Ялтай байдал нь хөдөлмөрлөх эрхийг хязгаарлахгүй
Швейцарийн хөгжлийн агентлаг, Хүний эрх мэдээллийн төв төрийн бус байгууллагаас “Хорих байгууллагуудын шинэчлэл ба чадавхижилт” хэлэлцүүлгийг өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, ХЭҮКомисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хөдөлмөрийн яам, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Хэлэлцүүлгийн үеэр “Хорих байгууллагын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”, “Ялтай байдал нь хөдөлмөрлөх эрхийг хязгаарлахгүй “Эрх зүйн шинэчлэл ба хорих газар” зэрэг илтгэлийг дээрх байгууллагын удирдлагууд тавьсан юм.
Энэ хэлэлцүүлгийн үр дүнд Монгол байгаа хорих газруудын үйл ажиллагааг шинэчлэх болон нийгэмшүүлэхийг зорьж байгаа юм. Монголд хамгийн их дутагдаж байгаа зүйлийн нэг бол хорих газар. Дэлхийн стандарттай хорих газар нэг газар төвлөрч байдаг бол Монголд энэ нь эсрэгээрээ байдаг. Энэ хэлэлцүүлгийн үеэр Хорих газрыг нэгтгэх талаар албаны хүмүүсээс тодруулсан юм.
Хүний эрх мэдээллийн төвийн дарга В.Бадамсувд
-Хэлэлцүүлгийн гол зорилго нь юу вэ?
-Өнөөдрийн хэлэлцүүлгээр хаана хэнтэй хамтарвал энэ асуудлыг шийдвэрлэх чадах вэ гэсэн асуултын үр дүнд энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ бол албан ёсны хэлэлцүүлэг биш зүгээр чөлөөт хэлэлцүүлэг юм. Хорих байгууллагуудын шинэчлэлийг хэлэлцэх асуудлаар Хууль зүйн яам, ХЭҮКомисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хөдөлмөрийн яам, Цагдаагийн ерөнхий газруудаас төлөөллүүд хүрэлцэн ирж энэхүү асуудлаар илтгэл тавьж байгаа.
Гол зорилго нь хоригдож байгаа хоригдлуудын нийгмийн асуудал, тулгамдаж байгаа зүйлийг нь орхигдуулахгүйгээр байгууллагуудад цаг алдалгүй мэдээлж, хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцож байна. Энэхүү асуудал үр дүнтэй болно гэдэгт итгэж байгаа.
-Өмнө нь иймэрхүү хэлэлцүүлэг болж байсан уу?
-Ийм олон төрийн байгууллага оролцсон хэлэлцүүлэг бол явагдаж байгаагүй. Харин манай байгууллага болох Хүний төлөө газраас байнга хоригдож байгаа хоригдлуудтай уулзалт зөвлөгөөн хийгддэг.
-Энэ хэлэлцүүлгийн үр дүнд хуулийн заалтад шинэ өөрчлөлт оруулах боломжтой юу. Энэ талаар хэрхэн хандаж байна?
-Ялтныг нийгэмшүүлэх гэдэг асуудал мэдээж улс төрийн томоохон асуудлын нэг. Энэ хэлэлцүүлэгт хэрэгжих магадлалтай, шийдвэрлэх боломжтой асуудлын талаар хуульд оруулах замаар хэлэлцэх болно. Хамгийн чухал зүйл бол үр дүнд хүрнэ гэж дүгнэж байгаа.
-Ял эдэлж байгаа хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн талаар хэрхэн шийдвэрлэж байна?
-Ялын хугацааны үеэр хүмүүжигчийг цалинтай ажил эрхлүүлдэг. Тэгэхдээ энэ асуудал одоогоор маш учир дутагдалтай байгаа. Бүх хоригдлууд ажил эрхлэх боломжгүй байдаг.
-Хоригдлуудын хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн шийдсэн бэ?
-Хоригдлуудын хөдөлмөр эрхлэлтийн талаар өмнө нь сургалтын нэгдсэн журмаар явагддаг. Анги тус бүр дээр нь мэргэжлийн дэвших сургалтууд явагдаж байдаг. Хоригдлуудын хугацаа дуусахад төрийн байгууллага болон хувийн байгууллагууд ял эдэлж байсан хоригдлуудыг ажилд авах сонирхолгүй байдаг. Энэ талаар цааш ярих болно. Өмнө нь бол хугацаа нь дуусаад гарсан хоригдлууд маань ихэнхи нь ажилтай болсон гэсэн судалгаа байгаа.
-Үр дүнгийн талаар сонирхуулаач?
-2007-2009 онд өршөөлийн хуулиар хүүхдийн хорих газраас нийт 100 хүүхэд гарсан байгаа. Энэ хүүхдүүд маань ихэнхи нь ажиллаж байгаа. Өршөөлөөр суллагдсан 100 хүүхдийн хоёр нь давтан хэрэг хийж эргэн ирсэн.
-Ял эдэлж байсан хүмүүс нийгэмд гараад ажилд орох гэхэд ял эдэлж байсан талаар мэдээлэл ирдэг. Энэ асуудлыг нийгмээс нууцалж болдоггүй юм уу?
-Ялтныг нийгэмд гаргах гэдэг хамгийн чухал зүйл байдаг. Энэ асуудлыг яриад өнгөрөх биш цаашид дээд байгууллагуудад уламжлан хүргэх болно. Мэдээж иймэрхүү томхон асуудлыг манай байгууллага дээш уламжлан шийдвэрийг гаргах байх.
Энэхүү хэлэлцүүлгийн хамгийн чухал зүйл бол нийгэмд гаргахад хоригдлуудыг бэлтгэх болон хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөх нь өнөөгийн Монгол оронд хамгийн чухал зүйлийн нэг хэмээн мэдэгдсэн юм.
ШШГЕГ дарга хурандаа П.Хосбаяр
-Хоригдох хугацаа нь дууссан нийт хоригдлууд нийгэмд гараад ажлын байраар хангагдаж чадаж байна уу?
-Нийгэмд гарсан нийт хоригдлууд 100 хувь хамрагдаж чадахгүй байгаа. Хууль зүйн шинэчлэлийн хүрээнд хорих байгууллагуудыг шинэчлэх, гэрч хоригдлуудыг хамгаалах талаар шийдвэрлэгдэж байна. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн ажлын хэсэг комиссын хууль зүйн туслалцаа ажлын хэсэгт орж байгаа багц хуулиудад бүгдэд нь орж байна.
Хууль зүйн яамнаас найман багц хуулиудад хорих газруудын удирдлагуудад хүний эрхийн талаар үнэлэлт дүгнэлт өгөх дүн шинжилгээ хийлгэх бусад орнуудын хорих газруудтай адилхан түвшинд байна уу гэдэг асуудал гарч ирж байгаа учраас хорих газруудын удирдлагуудыг оруулж ирж байгаа юм.
-Хорих газруудын дарга нар ямар байр суурьтай байгаа вэ?
-Одоогоор хэлэлцээний шатанд явагдаж байгаа. Тэгэхдээ саналаа өгч байгаа. Хэрвээ анхны хууль нь гарвал хуулийн төслүүдийг танилцуулах болно.
-Тодруулбал Налайхад 3000 хоригдлын хорих байр байдаг, хүмүүсийн хандлага нэг газар олон хоригдлуудыг нэгтгэвэл асуудал их гардаг гэж байсан. Ер нь гадаадын орнуудад ямар байдаг юм бол?
-Нэг газар төвлөрсөн байдал бол дэлхийн стандарт зүйлийн нэг. Төлбөр санхүүгийн талаар бол төвлөрч байх нь зүгээр. Монгол Улс шиг тарсан хорих газруудтай байгууллага бол их ховорхон байх. Хэрвээ бүхэлд нь шийдэх бол үйлдвэр, чөлөөт цагаа өнгөрөөх газрыг хамт байгуулах нь маш зөв шийдвэр юм.
-Хоригдох хугацаа нь дууссан нь хоригдол нийгэмд гараад ажиллах нөхцөлийг танай байгууллага хэрхэн шийдэж өгдөг вэ?
-Манай байгууллага хоригдох хугацаа нь дууссан хоригдлыг нийгэмшүүлэх талаар байнга анхаардаг. Хоригдох хугацаа нь дуусахаас сарын өмнө сургалт зохион байгуулдаг. Үүний үр дүнд нийгэмд дахин хөл алдахгүй байхад нь тусалдаг.
Б.Дэлгэрцэцэг
Эх сурвалж: “Нийслэл Таймс”
URL: