Гаальчид дөрвөн кг орчим хар тамхины төрлийн бодис илрүүлжээ
“Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн улсын байцаагчид саяхан дөрвөн кг орчим мансууруулах төрлийн бодис илрүүлжээ. Энэ тухай Гаалийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Тамираас тодруулахад “Тийм үйл явдал болсон.
Манай байцаагчид илрүүлсэн даруйдаа Гаалийн төв лабораторт шинжлүүлэхээр өгсөн. Манай лабортари нь улсын хилээр нэвтрүүлж буй барааг гаалийн зорилгоор шинжилж, олон улсын Конвенцийн дагуу тодорхойлох, мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисыг таньж илрүүлэх үйл ажиллагааг явуулдаг. Одоогоор шинжилгээний хариу нь гараагүй. Шинжилгээний хариу гарахаар гаальчдын илрүүлсэн бодис ямар нэртэй, хар тамхины төрлийн бодис хэдэн кг-ыг эзэлж байсан зэргийг тодорхой хэлэх болно. Одоогоор өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Манай гаальчдын хувьд хар тамхи, мансууруулах төрлийн бодистой олон ноцтой хэрэг илрүүлдэг. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард Чингис хаан олон улсын нисэх буудалд монгол эмэгтэй хар тамхи оруулах гэж байгаад баригдсан. Тэрбээр Солонгос улсаас ирсэн бөгөөд авч явсан чемоданаас нь их хэмжээний хар тамхи илэрсэн тухай гаалийн байгууллагынхан мэдээлж байсан юм.
Л.Оюу
ӨДРИЙН ШУУДАН
URL: