Ийм нэгэн явдал
Намбарын Энхбаярын эмнэлэгт хэвтэх хугацааг дөрвөөс 2.4 жил болгож бууруулсан шүүх хуралдаан Монгол улс төрийг бужигнуулж байгаа бөгөөд шийдвэрээс үл хамааран МАН, МАХН эвсэж, засаг байгуулах асуудал хүртэл зарим хүрээнд тархжээ. МАН-ыг үнэгүйдүүлж хүчгүй болгосон гэж МАХН-ыг үзэн ядагсад цөөнгүй байвч угаасаа нэг л нам шүү дээ гэх гишүүд аль аль намд нь олонх байж болох юм. УИХ-ын сонгуулийн үр дүнд үүссэн хүчний харьцааг хараад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тогтвортой засаглал буюу АНМАН эвслийг түлхүү дэмжсэн боловч АН-ын фракцуудын толхилцооноос болоод Х.Баттулгыг Ерөнхий сайд болгох асуудлыг дэмжээгүй гэлцдэг. Н.Алтанхуяг хүүхдийн зулайнаас нимгэн хальстай өндөг барьсаар даруй 100 хонолоо. Энэ өндөг дөрвөн жилийн настай ч байж болох боловч засаглахын тулд л засаг байх болно.
Магадлалтай бас нэгэн хувилбар бол дараагийн Ерөнхий сайд Х.Баттулга. Гэхдээ ингэхийн тулд Х.Баттулга МАН-тай эвсэх, зарим нэг “даварсан” компаниудтай хэвийн харилцаа тогтоох гээд дургүй зүйлсээ хийх шаардлагатай болно. Уг нь хувь хүнд нь хөмхий зууснаас инээж байгаа нь илүү зохидог юмсан. МАХН засгаас гарна гэсэн шийдвэрээ хэрэгжүүлэх их хэцүү. Учир нь МҮАН гарахгүй гэж байгаа бөгөөд хоёр тал эвдрэлцвэл сүртэй нэртэй даржин эвсэл тарж “сонгуульд орсон субьект” байхгүй болсноор эвслийн жагсаалаар орсон эрхэм гишүүд эрхэм биш энгийн ард болж АН, МАН, ИЗНН гурав кнопныхоо тоог ахиулах боломж гарна. Хэдийгээр МҮАН бас нэг кноп алдах /Ц.Цолмон ээлжит шарвалтаа хийсэн болохоор МҮАН-д хамаарахгүй/ боловч АН-д төлөх өрөө нугалж төлөх түүхэн боломжоо ашиглаж мэднэ. М.Энхсайхан яагаад Н.Энхбаяраас айдаг вэ гэдгээ илчлэх хэрэг ч гарах байх. Эвсэл тарсан тохиолдолд МАН-гүй засаглах боломж бүрдэнэ. Гэхдээ засаглах нэг асуудал, хийж бүтээх өөр асуудал. Намчирхаж талцаад хэврэгхэн засаглах уу, хэтдээ хэрэгтэй зүйлсээ амжуулах уу гэдгийг “бурхад” шийдэх биз. Зуны шөнө богино байгаад буруу шийдсэн бол өвлийнх урт шүү…
@mongolbodol
URL: