Төрийн “Ижимэ”
Японы бага дунд сургуулийн сурагчдын дунд “ижимэ” хэмээх гамшиг нүүрлэж олон хүүхдийн хувь заяа, амьдрал, амь насыг авч одсон байдаг. Энэхүү хар хорын өвчин Японы төр засаг, сургууль хамт олон, багш, эцэг эхчүүдийг шар махтай нь хатаах гэгч болж байна. Ижимэ (bullying) хэмээх энэ үзэгдлийг судлаачид хар хор, атаа жөтөө, хийрхэлээс үүдэлтэй, хорон санаагаар бусдыг турхиран бусдаас бяд муутай, сулхан нэгнээ эсвэл бусдаас тохой илүү, чадалтай, сурлага сайтай нэгнээ зориуд ганцаардуулан хамт олноороо бие махбодийг нь гэмтээх, сэтгэл санааг нь түгшээх, ам хэлээр гутаан доромжилсоор түүнээс ангийн бүх сурагчид нүүр буруулан эцэст нь шархалсан зүрхтэй жаал хүү, охин гэрээслэл үлдээгээд амиа хорлодог юм.
Судлаачдын үзсэнээр, ямар хүүхэд ижимэд илүү өртдөг вэ гэхээр бусдаас онцгой ямар нэгэн чадвар аль эсвэл онцлог байдагт оршино. Бяд царай зүс муутай гэхээс илүүтэй өөлөх юмгүй, сурлага, спорт, урлагийн онцгой авьяастай, бүх зүйлээр тэгш байх нь өөлөх, ижимэ хийхийн гол нөхцөл болсон байх нь элбэг ажээ. Харин ямар хүүхэд ижимэ хийж, бусдын хувь заяа, амьдрал, амь насыг егүүтгээд байна гэхээр бяцхан цээжиндээ атаа жөтөө, хонзон, хар хорыг бусдаас илүү тээгч, бусдыг мууд турхиран дуудагч, бусдын зовлонг харж баясагч сэдэл аль эрт суусан мууд л хэрсүү болохоос бусдаас ялгарах юмгүй нэгэн байдаг аж. Ийм мууд хэрсүүжсэн хүүхдээс бусдыг нь хамгаалах чиглэлээр багш нар түлхүү ажиллах болжээ. Өөрөөр хэлбэл, хоттой хонийг бүгдийг нь хамгаалах гэж үйлээ үзсэнээс хонин дотор орсон бяцхан чоныг нүд харгалзалгүй харж байх нь илүү дээр гэж үздэг бололтой.
Ижимэд өртсөн хүүхдийн сэтгэлийг хамгийн ихээр шархлуулдаг зүйл юу вэ гэвэл хамт олон, группээрээ түүнийг “үзэхгүй болдогт” оршдог байна. Хамт олны дотор буй зөөлөн сэтгэлтэй, сайн мууг ялган ухаарах сэтгэлтэй нэгэн нь зодуулж байгаа түүнийг аврахаар ухас хийвэл өөрөө ижимэд өртөхийн үүд хаалга болох тул бэргэнэ. Дэмий л дотроо өмөлзөнө. Ангийн нөхдийн дийлэнх нь “Муу хогийг сайн болгож тавь” гэж урьдын өчүүхэн зүйлийг ч хамаатуулахыг оролдоод хамт олонтойгоо санаа нэг байгаагаа илэрхийлээд авна. Хүүхдүүдийн бяцхан цээжин дотор бурхан, буг хоёр зэрэгцээд суух нь тэр.
Харин манай Монголд их өөр юм энэ ижимэ. Дунд сургуулийн балчир хүүхдүүд ижимэ хийдэггүй, харин томчууд тэр дундаа төрийн томчууд хийдэг ажээ. Япончууд гайхаш нь барагдах байх. Томчууд ижимэ хийдэг улс орон гэж байх уу, хууль ёс гэж байдаггүй юм байх даа гэж бодох биз. Томчуудын ижимэ том байдаг, төр засгийн эрх мэдлээс үүдэлтэй, Төрийн ордон хавиар эхлэлтэй ажээ. Намын ижимэ, төрийн ижимэ гэсэн хоёр хэлбэртэй. Намын ижимэ нь голдуу сонгуулийн үеэр хийгдэнэ. Засуул нь эсрэг бөхөө засчихна. Эсвэл шат шатны сонгуульд зориудаар ялагдуулна, өөрөөр хэлбэл намын “хамгаалалтгүй” бусдад хаяж өгнө. За тэгээд намын бусад нөхөд би энэ хүнтэй л хамаагүй шүү гэцгээн нүүр буруулцгаана, төрөл арилжсан мэт. Ижимэд өртсөн жаал хүүгийн зовлонг мань нөхөр эдлэж гарна даа. Энэ бүх булхайг арай ядан нуухыг бас ижимэ болсон нөхөртэй холбоогүй гэдгээ батлахыг оролдон элдвээр аяглах улстөрчдийн нүүр царай телевиз, сониноор зайлуул “чойгоо гээсэн хуврага” аятай их л өрөвдмөөр харагдана, иргэдийн хөх инээд цухал хоёр зэрэгцэнэ. Ийм марзан төрхийг киноноос биш амьдаар үзлээ.
Намын ижимэгээс төрийн ижимэ бас онцлог ялгаатай. Яагаад гэвэл нам дамжсан бүлэглэлүүд оролцоно. Цар хүрээ өргөн. Хавсарч хавсайдна гэх үү дээ. Мөнөөх намын ижэмэчин нөхөд бариад аваарай, сайн зод, бид дэмжлэг үзүүлж болно шүү гэх мэтээр шархан дээр нь давс цацах нь энүүхэнд. Өөрөөр хэлбэл нэг ангийн хүүхдийн ижимэд өөр ангийнхан хүч түрэн хавсайдаж оролцох тул илүү их зовлон эдлэж, байх суухын газаргүй болно гэсэн үг. Юуны өмнө бэлтгэл ажлаа эртнээс дэс дараалалтай тодорхой төлөвлөгөөтэй хийж эхэлнэ. Сонин, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хөрөнгө хаяж, он удаан жил мань эрийг бичлэгийн бүхий л төрөл жанраар хорон бөгөөд хоржоонтойгоор бичиж НИЙГМИЙН ХАМГИЙН ТОМ МАНГАС болгон харуулж залуучууд, бодит мэдээллээс хол хүмүүсийн тархийг угаах ажлыг үндэсний хэмжээнд хийх ёстой хийж чадвал төрийн шагналыг баруун солгойгүй өгнө дөө, соёлын гавьяатаас эхлээд төрийн соёрхлыг хүртэл хүртээнэ. Нийгмийн сэтгэл зүйг ингэж бэлдсний дараа зохион байгуулалтын ажилдаа орно. Чухал албан тушаалд “өөрийн хүсэлтээр чөлөөлөх, орны хүнийг нь тохоон томилох” гэгч нэлээд хүнд ажилд ханцуй шамлан ороод удаа ч үгүй хап гээд бариад авна. Бариад гэдэг нь мань эрийг шоронд хийнэ гэсэн үг шүү дээ.
Ийнхүү харийн орны нялхсын өвчин манай Монголд том хүмүүсийн томоор өвчилдөг ихээхэн урхагтай, нийгмийн сэтгэл зүйн ДОХ хэлбэрээр газар авах боллоо. Хэн нэгэн хүний атаа жөтөө, хар хор, өс хонзон, айдас хүйдэс бас зэрлэг цэнгэлээс болж Монголын нийгэм тэр аяараа ялангуяа хууль, шүүх прокурор, бусад хүчний байгууллага урьд хожид байгаагүйгээр хүндээр өвчиллөө. Одоо шүүх засаглалын шинэчлэл гэгч шүүрэн шанага шиг санагдах боллоо. Ардчилсан нам ардчилсан бус нам гэдгээ харуулах болов.
Энэ удаагийн “ижимэ”-д Намбарын Энхбаяр өртсөөр эдүгээ дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэх гэж байна.
23 жилийн тэртээх өвлийн хацар хайруулсан жаварт туг барин цагаан хоолой болж зогссон хүнийг бусдын эрх эрх чөлөөг уландаа гишгэж, дарангуйллыг өөрийн биеэр эхлүүлнэ гэж хэн ч зүүдлээгүй буй за. Гэхдээ авилгаас салах гэх сайхан нэр тэр дундаа ард түмний хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа тэр нэрийг ашиглаж ардчиллыг нухчин дарахын бодит жишээ болно гэдэг ёстой Баабарын хэлдгээр хувь заяаны шоглоом гэлтэй. Улстөрчид байтугай хэн хүнгүй авилгаас салахыг хүсч байна. Гэхдээ авилга нэрээр өрсөлдөгчөө намнаж “төрийн ижимэ” хийх гэдэг нь Э.Бат-Үүл, С.Ганбаатар, О.Магнайгийн шударга ёс тогтоох гэсэн оролдлого, зүтгэлээс тэс өөр болохыг хүмүүс эрхбиш мэдээд байна, мэдрээд байна. Ард түмнийхээ тэн хагасаас илүү хүний эрх, эрх чөлөөг нухчин байж тогтоогоод байгаа өнөө цагийн “ардчилал, шууд ардчилал” хэдхэн хүний амбиц-зэрлэг цэнгэл юм гэж үү.
Эцэст нь “ижимэ” болоод байгаа Н.Энхбаярын тухайд хэдэн үг хэлье.
Авилгын загалмайлсан эцэг, төрөөс төрсөн тэрбумтан, хамгийн багаар бодоход долоон тэрбумыг хусчихсан, муу муухай бүхний “үүр уурхай” харин наад зах нь монгол хүнд газар өмчлүүлж өгсөн гавьяатай нэгэн. Ингэж МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ МАНГАС болж олон жил цоллуулж, хүчний байгууллага бүхэлдээ дөрвийн дөрвөн жил үр удмаар нь ухаж төнхөөд 400-800 цагдаагаар “оймсдуулаад” ч, “сагсайдуулаад ч” авилга хэдийг аваад хэдийг өгчихснийг тогтоож чадсангүй. Харин эсрэгээрээ дөрвийн дөрвөн жил ухуулаад юу ч гарсангүй гэсэн үг. Одоо бусдын өмч болсон эвдэрхий балгас, ашигтай ажиллаад байгаагаа гайхаад байгаа нийслэлийн өмч хоёрт холбогдуулахаар шүүгчид шар махтайгаа хатаж сууна. Хаан шалдан байна гэдэг шиг шалдан байж шүү дээ. Эх орныхоо баялгаас үнэнээсээ туучихсан энд тэнд хэхрүүлээд яваа төрийн шилийн сайн эрчүүд захаасаа аваад байна. Тэдний дэргэд шалдан ноён. “Ижимэ” болохын зовлонг дөрвөн жил амсаж бие, сэтгэл, үр удмаараа хохироод байгаа ч “Энэ намыг хэн ийм болгочихсон юм бэ”, “Энэ төр улсыг хэн ийм болгочихсон юм бэ” гэж нүүр бардам асуух эрх харин Н.Энхбаярт байх шиг. За тэгээд хамгийн том гавьяа бол төр засаг, шүүх засаглал, хувь улс төрчдийн үнэн нүүр царай, багийг хуу татан хаяж реалити шоу болгосонд л оршиж байна. Ард бидний нүдийг нээхэд энэ хүний оруулсан гавьяа их бололтой. Нээрээ ч ардчилсан улс юм шиг бодогддог байсан даа саяхан манай улс.
О.Жаргалсайхан
URL: