Байгаль орчны салбарынхныг “хэлгүй” болгосон “Номин констракшн”
Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн 200 метр талбай дотор ямар нэгэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон хуулийг зөрчиж, Туулыг “эмжсэн” олон барилга байшин Улаанбаатарт бий. Хамгийн сүүлийн үеийн томоохон хэмжээний “эмжээр” нь “Номин констракш”-ын “Ривер гарден” орон сууцны хотхон.
Өмнө нь “Стандарт кэмп” хэмээх амралтын газар байсан энэ газрыг “Номин констракшн”-ынхан барилгынхаа тодорхой хэсгийг тэдэнд өгөх тохиролцоо хийж худалдаж авчээ. Ам.метр нь 2,8-3,5 саяын үнэтэй энэ барилгууд Туулын эргээс ердөө 20 гаруйхан метрийн зайд байрлаж байна. Эрүүл, цэнгэг агаарыг сурталчилгааныхаа гол давуу тал болгон ашигладаг энэ барилгуудын үнэ цэнэ одоогийнхтойгоо нийцэх эсэхийг хэлэхэд эрт юм.
Голын эрэг дээрх барилга байшин, уурхайн олборлолт, тэр битгий хэл хайрга чулуун дээр нь машинаа зогсоогоод угаах нь ч экологид ямар их хор хөнөөлтэйг монголчууд хангалттай мэддэг болчихоод буй. Гэсэн ч халааслах мөнгөнөөсөө бусдыг харж чадахаасаа нэгэнт өнгөрчихсөн барилгын салбарынхан болон цонхоороо голын усыг тольдох хүсэлтэй хөрөнгө чинээтнүүд хоёрын хувьд энэ тийм ч сонин биш юм. Харамсалтай нь өөр нэг том аюул бий гэдгийг хэн ч хөндөж тавихгүй байна.
Улаанбаатарт XX зуунд гурван том үер болсон. Яг түүн шиг үер нэг удаа болоход л тэр чигээрээ усанд автах барилгын нэг нь “Ривер гарден” хотхон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. 1966 оны үерийн дараа Туул голын эрэгт хэд, хэдэн далан барьсан ч өдгөө бүгдээрээ сэтэрчихсэн учраас байгалийн гамшгийг тэдэнд лав “даатгаж” болохгүй болсон.
Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдагийг өнгөрсөн жилд мэдрэгдсэн хэд, хэдэн жижиг газар хөдлөлтийн дараа Геофизикийн хүрээлэнгийнхэн мэдэгдэж байв. Тэр дундаа голын хөрс сул, хайрга чулуутай учраас Туулын орчимд газар хөдлөлт хамгийн хүчтэй мэдрэгдэхийг тэд онцолж байсан. Зөвхөн энэ утгаараа ч биш, голын эрэгт барьсан байшингийн суурь бат бөх боломж манай улсын хувьд байхгүй. Ганцхан жишээ үүнийг нотолно. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ойр орчимд барьж буй хоёр ч том барилгын суурийг цутгахын тулд хөрснийх нь усыг зургаан сарын турш шавхсан. Барилгыг барьж байсан хятадууд байшингийнхаа суурийн бат бөх байдлыг хангах үүднээс суурийн ажлыг нь эхлүүлэхийн тулд монголчуудын хувьд тэвчээр барагдахаар их хугацаа зарцуулсан нь энэ. Хүүхдийн паркийг ойролцоох энэ хоёр барилгыг Сэлбэ голтой ойрхон учраас хятад барилгачид ийн болгоомжилсон хэрэг. Гэсэн ч Туулын эргээс 20 метрийн зайд сүндэрлэж буй “Ривер гарден” хотхонтой харьцуулахад энэ хоёр барилга Сэлбэ голоос хамаагүй хол зайтай. Тэгээд ч Сэлбэ бол Туултай харьцуулахад жижигхэн гол. Туулын эрэгт барьж буй барилгаас хамаагүй бага ус хөрсөнд нь агуулагдаж байж таарна. Хамгийн наад захын, нүдэнд харагдаж, гарт баригдах жишээ нь энэ. Харин мэргэжилтнүүдийн амнаас энэ талаар үүнээс хавьгүй илүү “айдас төрүүлэм” үндэслэлүүд унах вий.
Манайд “усны” гэх тодотголтой, ялангуяа Туул голоор овоглож үйл ажиллагаа явуулдаг олон ТББ, хувь хүн байна. Туулын эрэг дээр амбаар бариад суучихсан айлыг “экс” Усны газрынхан телевизийнхнийг дагуулан сүр дуулиан болж очоод хөөж, тууж явуулж байсныг тод санаж байна. Гэтэл 1000 гаруй хүн амьдрах хэмжээний ийм том хороолол барьчихаад байхад салбар хариуцсан яам, хотын удирдлага, өнөөх Усны газрынхан нүдээ аниад, чихээ таглаад суучихдаг. Тэднийг нүд, чихгүй болгодог ямар нэгэн хүчин зүйлийг “Номин констаркшн”-ынхан бий болгодог ч байж мэднэ. Сураг сонсох нь ээ, одоо татан буугдсан Усны газрын нэгэн удирдлага өмнө нь “Номин холдинг”-д хуулийн зөвлөх байсан, эртний сүлбээтэн гэх. Тэдний ажил Туулын эргээс айлын амбаар буулгахаас хэтэрч чадаагүйн шалтгаан энэ ч юм бил үү, хэн мэдлээ. Юутай ч, байгаль орчны салбарынхныг хэлгүй, хуульгүй болгох чадвар “Номин”-гийнхонд байх шиг. Үүний бас нэг жишээ нь Зайсангийн хажууд, Америк сургуулийн ард баригдаж буй “Цэцээ гүн” хотхон.
Ам.метр нь гурван саяын үнэтэй хаус, орон сууцууд бүхий энэ хороолол Улсын тусгай хамгаалалттай газарт сүндэрлэж байна. Ийм газарт зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар газар олгодог. Харамсалтай нь энэ хууль ч бас “Номин констракшн”-ынханд үйлчилсэнгүй.
Х.Хулан
URL: