МАНАЙД ХААН МЭРГЭЖИЛ, МЭРГЭЖИЛТЭН ГЭЖ БИЙ ЮҮ.
Мэдээллийн хэрэгсийг харж уншаад ажиглахад манайд хэдэн мэргэжил давамгайлж байна уу гэлтэй. Үүнд үндэсний бөх, хурдан морь, дарга, дуучин, жүжигчин гэсэн мэргэжлээс өөр олигтой сургууль сургалт үгүй бололтой. Дурдсан таван төрлийн мэргэжил, мэргэжилтний үйл ажиллагаанаас өөр зүйл зурагт, сонины мэдээнд алга гэхэд нэг их хилсдэхгүй. Ингэхлээр дурдсан мэргэжил, мэргэжилтний хүчин чармайлт үйл ажиллагааны үр дүнд Монгол улс минь хөгжих юм болов уу гэсэн сэтгэгдэл төрөх болов. Аймаг бүр төвдөө улсын арслан, аваргуудынхаа хүрэл, боржин хөшөөг босгож дуусав бололтой. Монгол эр хүний бахархал болсон тэр хүчтэнүүдийнхээ хөшөө дурсгалыг хараад баясаж сэтгэлээ сэргээнэ гэдэг сайхан үйлс. Дараагийн ээлжинд удахгүй гарьд, заан , харцага начингуудынхаа хөшөөг сүндэрлүүлнэ байх. Тэгээд 329 сумынхаа төвд аймгийн арслан заануудынхаа хөшөөг сүндэрлүүлнэ. Сүүлд нь багаа орхилтой биш. 1500 гаруй баг байдаг гэсэн биз. Тэгэхлээр 1500 гаруй багийн төвдөө сумын заануудынхаа хөшөөг босгож болмоор. Энэ сайхан. Ингэхлээр эрэгтэй хүүхэд бүр бөхийн сургуульд ороод ноцолдоод байхаас өөр эрхэм хүндэтгэл эцэстээ үгүй. Бөх бол ард түмнийхээ хүндэтгэл бишрэлийг хүлээсэн хаан мэргэжил, мэргэжилтэн яах аргагүй мөн гэлтэй. Бөхийн урд талд гишгэх, зогсох тийм мэргэжил манайд үгүй.
Сүүлийн хориод жил маш их давшингуй бөгөөд эрчимтэй хөгжиж буй мэргэжил бол хурдан морины уралдаан. Улс, аймаг, сумын наадмын уралдаанаас гадна, байгууллага бүр жилдээ дор хаяж ойгоо тэмдэглэн хурдан морь уралдуулаад түрүүлсэн ажнайн байнд машин мотоцикль өгдөг. Наадам , байгууллагын ойн баярт түрүүлсэн, айрагдсан морьдын эзэд хурдан ажнайгаа мялааж бас бэсрэгхэн наадам хийж морь уралдуулан түрүү магнайлсан, айрагдсан хөлөгний байд даага, хонь өгнө. Ингээд багцаалаад бодоход Монгол орны өвөл зуны аль ч улиралд ялгаагүй өдөртөө арваад удаа хурдан морины уралдаан болж байна. Уяачид нь улс, аймаг, сум, багийн авраг, манлай, тод манлай уяач цол хүртэж малгайн дээрээ морины толгойн дүрсийг алт мөнгө хүрлээр хийж хадаад бусдаасаа онцгойрч энэ чиглэлийн мэргэжлийн мэдлэгтэн гэдгээ хараад таниулах эрхтэй болно. Эрт дээр үеэс морио молор эрдэнэ хэмээн дээдэлж ирсэн монголчуудын хувьд хурдан ажнайн мэргэжил үнэхээр бахдам сайхан юм.
Дарга мэргэжил бол онцгой сайхан өгөөж нь хэлэхийн аргагүй арвин юм. Товчхон дурдсан бөх мориноос ч илүү лут мэргэжил. Дарга мэргэжлийн өгөөж буяны талаар тоочоод байвал барагдахгүй. Дарга мэргэжилтнүүд хөшөө дурсгалаа босгуулж, захиалгаар зузаан зузаан ном бичүүлж хэвлүүлнэ. Нөгөө талаар дарга мэргэжлийн амттай арвин баялаг хаялагийн талаар хүн бүр мэдэж ойлгоод шүлсээ хуламдан хошуурдаг тул түүний талаар энд нурших нь илүүц. Дарга бол хамгийн эртний мэргэжил. Тэр бүү хэл монголчуудын эрхэлдэг адуу тэмээ үхэр хонь ямаа нь азарга, буур, бух, хуц ухна гэсэн тусгайлан бэлдсэн даргатай байдаг. Зэрлэг амьтан чоно, үнэг, зээр гөрөөс хүртэл даргатай байдаг юм чинь. Дарга бол мөнхийн бөгөөд өөх тос чихэр мэт хамгийн амтат өгөөжит мэргэжил мөн. Монголд дарга мэргэжилтнийхээ цалин хангамжийг нэмж, бөх мэргэжилтнээ компаниуд ивээлдээ авч тэтгэн, хурдан морины уралдааныг ивээн тэтгэж ихээхэн мөнгө зарцуулж байна.
За нөгөө дуучин, жүжигчид ч сонирхолтой бөгөөд амттай, байнга сурталчилуулна, дуулж, хошин шог зүйл ярьж марзганаад айлын хоймрын зурагтаас сална гэж үгүй. Нэг сая хүний суудалтай өргөө байдагсан бол тэнд дуучид жүжигчид тоглоод нэг мөсөн орлого олж болох мэргэжил. Энэ нийгэм бол мөнгө эд баялгын төлөө юм чинь буруутгах аргагүй. Тэд одоогоор хөшөө дурсгалаа мод төмөр шавраар босгуулаагүй байна. Тэгэхлээр бөх, дарга, хурдан мориноос доогуур зэрэглэлийн мэргэжил юм болов уу, мэдэхгүй юм.
Дээр голлох мэргэжилд оруулаагүй азнас гээд орхисон боловч дурдахгүй бол эзэд нь гомдоно биз. Сүүлийн жилүүдэд манай оронд маш хурдан тархаж буй мэргэжил бол дэлхийн улс оронд байдаг бүх төрлийн шашин болон түүний урсгалуудын лам, пастор, зайран удганы мэргэжил юм. 1921 оны үед Монгол оронд бурхны шашны 700 гаруй сүм хийд байсан гэдэг. Тэгээд 1990 он гэхэд нэг л хийд байлаа. Одоо тэгвэл лавтай янз бүрийн шашны 1000 гаруй сүм хийд байгаа бололтой. Энэ янзаараа бол монголын бөх, уяач, дарга, дуучин жүжигчинээс бусад нь лам болж мэдэхээр байна. Монголын хувьд лам, зайран, удган нь хаан мэргэжилд орохоор байраа эзэлжээ
Энэ дурдсан хаан гэж болохоор хэдэн мэргэжил, түүнийг эзэмшсэн мэргэжилтнээ шүтсээр Монгол орон хөгжиж чадах болов уу үгүй болов уу гэсэн бодол төрөх юм. Даяаршиж буй дэлхийн олон улсын байдлыг харахад бид дээр дурдсан хаан гэмээр мэргэжилтнээ шүтсээр байвал хөгжихгүй, харин ч тамын ёроолд унасан мэт гүн хоцрогдолд орж мэднэ.
Дэлхийн хөгжсөн орнуудад хаан мэргэжил, хаан мэргэжилтэн гэдэг нь манайхаас урвуу гэмээр өөр байдаг ажээ. Хаан мэргэжил, хаан мэргэжилтнээ шүтсэнээр тэдгээр орон асар их хөгжиж байна. Монголчууд бусад орны хаан мэргэжилтний зохион бүтээсэн өгөөж баялгийг эдэлж хэргэлэхээс бус өөрийг мэдэхгүй, анзаарахгүй , тоохгүй байгаа мэт.
Тэгвэл дэлхийн хөгжилтэй оронд шүтдэг хаан мэргэжил, хаан мэргэжилтэн гэдэг нь юу юм бэ гэсэн асуулт гарна. Товчхон хэлбэл бүх төрлийн инженерийн мэргэжил бол аливаа мэргэжлийн хаан юм. Энд жишээ дурдвал ойлгоход хялбар болов уу. Манай нийслэлийн гудамжаар багтаж цөхөн хөдлөх, малчны гадаа сойлттой янз бүрийн машиныг зохион бүтээгчид нь авто машины чиглэлийн инженерүүд. Тухайн машины зохион бүтээх товчоонд олон инженерүүд машиныхаа эд ангийг улам боловсронгуй болгох гэж өдөр шөнөгүй ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд бид бүхэн бүгд барьж хэргэлдэг гар утасы чинь холбоо мэдээллийн чиглэлийн инженерүүд зохион бүтээсэн. Зөвхөн зохион бүтээж үйлдвэрлэчихээд санаа амраад гэдийгээд суучихдаг юм биш ажээ. Арваад жилийн өмнө Бээжинд гар утасны үйлдвэрээр орж, ажил байдалтай нь зэрвэсхэн танилцах завшаан олдож билээ. Тэр үйлдвэрийн зохион бүтээх товчооны инженерүүд гар утасныхаа эд ангийг улам сайжруулах чиглэлээр жилдээ 200-аад шинэ санаа шийдэл олоод түүнийхээ тооцоо ашгийг гаргадаг юм билээ. Тэднээс хамгийн оновчтой гэсэн бүтээлийг нь шилж үйлдвэртээ нэвтрүүлдэг гэсэн шүү.
Өөрөөр хэлбэл хаан мэргэжил, мэргэжилтний оюуны бүтээлийн үр дүнд аливаа бүтээн босголт техник технологийн шинэчлэлт зогсоо зайгүй урагшаа ахиж улс орон нь хөгжиж байна. Телевиз, Компьютер л гэхэд хэдхэн жилийн өмнө хээлтэй мал юмуу, том гүзээтэй тарган хүн хажуулдаад хэвтсэн мэт цүдийсэн эд байлаа. Хаан мэргэжилтэн буюу инженер зохион бүтээгчдийн удаа дараагийн сайжруулалтын ачаар одоо нимгэн авсаархан болж байна. Хэдэн жилийн дараа телевиз, компьютер дэвтэр, номын хавтас шиг нимгэн болно биз. Цааш нь цахилгаан эрчим хүчний үүсвэрүүд, нисэх онгоц, галт тэрэг, гоё ганган барилга байшин бүгд л хаан мэргэжил инженерийн шийдэл, бүтээл билээ. Бусад оронд хаан мэргэжилтнээ дээдэлж цалин пүнлүүг нэмж илүү хангамж эдлүүлнэ. Хөшөө дурсгалы нь босгож, намтар цадигий нь бичүүлж алдаршуулна. Тэдний тухай кино гаргаж зохиол бичүүлнэ. Гадаадын орон хаан мэргэжил, мэргэжилтнээ дээдэлснээр хүчирхэг үйлдвэр байгуулж ихээхэн хөгжиж, шинэ шинэ бүтээгдэхүүн гаргаж баяжиж хөлжиж гайхуулж, бусад оронд худалдаж байна.
Монголд нисэх онгоц, галт тэрэг, пуужин үйлдвэрлэж чадахгүй, энэ нэг юм дэмий солиорч байна гэх хүмүүс байж мэднэ. Санал нийлж байна. Гэхдээ гурван зуугаад мянган малчин өрхөө түлшний гачаалаас гаргачих авсаархан атлаа чамгүй их хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний аятайхан хэрэгсэл хийчих уралдааныг гурваас таван жилийн хугацаатайгаар зарлаж болмоор. Хүйтэн халуун харшилдан солбидог цаг ууртаа зохицсон хар зам тавих технолог боловсруулах уралдаан зарлаж мөнгө хаяж болно. Үнэхээр техник технологийн онцгой бүтээл гаргасан хаан мэргэжилтнээ сая доллароор шагнахад буруудах юмгүй. Улаанбаатарын гэр хорооллыг үгүй хийж, утаагүй нийслэл болгоно гэхэд үнэмшил төрдөггүй юм. Учир нь хүн амын өсөлтийн хурдаа орон сууцны барилгажилт гүйцэхгүй байна. Нарны эрчим хүч ашиглаад гэр хорооллын айл өрхийг дулаацуулдаг төхөөрөмж хэрэгсэл зохион бүтээсэн хаан мэргэжилтнээ Засгийн газар бас сая доллараар шагнаж хөшөөгий нь босгох хэрэгтэй.
Дэлхийн хөгжингүй орнууд нано технологи гэгчийг нээчихээд гайхамшигтай бүтээгдэхүүн гаргадаг боллоо. Манайхаас тэдгээр орны янз бүрийн их дээд сургуульд сурч хаан мэргэжил эзэмшээд, тэр чиглэлээрээ гадаадад ажиллаж буй залуус олширлоо. Тэднийг эх орондоо татан ирүүлж ажиллуулах бодлого чухал. Гагцхүү хаан мэргэжил , мэргэжилтэн л улсаа хөгжүүлдэг гэдгийг ухаарахгүй, үндэсний бөх, хурдан морьны уралдаан, дарга, дуучин, жүжигчин, лам нар л байхад наадам хийж, хуралдаж, уул овоогоо тахиад, гадаадынхнаар газраа сэндийлж баялгий нь ухаж аваад урагшаа ахина. Бас ажилгүй, мэргэжилгүй залуусаа харьд гаргаад хар бор ажилд зүтгүүлчихнэ, тэгвэл валют аяндаа орж ирээд байх болно гэсэн ахар богино бодлого баримталбал бид хэзээ ч өөдлөхгүй. Энэ мэтийн бодлоо товчилоод, хаан мэргэжил, мэргэжилтэн л улс эх орноо, биднийг өөдлүүлнэ гэсэн ухамсар бодлыг иргэддээ бий болгох талаар хэдэн санал хэлье.
Хаан мэргэжил, мэргэжилтэн л шинийг бий болгодог, өгөөжтэй үр бүтээлтэй техник технологийг зохион бүтээдэг , шинэчилдэг хүмүүс бол энэ чиглэлийнхэн гэдэг талаар өргөн хүрээтэй сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр явуулмаар байна. Үүний тулд:
Нэгдүгээрт, Хэвлэлийн хүрээлэн, хувийн болон хувьсгалын зарим их сургуулиуд инженерийн чиглэлийн мэргэжилтэй, бичиж найруулах сонирхолтой залуусыг 1-2 жилийн хугацаагаар сургаж, сэтгүүлчдийг хэсэг хугацаанд бэлтгэмээр юм. Хүрээнд суусан чавганцын чих цайрна гэгчээр инженерийн чиглэлийн сургууль дуусагсан залуус хаан мэргэжил, мэргэжилтний талаар эрхбиш хүнд ойлгохоор бичиж нэвтрүүлнэ байх.
Хоёрдугаарт, Инженерийн чиглэлийн бодлого боловсруулж, ажил хариуцдаг яам, газар, агентлаг, хүрээлэн шинийг бүтээж буй чадварлаг инженерийнхээ ажил үйлс ололтыг олон түмэнд ойргуулахын тулд хэвлэлийн бага хурал хийж танилцуулж баймаар байна. Байгууллага тийм сүрхий юм хийж байна гэхээр хэвлэл мэдээллийн газрууд реклам зар сурталчилгаа болгож мөнгө авах гээд хөдлөхгүй. Тиймээс шинийг санаачилан хийдэг хүмүүсээ сурталчилж болмоор. Урамшуулах сурталчилгаа дутсанаас хаан мэргэжилтэн болох залуус, дарга юмуу лам руу хошуураад арилж байна.
Гуравдугаарт, Хэвлэл мэдээлийн байгууллага инженерийн чиглэлийн мэргэжил, мэргэжилтний ажил үйлс, онцлогийн талаар мэдээлж чадах сэтгүүлчдээ бэлтгэж, мэргэшүүлэх л чухал байна. Одоогийн байгаа манай залуу сэтгүүлчид математик, хими, физик гээд инженерийн төрлийн гол судлагдахуунаас хол хоцорсон, түүнийг сонсохоос толгой нь өвддөг зөвхөн нийгмийн ухааны төсөөлөлтэй хүмүүс юм.
Дөрөвдүгээрт, Манай иргэд, хүүхэд залуус инженерийн мэргэжил рүү хуйларч, түүнийг эзэмшихсэн гэх бодол төртөл тэр чиглэлийн бүтээл, ололттой шилдэг хүмүүсээ сурталчилах хэрэгтэй байна. Одоо манай зарим иргэн бөх, уяач, дарга, дуучин, жүжигчин, ламаас өөр үр ашигтай мэргэжил алга гэж бодож байгаа мэт. Тиймээс “Хаан мэргэжил юм уу, хаан мэргэжилтэн” гэсэн булантай болоод нэвтрүүлэг нийтлэл байнга хиймээр санагдана.
Монголчууд бид дундад зууны сэтгэхүй, үйл ажиллагаанаасаа жаахан ч гэсэн хальж, өнөөгийн улс орны эрхмэлдэг хаан мэргэжил, мэргэжилтнээ дээдлэхгүй бол хатингар хэвээрээ үлдэхээр байна шүү.
Зохиолч, сэтгүүлч С. Товуудорж.
URL: