М.Батчимэг: Хэвлэл, мэдээллийн байгууллагын эздийг олон нийтэд ил болгоно

Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж дуусаад байна.

Энэхүү хуулийн төслийн “шүүсийг шахах” үүднээс маш олон удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд энэ явцад Засгийн газрын зүгээс өргөн барьсан хуулийн төслөө эргүүлэн татсан. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болоод байгаа юм.

Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахалж ажиллаж буй УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцсан юм.

-УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болсон Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлог нь чухам юунд байгаа юм бэ. Энэ талаар та  тодорхой тайлбарлахгүй юу?
-Хэвлэлийн эрх чөлөөг бидний зүгээс иргэдийн мэдээлэл авах эрх чөлөөг хангах асуудал  гэж нийтлэг утгаар нь ойлгож байгаа. Тиймээс хуулийн төслийн гол үзэл санаа нь хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хараат бус байдлыг хангах нөгөө талаас хариуцлага хүлээдэг, ёс зүйгээ баримталдаг хэвлэл мэдээллийн салбартай болох гэсэн хоёр үндсэн зарчим дээр тулгуурлаж байгаа. Энэ үүднээс редакцийн хараат бус байдлыг баталгаажуулах хэд, хэдэн шатны цогцолбор ажлыг тусгаж өгсөн. Тухайлбал, төрийн статустай хэвлэл, мэдээллийн байгууллагад нөлөөлөх нөлөөллийг хязгаарласан заалтуудыг түлхүү оруулсан. Нөгөөтэйгүүр хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөрөнгө оруулагчид болон үүсгэн байгуулагчдыг ил зарлах зохицуулалтыг тусгаж өгсөн байгаа. Удирдлагын түвшинд ямар нэгэн өөрчлөлт оруулсан тохиолдол бүрт олон нийтэд мэдэгдэж байх ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэн нь ил байна гэдэг нь олон нийт хяналт тавих бололцоотой болно гэсэн үг шүү дээ.

-Сэтгүүлчдийн хараат бус байдлыг хангах тал дээр хэрхэн анхаарч ажилласан бэ. Хуульд энэ талаар ямар зохицуулалт оруулсан бэ?
-Сэтгүүлчдийн хараат  бус байдлыг баталгаажуулахын тулд эзэн буюу редакци нь сэтгүүлчтэйгээ хараат бус байдлын гэрээ байгуулж, түүнийгээ дотоод дүрэм, журамдаа тусгаад явах зарчмын зохицуулалтыг оруулсан. Ер нь энэ хуулийг баталснаар  гутаан доромжилсон гэдэг үндэслэлээр сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг үүсгэдэг асуудлыг хүчингүй болгож байгаа юм. Харин хариуцлага алдсан нь үнэхээр тогтоогдсон тохиолдолд сэтгүүлчийг иргэний хуулийн дагуу шүүх юм. Үүний нөгөө талд сэтгүүлчтэй хариуцлага тооцох асуудлыг сэтгүүл зүйн гал тогоонд нь шийдэх боломжийг олгож байгаа гэж болно. Үүний тулд нэг талаас сэтгүүлчид нөгөө талаас мэргэжлийн холбоод нэгдэж хэвлэлийн зөвлөл байгуулж, сэтгүүлчийн нийтлэг ёс зүйн дүрэм батлаад явах боломжтой. Баталсан ёс зүйн дүрмээ сэтгүүлчдэд мөрдүүлэх юм. Ингээд ирэхээр аливаа гомдол гаргагч маань хамгийн түрүүнд шүүх рүү явах биш гомдлоо тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакцид гаргах боломжтой болно. Редакци нь тухайн гомдлыг шийдвэрлэх боломжтой бол асуудлыг цэглэнэ. Хангалттай биш гэж үзсэн тохиолдолд хэвлэлийн зөвлөлд гомдол гаргах эрхтэй. Харин хэвлэлийн зөвлөл ёс зүйн дүрмээ зөрчсөн гэж үзвэл тухайн редакциас залруулга гаргуулах, уучлалт гуйлгуулах эрхтэй байх юм.

-Тэгэхээр энэ талаарх мэдээллийг аль болох түлхүү тарааснаар хуулийн дээрх заалт хэрэгжих үндэс бүрдэх нь ээ. Хэрхэн түгээхээр тусгасан бэ?

-Ажлын хэсгийн хэлэлцүүлгийн шатанд гишүүд энэ талаар маш олон нааштай саналуудыг гаргасан байгаа. Тухайлбал, улстөрчийн нэр хүндтэй холбоотой баримтгүй, сөрөг мэдээлэл нийтэлсэн тохиолдолд тухайн улстөрч, албан тушаалтан гомдол гаргахаасаа түрүүнд тэрхүү мэдээлэлд тайлбар хийх үүргийг хүлээнэ. Харин тайлбар хийчихээд байхад нь нотлох баримтгүйгээр гүтгээд эхлэх юм бол тухайн улстөрчийн гомдол гаргах эрх нь нээгдэх юм.

-Ажлын хэсэгт орж ажилласан сэтгүүлчдийнхээ санал, шүүмжлэлийг хэрхэн тусгасан бэ. Ер нь сэтгүүл­чидтэйгээ ямар байдлаар хамтарч ажиллаж байв?
-Ажлын хэсэгт сэтгүүлчдийг төлөөлсөн мэргэж­лийн холбоодын удирдлагууд орсон. Тухайлбал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, Парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэл, “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал нар орж ажилласан байгаа. Мөн сэтгүүлч мэргэжилтэй УИХ-ын гишүүд болох Г.Уянга, Л.Энх-Амгалан нар ажилласан. Бид энэ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлынхаа явцад хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлага, сэтгүүлчид болон мэргэжлийн холбоодын саналыг байнга сонсож, өргөн хүрээний хэлэлцүүлгүүдийг байнга хийж ирсэн. Тухайлбал, хамгийн сүүлд л гэхэд Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтарч хоёр долоо хоногийн өмнө хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Өнөөдөр “Глоб интернейшнл”төрийн бус байгууллагаас санаачилж мөн л энэ талаар хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Нөгөөтэйгүүр хэвлэл мэдээллийн салбартай холбоотой маш олон зохицуулах асуудал байгаа. Энэ бүх асуудлыг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар зохицуулах нь өрөөсгөл асуудал болно. Энэ хуулиас гадна Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай, Төрийн нууцын тухай зэрэг хуулиудыг эргэж харах замаар энэ салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдэх боломжтой.

Р.Сарангоо


URL:

Сэтгэгдэл бичих