Монголын 13 гэр бүлийн хөрөнгө, 2.8 сая энгийн иргэдийн өмчтэй 100 тэрбум доллар дээр очиж хайнцав

Дэлхийд гайхагдсан Таван толгойн коксжих нүүрсний ордоос Монгол хүн бүр тодорхой хэмжээгээр хувь хүртэх сайхан боломж “молиго” өдрийн битүүнд тохиолоо. Өмчтэй болж байгаа юм хойно, сайхан л байна. Харин иргэдийнх нь баян ядуугийн ялгаа сая саяар биш тэрбум дахинаар хэмжигдэх “Оригиналь” капиталист нийгэмд Монгол улс энэ өдөр эргэлт буцалтгүй шилжин орлоо. Магадгүй 2011 оны 3 дугаар сар 31-нийг Монгол улс Социализмаас Капитализм руу шилжин орсон сүүлчийн өдөр хэмээн түүхэнд “ногоон” үсгээр бичиж үлдээвэл зохино. Цаашид жил бүр энэ өдрийг “Монгол Капитализм”-ын өдөр болгож, Доллар хэмээх бурханд сунан сунан мөргөж тэмдэглэдэг болох нь оновчтой. Эх орончдын өдөр, тусгаар тогтнолын өдөр энэ тэрийн дэргэд жинхэнэ бодитой баяр болох нь дамжиггүй.
Учир юу хэмээвээс, Таван толгойн орд газар гурван компанид хуваагддаг юм. Нэгд, том Таван толгой буюу өнөөдөр бид 536 ширхэг хувьцааг нь эзэмшиж байгаа “Эрдэнэс Таван Толгой” ХК. Төрийн өмч давамгайлсан тус компани орд газрын нийт лицензийн талбайн 94%-ийг эзэмшиж байна. Хоёрт, орон нутгийн “Таван толгой” ХК буюу Өмнөговь аймаг 51%, “Ажнай” корпораци 21 %, “Ээрмэл” ХК 20% болон бусад жижиг компаниудын эзэмшилд байдаг,  төр, хувийн хэвшлийн холимог эзэмшил бүхий жижиг Тавантолгой орно. Орон нутгийн “Тавантолгой” ХК нийт лицензийн талбайн 2% орчим хэсгийг эзэмшиж, 45 жилийн турш олборлолт явуулж байгаа тухайн ордын ууган олборлогч. Тус компанийн том хувьцаа эзэмшигчийн нэг “Ажнай” корпорацийн эзэн Б.Бат-Эрдэнэ сүүлийн үед ан авд зориулж 1 сая доллараар аяллын бенз автомашин, 8 сая доллараар Нүхт цогцолборыг, 10 сая доллараар хувийн нисэх онгоц, 100 сая доллараар Солонгос улсад ачааны усан онгоц, 150 сая еврогоор Германд эдлэн газар, шилтгээн авсан гэх мэтээр хэвлэлээр шуугиж байгааг бодоход ямархуу рангтай компани гэдэг нь ойлгогдож байна.
Гуравдугаарт, Монголын олигархуудын нэгдэл гэгддэг 100% хувийн өмч бүхий “Энержи Ресурс” ХХК. Тус компани Таван толгойн орд газрын лицензийн талбайн 98%-ийг эзэмшиж байснаа “дөрөвхөн” хувийг нь авч үлдээд бусдыг нь төрдөө “бэлэглэж” буян үйлдсэн “өглөгч” компани. Энэ компанийн “ачаар” бид одоо том Таван Толгойн  536 ширхэг хувьцааг эзэмшиж буй хэрэг. Гэхдээ, “Энержи Ресурс” ХХК-ийн 4%-ийн талбайд энэ ордын өрөм нь үлджээ. Хөрс хуулалт хамгийн бага, нүүрсний коксжих чанар хамгийн өндөр, нөөц их гэх мэт давуу талууд Ухаа худаг дахь “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшил бүхий ордод хамаарна. Тус компанийн эзэмшил талбайн 4%-д 490 сая тонн дээд зэргийн коксжих чанартай нүүрс агуулагдаж байна. Нэг тонн коксжих нүүрс дэлхийн зах зээлд 210 ам.доллар байгаа одоогийн ханшаар буюу даруухнаар тооцвол 100 тэрбум доллар болж байна. Эдийн засгийн өгөөжийн хувьд нийт ордын 10%-иас хол давлаа гэсэн үг. Товчхондоо, Монголын 13 гэр бүлийн хөрөнгө, 2.8 сая энгийн Монгол иргэдийн нийт хөрөнгөтэй 100 тэрбум доллар дээр очиж хайнцлаа. “Энержи Ресурс” ХХК-ийн хувьцааг Монгол улсын ерөнхий сайд, “Алтай холдинг” групп буюу Чингис зочид буудлын эзэн Сү.Батболд, “МСS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргал, УИХ-ын дэд дарга, “Шунхлай” группын эзэн Г.Батхүү, “Петровис” компанийн эзэн Ж.Оюунгэрэл, НИК-ийн том хувьцаа эзэмшигч, Ш.Отгонбилэг агсны гэргий Д.Туяа, Монгол улсын ерөнхийлөгч асан П.Очирбат тэргүүтэй шинэ цагийн баячууд эзэмшиж байна.
Монгол капитализм мандтугай. Ура.
Ө.Мэргэндүү. Zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих