Хөгжлийн асуулт
Ямарваа нэгэн юмны гаргалгааг гаргаж хариулт олохын тулд ямар ч гэсэн эхлээд асуулт олох хэрэгтэй” хэмээн нэгэн суутан хэлсэн байна. Надад л цэцэн мэргэн санагдах энэ үг хөгжил гэдэг зүйлийн хариултыг олохын тулд асуултаа олох хэрэгтэйг харуулж байна.
Өөр хэн нэгнээс гэхээсээ илүүтэйгээр өөрөөсөө асуух ёстой асуултууд гэж байдаг. Бид хэзээ ч нэг хэвээрээ байдаггүй харин үргэлжид өөрчлөгдөн хувьсч байдаг. Гэхдээ зөвөөр өөрчлөгдөхийн тулд өөртөө зөв асуултыг тавих ёстой болдог байна.
Чухамдаа олон зуун жилийн турш хүн төрөлхтөн өөрөөсөө асуусан боловч хариулт нь төдий л тодорхой болж чадаагүй асуулт бол “Би хэн бэ?” Энгийн юм шиг хэрнээ их олон зүйлийг өөртөө агуулдаг энэ асуултын хариултыг хөгжлийг хүсэгч хүн бүр өөрөөсөө асууж хариултаа олох нь зүйн хэрэг.
“Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал” номын зохиогч Стивен Кове зорилготой хүний хамгийн анх өөрөөсөө асуух асуулт бол “Би ямар зорилготой вэ?” гэдэг асуулт биш харин “Би яг одоо хаана байна вэ?” гэсэн асуулт байдаг хэмээжээ. Мөн эртний нэгэн сургаалд “Хаана байгаагаа мэдэхгүйгээр хаашаа очихоо бодох нь тэнэглэл” хэмээжээ. Энэ бүхнээс дүгнэвэл та өөртөө зорилго тавин хөгжихийг хүсч байгаа бол өөрийнхөө хаана байгааг эхлээд тодорхойлох ёстой болдог.
Тиймээс хөгжихийн тулд өөрөөсөө асуух 2 дахь асуулт бол “Би хаана байна вэ?” Харин үүний дараа мэдээж “Би хаана очих вэ?” гэсэн асуулт тавигдана. Энэ асуултын хариултаа зөв олоогүй олон хүн буруу амьдарч, алдаа гаргаж, амьдралаа тэр чигээр нь үрэх явдал ч бий. Тиймээс нухацтайгаар сайн бодох асуулт бол 3 дахь асуулт юм.
Биднийг адгууснаас ялгадаг хамгийн чухал зүйл бол сэтгэн бодох чадвар ба түүнээс дагаж үүсдэг бусдын төлөөх сэтгэл юм. Таныг ямар нэгэн зүйл амжилтанд хүрэхэд чинь нөлөөлж таарна. Харин тэр амжилтынхаа оргилд удаан байхыг хүсвэл хүн чанар л танд тус болно. Олон мянган жилийн турш амьдралаар туршигдсан энэ үнэнээс хэн ч зугатааж чадахгүй. Тийм ч учраас дараагийн өөрөөсөө асуух асуул бол “Энэ зүйлийг би юуны төлөө хийж байна вэ?”
Эцэст нь та хэн байх нь чухал биш, харин болох нь чухал энэ тэр гэсэн худал үгнээс бологоомжил. Хэн болох нь ч, одоо хэн байгаа нь ч нэгэн ялгаагүй чухал зүйл юм. Тиймээс та хөгжихийг хүсч байгаа бол дараах 4 асуултыг өөрөөсөө асуугаарай.
1. Би хэн бэ?
2. Би яг одоо хаана байна?
3. Би хаана очих вэ?
4. Энэ зүйлийг юуны төлөө хийж байна?
Онгоц газарт байхдаа аюулгүй байдаг ч тэр нисэхийн тулд л бүтээгдсэн байдаг.
Ү.Амарбат
URL: