УМАРД СОЛОНГОС ПУУЖИНГАА БУУЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

Умард Солонгос тус улсын баруун хойд нутагт оршдог Сохэ сансрын буудалд байрлуулсан пуужингаа буулгаж эхэлсэн тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг Засгийн газар дахь эх сурвалжийн мэдээлснийг иш татан дамжуулжээ.
Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээлснээр, гурван угсраа “Ынха-3″ /Сүүн зам-3/ зөөгч пуужингийн эхний угсраанд гарсан гэмтлийг засах зайлшгүй шаардлага гарсан учир буулгаж эхэлсэн байна.

Уг пуужингийн эхний угсраанд гэмтэл гарсан тухай Умард Солонгосын сансрын технологийн хороо өмнө нь мэдээлсэн юм. Тус хорооныхон мөн “Кванмёнсон-3″ /Гэрэлтэгч од-3/ хиймэл дагуул бүхий пуужинг хөөргөх ажиллагаа эцсийн шатандаа орсон боловч хөөргөх хугацааг арванхоёрдугаар сарын 29 хүртэл хойшлуулсан болохыг мэдэгджээ. Өмнө нь пуужинг энэ сарын 10-29-ны хооронд хөөргөнө гэж мэдэгдэж байсан билээ.
Умард Солонгосын эрх баригчид “Ынха-3″ пуужинг өмнө нь Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулж хөөргөсөн юм. Гэвч пуужингийн хөөргөх ажиллагаа амжилтгүй болсон билээ.
Д.Жаргал

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих