийн, дахиад маргаашийн сонины эхний нүүрнээс “хүүхэд хохирчээ” гэх утга бүхий мэдээ олж хармааргүй байна. Хүүхдийнхээ эрхийг хамгаалдаг төртэй байхыг, үрийнхээ толгойг “залгидаггүй” аав, ээжүүдтэй байхыг хүснэм.

М.Мөнхтунгалаг

НИЙГМИЙН ТОЛЬ


URL:

Сэтгэгдэл бичих