Шейхуудын шонхорыг ”тансаглуулсан” гурван тэрбум буюу төлөөс нь юу вэ

Арабууд Монголчуудад тусалж байна л даа. Гэхдээ тэд орох оронгүй ядуу иргэдэд, асрамжийн төвд хайр халамжаар дутаж буй бяцхан жаалуудад, амьдралаа авч явах гэж гадаа гандаж, хөдөө хөхөрч буй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бус харин өөрсдийн үндэсний шүтээн, бэлгэ тэмдэг хэмээн толгой дээрээ залсан шонхор шувуунд туслахаар 3.3 тэрбум төгрөгийг манайханд май гээд өгчихөж байна. Энэ тухай манай сонин анхлан хөндөж “Шейхууд гурван тэрбумаар шонхорыг “тансаглуулсан”” нийтлэлийг хүргэв.

Үнэндээ бол энэ асуудлыг тойрсон хөндүүр сэдэв их. Хамгийн түрүүнд арабууд энэ сайхан сэтгэлийн хариуд биднээс нас залуу, цус шингэн шонхор шувуу хэдийг л бол хэдийг авна гэж томрох вий. Өчнөөн төгрөг аваад шонхорынхоо цусыг сэлбэж буй гэх бид энэ хүсэлтийг нь биелүүлэх болов уу, эсвэл “Энэ шувуу манай улсын ч бас Үндэсний бахархал” гээд тавьсан хүсэлтийг нь тас цохих уу. Ер нь бид “Үндэсний бахархалт” хэмээн зарласан шонхор шувуугаа цаашид үнэ хүргэн зарах гэж улайрсаар байх уу, эсвэл өөр арга зам хайх уу” гэх мэтээр олон асуулт урган гарч буй юм. Гэвч далдыг хардаг Далай лам биш учраас цаашид юу болох, арабууд биднээс ямар хариу нэхэхийг үнэндээ хэлж мэдэхгүй. Гэхдээ үгүйсгэж болохгүй бодит үнэн гэвэл арабууд 1990 оноос эхлэн манай улсаас идлэг шонхор худалдаж авч, өөрсдийн зугаа цэнгэлдээ ашиглаж буй нь маргах аргагүй үнэн. Ингэхдээ тэд нас, хүйс, өнгө зүс, ид үржлийн, хамгийн хүчтэй, зоригтой гээд олны дундаас онцгойг нь сонгодог ба үүндээ ч сэтгэл хангалуун байдаг гэсэн.

Шонхортой холбоотой бас нэг баримт гэвэл манай улс 2001 оноос хойш арабуудад 2800 гаруй, энэ онд нэмж 250 идлэг шонхор барих зөвшөөрөл олгосон гээд тооцвол нийтдээ 3000 гаруй идлэг шонхорыг худалдсан гэдгийг холбогдох яамныхан хэлж байна. Тэгэхээр энэ тоо цаашид хэд ч болж мэдэх бөгөөд хэрэв арабууд “Бид наад идлэг шонхорыг чинь өсгөхөд ийм хувь нэмэр оруулсан” гээд тооцоо бодох гэвэл яаж ч хариу барих вэ гээд асуудал их. Ямартай ч манай салбар хариуцсан яамныхан шонхор шувууг “Үндэсний бахархалт” болгон зарласантай холбоотойгоор идлэг шонхрын экспортыг хориглох саналтай байна гэдгээ Засгийн газарт хүргүүлж, зарчмын хувьд дэмжсэн байна билээ. Гэхдээ эцсийн шийдвэр нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шалтгаална гэдгийг яамны түшмэд онцолсон. Яг үнэндээ энэ бол манай төр засгийн зүгээс шонхор шувуунд тавьж буй дориухан гэж тодорхойлж болох халамжийн нэгэн хэсэг бөгөөд Үндэсний бахархалт болсныг нь эс тооцвол энэ амьтныг хайрлаж хамгаалах асуудал өнгөрсөн хугацаанд ямар түвшинд байсан нь бүрхэг. Харин арабууд энэ асуудалд анхаарч идлэг шонхорын тоо толгойг нэмэхэд зориулан 3.3 тэрбум буюу “Хиймэл үүр” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ бол таатай мэдээ. Гэхдээ гүйцэтгэл нь хэр бол. Үнэндээ энэ төслийг хэрэгжүүлэгчид магтах үгээ олж ядаад байгаа болохоос бус нийгэмд энэ төслийн талаар тийм ч сайнаар ярихгүй байгаа нь үнэн. Энэ төсөл хэрэгжиж буй аймаг, сумын нутаг буюу үүрний ойролцоо нутагладаг малчид л гэхэд “Идлэг шонхор ямбатай шувуу. Тэр нэг сейф шиг юманд орж харагдахгүй л байгаа юм даа” хэмээн хар бараагүй өгүүлцгээсэн бол яамны зарим мэргэжилтэн болон тус салбарын мэргэжилтнүүд энэ төслийн хэрэгжилтэд сэтгэл дундуур байгаагаа дуулгасан.

Харин энэ төслийг гардан гүйцэтгэдэг гэх Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийнхөн “Манай улс идлэг шонхорын худалдааг хийж, энэ нь Ховор амьтан, ургамлыг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн (CITES) дагуу зохицуулагддаг болсон. Манай улс идлэг шонхорыг барих, улмаар Арабын орнуудын шонхороор ан хийлгэдэг хүмүүст экспортлох зөвшөөрлийг худалддаг. Хэдийгээр Абу Дабигийнхан манай улсаас идлэг шонхор худалдаж авдаггүй энэ төсөл нь зөв зохистой ашиглалт болон худалдааг хөгжүүлэхэд зориулагдсан. Энэ нь эргээд идлэг шонхорын хамгаалалд маш их ач тустай. Нэгэнт энэ мөнгө Монголын Засгийн газрын гараас гараагүй, Өр биш” гэсэн байдлаар асуудалд хандаж байгаа юм. Мэдээж ан, амьтнаа хамгаалах хүсэл зорилготой, дээр нь ийм төсөл боловсруулж буй нь сайшаалтай ч хийсэн ажил бүр нь шүүмжлэл дагуулаад буйд л асуудлын гол байгаа юм. Энэ тухай ганцхан жишээ хүргэхэд энэ төслийнхөн тайландаа “Шонхор шувууны үүрийг дахин боловсруулсан ган торхоор урлаж, гурван мм-ийн зузаантай металл хуудсаар төмөр торхны амсрыг хэмжиж, голд нь нүх гаргасан. Ингэхдээ идлэг шонхрын далавчийг гэмтээчихвий гэсэндээ хурц ирмэгийг нь мөлийлгөсөн, үүрнээсээ салхинд хийсээд уначихна гэж хаалт болгож гурван ширхэг металл титэм хийсэн болно” гэж ирээд хачин гоёор танилцуулсан ч төслийн үүр иймэрхүү дүр зурагтай байна.

Мөн мэргэжлийн хүмүүс нь “Шонхор шувуу энэ үүрийг голохгүй. Тэгээд ч үржлийн үедээ буюу дөрвөөс наймдугаар сард үүр хавиараа байдаг. Тиймээс үр төл нь халаад, хайруулаад байх асуудалгүй. Мөн үржлийн бус цагаараа үүрэндээ байдаггүй” гэсэн мэдээллийг өгч, 3.3 тэрбумын яг хэдэн юунд зарцуулагдаад буйд тайлбар өгөхгүй байгаа юм. Ямартай ч Амьтны аймгийн тухай хуульд заасан ангиллын дагуу идлэг шонхор нь элбэг тархацтай ангилалд багтдаг тухай мэргэжилтнүүд хэлж байна. Мөн Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг худалдаалах тухай олон улсын конвенцийн II хавсралтад бүртгэгдсэн гэдэг утгаараа энэ шувууг арилжааны зориулалтаар барих эрх нь нээлттэй хэмээсэн бид энэ сэдвийг эргэн хөндөх болно.

Л.Оюунгэрэл

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих