ХЯТАД 2030 ОН ГЭХЭД ЭДИЙН ЗАСГААР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛНЭ

Хятад улс 2030 он гэхэд эдийн засгаар АНУ-ыг гүйцэж, дэлхийн томоохон эдийн засаг болно. Ийм таамгийг Америкийн Засгийн газрын судалгааны байгууллага болох “Үндэсний тагнуулын зөвлөл”-өөс /NIC/ бэлтгэсэн “Дэлхийн чиг хандлага 2030: Өөр ертөнц” илтгэлд дэвшүүлжээ.
Харин дэлхийн томоохон эдийн засаг цолоо алдсан АНУ-ын хувьд “олон улсын эвслийг эмхлэн байгуулах болон дэлхий дахинд тулгарсан сорилтуудыг даван туулах чадвартай” цорын ганц их гүрэн гэдэг цолоо хадгалсан хэвээр байх болно гэж илтгэлд дурдсан байна.
Илтгэл бэлтгэсэн судлаачдын үзэж байгаагаар, 2030 он гэхэд Азийн “ерөнхий нөлөө” АНУ болон Европын нөлөөг нийлүүлснээс илүү их болох ажээ. Ерөнхий нөлөө гэдэгт хүн амын тоо, ДНБ-ий хэмжээ, зэвсэглэл болон технологид оруулж буй зардлын хэмжээг оруулжээ. “Европын орнууд, Орос, Японы эдийн засаг ч мөн аажмаар буурах болно” гэж илтгэлд тэмдэглэсэн байна.
Илтгэлд дурдсанаар, АНУ 2030 он гэхэд эрчим хүчний хараат байдлаас гарч, хийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч улс гэдэг цолоо эргүүлэн авна. Занарын хий олборлох технологийн ачаар тус улсын хийн нөөц гурав гаруй дахин нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байна. АНУ дэлхийн томоохон нефть хий импортлогч болсноор Ойрхи Дорнодын орнууд эдийн засгийн бодлогоо шинэчлэхээс аргагүйд хүрнэ гэж шинжээчид таамаглаж байгаа ажээ.
Дэлхийн бусад чиг хандлагын тухайд “лалын шашинтнуудын терроризм” байхгүй болно гэж NIC-ийн шинжээчид таамаглаж байна. Гэхдээ терроризм байсаар байх бөгөөд “террорист ажиллагаа явуулах аргаар эдийн засгийг тогтворгүй байдал үүсгэх явдал нэмэгдэнэ” гэж илтгэлд дурджээ.
NIC-ийн шинжээчид мөн Ази, Ойрхи Дорнодын орнуудад болж буй зэвсэгт мөргөлдөөнд цөмийн болон биологийн зэвсэг хэрэглэж магадгүй гэж таамаглаж байна. Гэхдээ цөмийн зэвсгийг дайснаа устгахад бус харин дайсныхаа холбоо харилцаа, удирдлагын төвийг ажиллагаанаас гаргахад ашиглэх гэнэ.
“Дэлхийн чиг хандлага 2030: Өөр ертөнц” илтгэл нь Үндэсний тагнуулын зөвлөлөөс бэлтгэж буй тав дахь илтгэл юм. Дэлхийн чиг хандлагын талаарх өмнөх судалгааг 2008 онд бэлтгэж байжээ.
Д.Жаргал

Montsame


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих